Монголын ард түмнээс ял нэхэх хэрэггүй, гэмтнүүд нь байна

-Горбачев, ОХУКН, ФСБ-г Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө үү!

Цэдэнбал бидэнд нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөвгүүд охидын бэлтгэж үлдээсэн, БНМАУ-ын эдийн засаг цэцэглэж аж үйлдвэржээд дуусч байсан, жишээ нь Дархан, Эрдэнэт, Багануур, Шарын гол гэхчлэн гансран ярилцаж ял нэхэх нь нэг талаасаа байх л үзэгдэл, ардчилал эрх чөлөөний илэрхийлэл, нөгөө талаасаа XXI зууны өнөөгийн Монгол ямар ч найдваргүй болчихсон гэж үздэгийнх нь үглэл дуулал юм. Болж өгдөгсөн бол Алтан-Өлгийгөөс Бал даргыгаа амилуулж босгож аваад удирдуулъя гэх сэтгэхүй л яваад байна. 

Цэдэнбалыг цөлсөн ба нас барсан түүхийг нь дахин дахин сэргээн ярих нь хэн нэгнээс хариуцлага, ял, өс нэхэж байгаа хэрэг юм. Эх орон, элгэн садан, ард түмнээ жинхэнэ үнэн сэтгэлээсээ санан гансарсаар харийн нутагт доголон нулимстай хорвоог харамсалтайгаар орхисон Бал дарга шиг удирдагч ямар ч төрд дахин төрөхгүй, бид их том алдаа хийсэн, хамгийн муухай нь хүний нутагт цөлсөн, Бал даргад эдлүүлсэн лайгаа алтан харaaцай гэж нэрлэгчид эдлэх ээлж ирж байх шиг байна, тэднийг бурхан шийтгэнэ гэхчлэн сошиалд бичсэн нь тоймгүй. Ахмад хижээл насныхан, бас Увсын нутгийн зөвлөлийн идэвхтэнүүд бичээд байх шиг. 

Бид буруутай, монголчууд бултаараа буруутай, явж явж Монголын ард түмэн буруутай, тийм учраас ард түмнээрээ мэхийн ёслоё, эмгэнэе гэсэн уриа ч явж байна.

Түүх мэдэхгүй, түүх сонирхохгүй залуу, дунд, балчир үеийнхэнд ийм нэг хар зураг буулгахыг зорьжээ. Зүв зүгээр, ажлаа хийгээд, ард түмнийхээ төлөө сэтгэлээ чилээгээд явж байсан эрүүл саруул их удирдагч маршалыг нь ардчиллынхан хуйвалдан буулгаж хаяад, хэлмэгдүүлээд, цол шагналыг нь хураагаад, үүрд гомдоогоод, харийн нутагт (бараг шоронд) үхүүлсэн. Тэгсний төлөөсөнд өнөөгийн Монгол годройтож унах гээд байж байгаа нь энэ. Хохь нээ хохь нь. Буян заяагаа гөвчихжээ. Ердөө л энэ.

Ямар их харамсал харуусал гансрал гуниг вэ? Жил бүрийн намар төрсөн өдрөөр нь, одоо байтлаа орос эхнэрийнх нь төрсөн өдрөөр улс даяараа гашуудах буюу эсвэл дурсгалынцуглаан зохион байгуулахыг тулгаж байна. МАН ба МАХН гэсэн хоёр нам, эх оронч, үндэсний нэртэй ТББ-ууд популизмыг уралдуулан хийнэ. Агуулга нь их энгийн. Монголчууд өөдөлдөггүй, мөнгөгүй, ядуу, бүтээдэггүй, арчаагүй, өвчний үүр болж яваа нь хэн нэгнээс л болсон. Ардчилал, зах зээлээс стресстсэн тэр уур хилэнгээ уран үгээр нийгэмдээ илтгэдэг популистууд тэр “Хэн нэгэн”-ээс төмөр нударгаар өшөөгөө авахыг уриална. Уриалга нь Цэдэнбалыг санаж гансрах сэтгэхүйгээр үргэлжилнэ.

