УИХ-ын гишүүний албан тушаал ашигтай байхаа болино

Улстөрчид УИХ-ын гишүүн болохын төлөө хамаг хөрөнгө, мөнгө, цаг заваа дэнчинд тавин зүтгэж байна. Зүтгэсээр ч ирсэн. Эндээс “Яагаад ингэж үхэн хатан зүтгээд байна вэ” гэсэн асуулт гарч ирнэ. “Энэ үнэхээр цалин өндөртэй ажил уу” гэвэл тийм биш.

УИХ-ын гишүүн жилд дунджаар 20 сая хүрэхгүй төгрөгийн цалин авдаг гэсэн мэдээлэл бий. Тэд ч өөрсдөө ингэж хэлдэг. Ийм цалин авахын төлөө, УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалингаас ч хэд дахин их, зуу зуун сая төгрөг зарцуулан сонгуульд оролцохоор зүтгэцгээж байна. Яагаад тэр вэ. Алдар нэр хөөж үү, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэж үү. Аль аль нь л байх. УИХ-ын гишүүнийхээ давуу байдлыг ашиглаж хувийн бизнесээ тэтгэх боломжтой болдог нь концесс, ЖДҮ-гийн асуудлаар өнгөрсөн хугацаанд тодорхой болсон. Ийнхүү УИХ-ын гишүүн хэмээх нэрийн хаялгийг шууд хүртэхээс гадна ах дүү, хамаатан садан, найз нөхдөө албан тушаалд томилуулах боломжтой болдог учраас зүтгэж байгаа нь тэр. Харин одоо энэ байдал өөрчлөгдөх эргэлтийн цэг дээрээ ирчихээд байна.

УИХ-ын гишүүн гэдэг ашигтай бус айдастай ажил болов

Мэдээллийн технологи хөгжиж олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүдийн үг, үйл хөдлөлд тавих хяналт сайжирснаар давуу байдлаа ашиглах боломж нь хумигдав. Ашиглалаа ч “Хэзээ баригдах бол” гэсэн мөнхийн айдастай явах, цаашлаад хууль шүүхийн байгууллагын хаалга татаж УИХ-ын гишүүн гэх эрхэм алдраа алдаад зогсохгүй хамгийн том үнэт зүйл болсон нэр хүндээ алдах эрсдэлтэйг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлууд хангалттай харууллаа. Энэ УИХ-аас л гэхэд гурван гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, нэрээ хугалав. Ийнхүү УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал нь ашиг харсан хүнд айдас дагуулсан суудал болж хувирлаа. Тиймээс цашид УИХ-ын гишүүн болох гэж зүтгэх, зүтгэлээ ч нэр хүнд, давуу байдлаараа ашиг олох гэсэн хүмүүсийн тоо багахан хэмжээгээр ч болов цөөрөх болов уу.

Мөн энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх хязгаарлагдаж байгаагаас гадна, хууль бус хөдөлгөөн хийх боломжийг нь хумьсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байна. Тус хуулийг баталснаар сонгуулийн дараа байгуулагдах УИХ-ын гишүүд ямар дүрмээр тоглох нь тодорхой болох юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүд сайдаар томилогдох боломж нь хязгаарлагдаж байгаагаас гадна, сайд нарыг томилох замаар дэмжиж аяганы хариу нэхэх, төсвийн зарлагыг хүссэнхэмжээгээрээ нэмж өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, хүссэн хуулиа санаачлах, батлах эрхгүй болж байгаа юм.

Мөн өргөсөн тангаргаасаа няцах, хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд бүрэн эрхээсээ хялбархан чөлөөлөгдөхөөр болж байна.

Тангаргаасаа няцвал хариуцлага хүлээнэ

Сонгуулийн дараа шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр өмнөх УИХ-ын бүрэн эрхээ хугацаа дуусаж, дараагийнх нь бүрэх эрх хэрэгжиж эхэлдэг.

Өмнө нь УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө тангаргийн үгээ бөөнөөрөө уншдаг, тангаргаа зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх нь тодорхой бус байлаа.

Харин энэ удаад гишүүн тус бүр нэг нэгээрээ тангаргийн үгээ уншиж түүнээсээ няцсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг болно. Тангараг өргөхдөө “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чинь шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн тангараг өргөдөг байсан бол тангаргийн үгэнд өөрчлөлт оруулж, төрт ёс түүхэн соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэсэн агуулгыг нэмжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тус хуулийн 29.3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалт оруулсан юм.

