Дэлхийн хөлбөмбөгийн од, Португалийн хөлбөмбөгчин Кристиану Роналду 35 настай. Түүний биеийн өндөр 189 см, 85 кг жинтэй.
Роналду 2018 онд буюу 33 насандаа Мадридын “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Яг одоогоор миний биологийн нас 23. Дахиад хэдэн жил шигшээдээ тоглоно. 41 нас хүртлээ тоглох бодолтой” хэмээжээ. Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналдуд хийсэн эмнэлгийн шинжилгээ нь “Ювентус”-ын эмч нарыг цочирдуулсан. Тодруулбал, 2018 онд Роналду “Ювентус”-ын эмчийн үзлэгээр орсны дараа Биологийн нас 23, тэрээр ДАШТ-д Испаний эсрэг 33.98 км/ц хурдтай гүйсэн, түүний үсрэлт ердийн NBA тоглогчтой харьцуулахад долоон сантиметр өндөр гэж тодорхойлогдож байв.
Тэгвэл Монгол Улсын иргэн 35 настай Батдоржийн Бат-Эрдэнэ төрийн албан хаагч. Биеийн өндөр 175 см, биеийн жин 96 кг. Тэрээр хувийн машинтай болохоор тэр бүр алхдаггүй. Б.Бат- Эрдэнэ спортоор хичээллэдэггүй, тамхи татдаг, архийг тохируулж хэрэглэдэг. Түүнд эмч нар таргалалттайгаа тэмцэн жингээ хасахыг зөвлөдөг. Дэлхийн алдарт хөлбөмбөгчинг улсынхаа иргэнтэй зүйрлэсэн нь хөдөлгөөн хэдий чухал болохыг тодотгох гэсэн жишээ байлаа. Тамирчин шиг биологийн насаа урагшлуулдаггүй юмаа гэхэд л бидний ярьдгаар “насандаа байхад” дасгал хөдөлгөөн хамгийн эхний алхам юм. Эрүүл иргэн байхын төлөө хүн бүр өөрсдөө хичээх хэрэгтэй хэдий ч энэ чиглэлд мэргэжлийн байгууллагаас юу хийдэг вэ.
Г.Одбаатар: Иргэдийн бие бялдрын сорилыг шинэчлэн тогтооно
Тэрээр “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого шинэчлэгдэж батлагдсан. Түүнийгээ дагаад хөтөлбөр, төлөвлөгөө батлагдан ажиллаж байна. Бид бодлого болон хууль эрх зүйн хувьд нийт ард иргэдийнхээ эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнөөр зөв хичээллэх дадал хэвшил болгоход гол зорилгоо тавьж байгаа. Үүний хүрээнд хэд хэдэн ажил хийгдэж байна. Нэгдүгээрт хүн амын бие, чийрэгжилтийн сорилыг сүүлийн 10 жилд авч ирснийг өнгөрсөн жилээс стандарт боловсруулахаар эрх зүйн акт нь шинэчлэгдсэн. Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийг тогтоох стандартыг боловсруулах түүвэр судалгааг 6-64 насны иргэдийг хамруулан таван аймаг, таван дүүрэгт хийсэн. Энэ судалгааны үндсэн дээр стандарттай болно. Стандартаа дагаад зөвлөмж гарын авлага, удирдамж баримт бичгүүд гарч ирнэ. Ингэснээр хүн өөрөө бие бялдраа хөгжүүлэх, чийрэг байх, аливаа нэгэн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өөрийгөө хянах ёстой аргыг нь зааж өгье гэж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн цөм хөтөлбөрт суралцахуйн зорилт болоод орсон хэрэгжиж байгаа. Тиймээс цэцэрлэг, сургууль, оюутан залуусын дунд өөрийгөө биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хянадаг аргыг нь зааж өгье. Энэ аргыг өдөр тутамд хэрэглэдэг больё. Түүнийгээ бусадтай харьцуулдаг больё, бусдадаа зөвлөж тусалдаг больё гэсэн ажлуудыг хийж байна.
Өмнө нь энэхүү сорил хэд нь А-F үнэлгээ авав гэдгийг мэдээлдэг программтай байсан. Одоо үүнийгээ шинэчлээд Одбаатар гэдэг хүн хэдэн настай, таны насны хэдэн хүн Монголд байгаа, та хэдэд нь явж байна. Таны уян хатан болон хурд, хүчний чадвар биеийн жин алдагдаж уу гэдэг үнэлгээ хийгддэг сорил болж байгаа. Ингэснээр иргэд өөрийгөө хянан биеийн аль хэсгээ хөгжүүлэх үү, жиндээ хэрхэн анхаарах уу, тэсвэрийн чанар ямар байна, алхах гүйх ямар дасгалыг хийвэл зохилтой гэдгээ мэднэ.