Цэдэнбал ба Филатоваг мэдэгчид ч тоогоо алдлаа. “Цэдэнбалын академи” гэж ганц ТББ-д төвлөрүүлээд боллоо гэж үзсэн чинь тэр академийн ахмадууд хорвоог орхиод дуусч байна, яг Бал даргын ар гэр, дүү, зээ, зээнцэрүүд “Цэдэнбалын академи”-ийг мэхлээчид гэж үзээд зайгаа барьчихсан, МАН дээр нь хяналтаа алдчихсан, завтай гиюүрсэн хүн олонтой учраас дурын завтай нөхөр Бал даргаар оролдож мөнгө олох, нэр сүрээ бэхжүүлэх гарц нь нээлттэй, тэгээд ардчилсан Монголд хэвлэн нийтлэх, хэвлэлийн хурал зарлах, өөрийгөө өргөмжлөх, цол шагнал, одон тэмдэг үйлдвэрлэн гаргаж тараах эрх чөлөө нь дэндчихсэн учраас “Цэдэнбалын академи”мөд хөшигний цаагуур орчих гээд хүндхэн байна. “Цэдэнбалын академи”-д би гавьяа үүрүүлэх гээд байгаа юм биш. Наад юмаа хямгадаж ав, хяналтаа бүү алд, дурын нөхрийн амны зоргоор ярьдаг сэдэв биш шүү гэж хэлэх гээд байна. 

“Ажаа мама” гэх Филатовагийн гавьяаг магтагчдад хэлэх өчиг байна. Хэрэв Тэргүүн хатагтайгаар сургууль, соёл, урлаг, хүүхэд багачуудын бүх ажлыг эрхлүүлж хийлгэж байсан юм бол цаана нь Ардын гэгээрлийн яам, МХЗЭ-ийн Төв Хороо, Монголын Пионерийн байгууллага, Барилгын яам, Соёлын яам юу хийж байсан юм бэ? Филатовагийн дохио зангаа, үүрэг, даалгаврыг хүлээгээд юу ч бүтээхгүй сууж байсан болж таарах уу? Өмнөөс нь хамаг ажлыг нь хийчдэг байсан тухай улиг болтол ярьж байгаагаас тийм л дүгнэлт гарч байна.

Харин тэр Бал даргыг гомдоож үхүүлсэн гэдэг дээр Монголын ард түмэн, тэр дундаа 1990 онд ардчилсан хувьсгал хийлцсэн ардчиллынхан огтоос ял хариуцлага үүрэхгүй, тэдэнд ял тохох гэх нь туйлын утгагүй, бас туйлширсан хэрэг гэдгийг хэлэх гэсэн юм. Увсын ард түмнийг харанхуй байлгаж байгаад “Бал” гэсэн сэдвээр реклам попрол хийж, өмгөөлөгчийн дүрд тоглон ялалт байгуулан улс төрд гарч ирэх чинь бас дуусч байгаа шүү, явуургүй шүү гэдгийг Увсын гаралтай улс төрчдөд хэлэх нь зүй. XXI зуунтайгаа Та нар явцгаа хэмээн уриалан дуудъя.

Гомдоож үхүүлсэн гэдэг дээр үнэнийг өчих, ялтан нь яг хэн бэ, тэднийг яах вэ гэдэгт бодит, боломжийн хариултыг би өгье. 1984 он шүү дээ. Цагаан морин жилээс лав 6 жилийн өмнө. Монголд юун ардчилал, эрх чөлөө, хүний эрх, сураг нь ч байхгүй, хатуу төвлөрсөн коммунист тогтолцоо ноёрхож байсан цаг. Тийм учраас Цэдэнбал ба гэргийг нь гомдоосон бол 1984 оны социалист нийгэм ба түүний манлай тэр үеийн МАХН-аас хариуцлага нэхэх хэрэгтэй. Цаг үе нь 1980-аад оны эхэн. Цаг үе нь буруутдаг бол БНМАУ-ын социалист нийгэм буруутай.