Томилогдох, томилгоо хийх эрх хязгаарлагдана

Няцсан тохиолдолд ямар ч хариуцлага хүлээхгүй УИХ-ын гишүүний тангараг өргөсөн түшээд сайдаар томилогдохын төлөө зүтгэцгээдэг. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд л УИХ-ын гишүүн байж болно. Ингэснээр УИХ-ын гишүүдийн сайд болох боломж хумигдаж байгаа юм. Үүнийг дагаад төсөв захиран зарцуулах, томилгоо хийх боломжууд нь хязгаарлагдана гэсэн үг.

Өөрөө сайд болж чадаагүй ч сайдаар томилогдох хүнийг дэмжсэнийхээ төлөө ашиг хүртэж, хувийн бизнесээ дэмжүүлэх, ойр дотнын хүмүүсээ төрийн албанд томилуулах алхам хийдэг байв.

Гэвч 2020 оны сонгуулийн дараагаас Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг, сайд нараа өөрөө огцруулдаг болсноор УИХ-ын гишүүдийн сайд нарын томилгоонд оролцох оролцоо буурна. Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө сонгож УИХ-д танилцуулан томилох юм. Өмнөхийн адил сайд нарыг томилохдоо нэг бүрчлэн санал хураалт явуулахгүй. УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асуух, саналаа хэлэх л эрхтэй.

Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх эрхгүй болов

УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг батлахдаа зарлагын хэмжээг хүссэнээрээ өөрчилж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргадаг байлаа.

Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр хүссэнээ хийх, түүнээсээ ашиг унагах, тойрогтоо бүтээн байгуулалт хийсэн болж харагдах боломж байв. Энэ боломжийг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хязгаарласан. Учир нь, “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулсан юм.

Хүссэн хуулиа санаачилж хэдүүлхнээ батлах боломжгүй

УИХ-ын гишүүдийн хүссэн хуулиа санаачлан батлуулдаг явдалд хязгаарлалт хийнэ. Үндсэн хуулийн 26.1-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн заалт оруулсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хязгаарласан заалт оруулжээ. Уг хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ тухай дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: -УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн хүрээг тодорхойлж, хязгаарлалт хийж байгаа. Өмнө нь гишүүн бүр хүссэн хуулиа санаачлах эрхтэй байсан бол одоо төсөв, санхүү, татвар, хөгжлийн бодлого, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, мөнгөний бодлоготой холбоотой хууль санаачлах эрхгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл, гишүүдийн хууль санаачлах эрхийг нь хязгаарлах заалтууд УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон.

УИХ-ын гишүүд ийнхүү хүссэн хуулиа санаачлах эрхгүй болсноос гадна санаачилсан хуулиа хялбархан батлуулах боломжгүй болж байгаа юм. Тодруулбал, УИХ хууль, тогтоолын төслийг нийт гишүүдийн олонх буюу 39 болон түүнээс дээш гишүүдийн саналаар батлах заалтыг Үндсэн хуульд оруулсан. Ингэснээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 20 гишүүн чуулганы хуралд суугаад хууль баталдаг тогтолцоо өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд хүссэн хуулиа санаачлахаас гадна санаачилсан хуулиа хэдүүлхнээ суугаад баталдаг явдал энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаатай хамт дуусгавар болж байна.

Ажиллах хугацаа нэмэгдэж, амрах хугацаа богиносов

УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг байсан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 75-аас доошгүй ажлын өдөр хуралддаг байхаар болсон. Энэ зохицуулалтыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахдаа намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 1, хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 1 хүртэл хуралдуулж байхаар зохицуулжээ. Ингэснээр УИХ-ын гишүүдийн цагт баригдахгүй ажиллах болон амралтын хугацаа богиносож байгаа юм.

Энэ мэтээр УИХ-ын гишүүдийн дураараа авирлах, ашиг хонжоо хайх боломж хумигдаж байна. Гэхдээ батлагдсан хуулийг ягштал биелүүлбэл шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Одоо ард түмэн ухаажсан. Хар пиараар толгойгоо эргүүлдэг ч өнгөрсөн. Их хуралд улс орны төлөө зүтгэх гэсэн Эсвэл бүр тэнэг гэсэн 2-англалаар л орно.

    0 0 Хариу бичих
  2. Odoo chanargui heregjdeggui hend ch hereggui huuliudaa bugdiig ni tsutslaad,chanartai uls ih ornii erh ashigt niitssen huulia yagshtal barimtluulaad yavuul taarahiin,deerees ni ene ih hurald suuh geed bga sdanuudiig olon shalguuraar shalgaj oroltsuuldag bolmoor bn

    0 0 Хариу бичих
  3. Зөв. Шорон руц явах дамжин өнгөрөх бллох нь дээ хулгайчдын хувьд.

    0 0 Хариу бичих