Мөн энэхүү сорилоор тодорхой суурь өвчнүүд илэрч гарна. Жишээ нь, нуруу болон эд эрхтний үений өвчлөлүүдийн үед хийхэд тохиромжтой дасгал хөдөлгөөнүүдийг суулгасан программыг иргэд ашиглах боломж нээгдэнэ. Одоо манайд цахим сангийн эдийн засгийн үзүүлэлт хийгдэн судалгаа нь батлагдсан. Тендер зарлагдан программ хангамжийн компанитай хамтран хоёрдугаар сараас программаа шинэчилж байна. Нэгдүгээр улиралд шинэчилж дуусвал бид ирэх тав, зургаадугаар сараас энэхүү программыг ашиглах боломжтой болно” гэв.
Өмнөх онуудад хийсэн сорилын үр дүнг харьцуулдаггүй байжээ. Учир нь уг сорилын үзүүлэлтийн үр дүн ч алдаатай байсантай холбоотой гэнэ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдаасаа сорил аваад шивж оруулахдаа алддаг, мөн өмнөх жилүүдийнхээ сорилыг давтан оруулдаг байсан гээд сорилын үр дүнг бодит хэмээн хэлэх боломж хомс байсан учраас тухайн онд хэдэн хүн сорилд хамрагдаж ямар үнэлгээ авсныг л мэдээлдэг байж. Харин энэ удаагийн сорилоос аргачлалыг өөрчлөн түүний дүнгээс стандарт боловсруулж гаргаснаар дараа дараагийн жилүүдэд харьцуулалт хийн бодит үр дүн гаргаж, нийтийн хүртээл болгоход үр өгөөжөө өгөх аж.
Нэг жишээ дурдахад сүүлийн жилүүдэд иргэдийн дунд халдварт бус өвчлөл, тэр тусмаа нурууны үений суулт ихсэх хандлагатай байгааг эмнэлгийнхэн хэлдэг. Тэгвэл энэхүү сорилд хүүхэд, залуусаас турниктэй дасгалыг хэрхэн гүйцэтгэж байгааг оруулж өгснөөрөө тухайн өвчлөлийн үед турник дээрх дасгал сургуулилтыг боловсруулахад дөхөм болж байгааг албаныхан дурдсан юм.
Цаашид магадлан итгэмжлэгдсэн клубүүдийн тоог нэмэгдүүлэх гэнэ. Мөн нийт иргэдийн дунд төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна. Ялангуяа алхалт, гүйлт, дугуй, явган аялал, олныг хамарсан гранд гольф төрлүүдийг түлхүү хөгжүүлэхээр шийдээд байгаа аж. Түүнчлэн олон улсад зохион байгуулагддаг гэр бүл найз нөхдөөрөө оролцох боломжтой “Өртөөт марафон” шинэлэг үйл ажиллагааг өнгөрсөн жил Багануур дүүрэгт зохион байгуулсан бол энэ жил улс орон даяар 21 аймаг, есөн дүүрэгт зэрэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ бүхний цаана иргэд өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хэрэгцээний хэрээр зөв сонгож авах, олон төрлийн арга хэмжээнүүдээ хувилбартай сонгох боломжуудыг олгож байгааг салбарынхан онцлов.
Дахин нэг жишээ дурдахад, суудлын хэмээх өвчлөл нэмэгдэж байгаа учраас хуучны “16 тоот дасгал”-ыг эргэн сэргээжээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн спортын сувагтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн их завсарлагааны цагаар байнга 16 тоот дасгалыг явуулж байгаа аж. Мөн ажлын байран дахь дасгалыг үдийн цайны цагаар цацдаг болсон. Хэдийгээр энэ хөтөлбөр тогтмол цацагдаг болоод хоёр дахь жилтэйгээ золгож байгаа ч албан байгууллагынхан төдийлөн анзаарч дагаж хийдэггүй гэв. Биеийн тамир спортын газраас албан байгууллагуудыг үдийн цайны цагаар энэхүү хөтөлбөрт хамрагдан өөрийн ажлын байрны дасгалтай болохыг уриалж байгаа аж.
Түүнчлэн халдварт өвчлөлийн үед иргэд дархлаагаа хөдөлгөөнөөр дэмжих ёстой. Ингэхийн тулд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан орчинд мэргэжлийн эмч, багш, дасгалжуулагчийн удирдлага дор өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй.
Эцэст нь төрөөс 2018 онд спорт клубүүдийг магадлан итгэмжилсний дагуу эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилгээ үзүүлэх журам батлагдсан. Уг журмын дагуу өнгөрсөн онд 13 клубийг магадлан итгэмжилж иргэд ЭМД-аараа гурван сар хичээллэн 60 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдээд байгааг дуулгая.