Гэхдээ бас ньюанс бий. Тэр үед МАХН бол Зөвлөлтийн коммунист намын Монгол дахь салаа салбар маягтай, бүх заавар чиглэл, үлгэр дууриалыг Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намаас (ЗХУКН) авдаг, үгнээс нь гардаггүй, ЗХУКН-ын дээд удирдлага, Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ) тэр үеийн БНМАУ-ын нам-төр-засгийг хянаж залж чиглүүлж, дуртайгаа дэвшүүлж, дургүйгээ зайлуулж байсан цаг. Иймээс буруутныг МАХН-аас биш, Москвагаас хайх хэрэгтэй.

Цэдэнбалыг авч хаях зайлуулах шалтгаан ба шалтаг гэж хоёр тусдаа ухагдахуун байж таарна. Шалтгаан нь нэн том, үндэс суурь, хожим зөвтгөх бодит факт баримт. Тэр нь Бал дарга бор дарсанд (архинд) хэт орсон, эрүүл мэнд доройтсон, мартаж санадаг, хадуурдаг болсон гэх эрүүл мэндийн шалтгаан. Тэр нь 1984 оноос аль өмнө бүр 1960-аад онд Москвад мэдэгдэж, 1970-аад онд даамжирч зөвлөлтийнхний анхаарлын төвд орсон асуудал юм. Бал даргыг архины донтой болгосон нь долгинуур монголчууд биш, зөвлөлтийн Элчин, цэргийн дарга нар гээд бүр 1940-өөд оноос яригдана. Оросууд өөрсдөө тэр хүнийг архичин болгожээ гэсэн үг.

1970-аад оны сүүлчээс Цэдэнбалын өвчин даамжрахын хэрээр гэргийнх нь эрх үүрэг хэт нэмэгдэж, Монголын төрийн ажилд оролцдог, захирдаг тушаадаг болжээ. Тэр нь ЗХУКН-ын дээд удирдлага, Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хороонд тэр бүр таалагдсангүй. Ялангуяа нөхөртөө хэт ширүүлэн, нөхрийнхөө ба гэр бүлийнхээ бүх зовлон жаргал, хэрүүл тэмцлийг зөвлөлтийнхөнд мэдүүлсэн нь гол шалтаг болжээ. 

Өөрөөр хэлбэл эр нөхрөө (Цэдэнбал) зөвлөлтийнхний өмнө хэт шившиглэснээрээ хоёулаа Кремлийн өмнө нэр хүндээ алджээ. Аргаа барсан ЗХУКН-ын дээд удирдлага Төв Хорооны Улс төрийн Товчооныхоо дэргэд Цэдэлбалын асуудлаар тусгай комисс байгуулжээ. Комиссыг СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, ГЯЯ-ны сайд А.А.Громыко тэргүүлжээ. Комиссын дүгнэлт 1983 оны сүүлчээр гарчээ. Цэдэнбалыг яаралтай огцруулах, гэргийг нь Монголын улс төрөөс холдуулах. Арга зам нь: бүх албан тушаалаас нь огцруулах ажлыг тэр үеийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоогоор хийлгэх. Москвад гэр бүлээр нь нэг хэсэгтээ байлгахаас өөр замгүй гэж үзжээ. 

Ердөө болж өнгөрсөн процесс нь энэ. Буруутныг би нэрлэж байна. Гол буруутан буюу эр нөхрийнхөө нэр хүндийг Кремлийн өмнө шалд нь буулгаж шалтаг гаргаж өгсөн А.И.Филатова (1); шийдвэр гаргасан ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны комисс (2); гардан гүйцэтгэсэн СССР-ийн Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ (3). Гол буруутнууд тодроод ирлээ. 

