Хууль зүйн байнгын хороо "УИХ-ын сонгуулийн хууль нь Үндсэн хууль зөрчөөгүй" гэж үзлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн долоо хоногт хуралдаж "УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн дүгнэлт гаргасан юм.  

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” хэмээн заасан бол 28.3.1-д “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх” гэж заасан юм. Энэхүү хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа учраас нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм.

Дээрх хоёр заалтын эхнийхээр бол 2020 оны УИХ-ын сонгуулийг товлон зарласнаас өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй гэсэн үг. Үүний дагуу бол одоо Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 36 намаас нэг нь л УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй. Энэ бол 2020 оны УИХ-ын сонгууль товлон зарлагдсанаас хойш буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилал шинэчлэлийн нам.

Нөгөө заалтаар нь бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй болон нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд хандахаас өмнө бүртгүүлсэн нам сонгуульд оролцож болохоор байна. Нам, эвслүүд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуульд оролцохоо илэрхийлж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам ч УИХ-ын сонгуульд оролцох боломжтой гэж ойлгогдохоор.

Эдгээр заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг Цэц хэлэлцээд дээрх хоёр заалт нь Үндсэн хуулийн 16.9 болон 19.1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзэн түдгэлзүүлсэн юм. Уг дүгнэлтийг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүлээж авахаас татгалзлаа. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)