Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтуудтай холбогдуулан иргэдээс ирсэн гомдлын дагуу хэд хэдэн маргаан үүсгэжээ. Цэц өнгөрсөн долоо хоногт хуралдаж "УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн дүгнэлт гаргасан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” хэмээн заасан бол 28.3.1-д “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх” гэж заасан юм. Энэхүү хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа учраас нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм. Энэ хоёр заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг Цэц хэлэлцээд Үндсэн хуулийн 16.9 болон 19.1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзэн түдгэлзүүлсэн юм. Уг дүгнэлтийг нь УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод хэлэлцээд хүлээж авахаас татгалзлаа.
Үүнээс үзвэл УИХ уг дүгнэлтийг хүлээж авахгүй бололтой. УИХ хүлээж авахгүй бол Цэц Их суудлаа хуралдуулан маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, УИХ дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож өмнөх шийдвэрээ баталгаажуулдаг. Цэц Их суудлын хурлаараа Дунд суудлынхаа шийдвэрийг өөрчилсөн тохиолдол байхгүй. Гэхдээ дээрх заалтыг нь нэгэнт хэрэгжүүлж УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэчихсэн учраас эрх баригчид Цэцийн энэ дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн бололтой. Мөн Цэцэд төлөөлөл нь хандаж маргаан үүсгүүлсэн Ардчилал шинэчлэлийн намыг УИХ-ын сонгуульд оролцуулахаар бүртгэчихсэн.
Гэхдээ сонгуулийн хуультай холбоотой маргаан үгээр дуусахгүй нь. Үндсэн хуулийн цэц ирэх тавдугаар сарын 6-нд хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болбол ирэх тaвдугаар сарын 25-наас өмнө өөрчлөлт оруулах ёстой. Учир нь, тухайн өдрөөс хэрэгжиж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт бий.
Мөн цаг үеийн шаардлагаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байна.