Харийн нутагт цөллөгт зовж шаналж үхсэн гэдэг дээр бас тайлбар байна. Тэр үеийн БНМАУ-ын хамгийн дотно, ах дүү зөвлөлүүдийн эх орон, коммунизмын эх орны нийслэлд, олон өрөө бүхий орон сууц, тусгай хангамжинд, чухамдаа өөрөө хүсэн тэмүүлдэг, хоёрдугаар эх орон, хоёр дахь гэр орондоо, хайрт орос ах нарынхаа халуун өвөрт үлдэх амьдралаа өнгөрүүлжээ. Ямар юмных нь цөллөг байх билээ. Хүссэнээрээ орж гарч, идэж ууж, зугаалж, номын хоббигоо хөөж, бас тогооч, жолооч, хамгаалагчтай хангалуун явсныг гэрчүүд ярьж байна.

Өнөө цагийн гэмгүй монголчуудаас элдэв ял нэхэж, чихэнд нь хонх уяж суухаар одоо амьд байгаа дээр нь М.С.Горбачевыг тэр шударга шүүхдээ дуудна уу. Учир нь М.С.Горбачев ЗХУКН-ын Төв Хороог хэрэг дээрээ толгойлж, Генсек К.У.Черненког эмнэлгийн сэхээний өвчтөн байхад нь Цэдэнбалыг халах ажлыг араар нь гүйцэтгэсэн. 

Ял нэхэх хуулийн субъект бол ЗХУКН, одоо түүний залгамжлагч гэх ОХУКН бэлээхэн байж байна. Бас гардан гүйцэтгэсэн хуулийн субъект КГБ, түүний шууд залгамжлагч ФСБ гэж байгууллага байж байна. “Цэдэнбалын академи”, Увсын нутгийн зөвлөл гомдол гаргаж М.С.Горбачев, ОХУКН, ФСБ-г Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө үү. Гомдлыг МАН, МАХН-ын удирдлагаас дэмжсэн албан бичиг (хоёр намаас хийж өгнө гэвэл!) дагалдуулан Нидерландын Хаага хот дахь Олон улсын эрүүгийн шүүхэд явуулахад оройтоогүй байна шүү дээ! Хөдлөгтүн!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. анхнаасаа улс торийн ашиг сонирхол хэт орсон харин судлаач хун шиг унэнийг бичжээ авгай бережневийн дараа монголыын дарга нарыг ул тоодог шигээ зовлолтийхэнтэй харцаж монголыг цэдэнбал биш авгай нь удирдах болсон учраас туунээс салах арга нь тэртэй тэргуй удирдах чадваргуй болсон цэдэнбалыг албан тушаалаас буулгах монгол ируулэхгуй москвад байлгаж монголоос авгайг холдуулах зорилго тавтж туундээ хурсэн хэрэг шуудээ энд монголчууд биеэ биенээ буруутгах хэрэгуй юм

    0 0 Хариу бичих
  2. Т1 хүн ч ойлгохоор бичсэн байна даа. Юм уншдаггүй социализмын үеийн мэдээлэлээрээ яваа ахмад үе хангалттай их бий.

    2 0 Хариу бичих
  3. Үүнээс илүүгээр тайлбар авах нь илүүц юм. Ямар ойлгомжтой товч тодорхой зөв зүйтэй нийтлэл вэ. Ер нь яг л ийм юм шүү дээ залуучууд ойлгох хэрэгтэй.

    3 0 Хариу бичих
  4. Хуц тэгээд энэ 76 аа хэл мэдүү энэ улс орноо хар хар хар

    2 2 Хариу бичих
  5. ёстой ухааныг н гаргаад өглөө

    3 0 Хариу бичих
  6. Бүх үнэн энэ шүү дээ

    3 0 Хариу бичих
  7. Үнэхээр гое бичжээ

    3 0 Хариу бичих