“Сайхан бүхний эхлэл” цуврал: БИДНИЙ БҮТЭЭЖ БУЙ УЛС

Манай нийгмийн баян ядуугийн ялгаа улам холдохоос илүү “дарга ба энгийн иргэд” гэсэн хуваагдал илүү уршигтай, гутланд орсон чулуу, хүзүүнд орсон гоёо шиг л Монгол орныг сульдуулж, байранд нь эргэцүүлсээр байна. Тэрхүү баян ядуугийн ялгаа ч үүнээс эхтэй. Энэ гаж системээс болж бид юу юу алдаж байгаа юм бэ?

Үл анзаарагдах хүлээс

Хүн жунглд байхдаа хоолны төлөө, амьд үлдэхийн төлөө юу ч хамаагүй хийж болдог байсан. Олширч нийгэмшүү юм байгуулаад бусад хүний адил эрхтэй тулсан. Дараа нь хуультай танилцсан. Хүний эрх, ардчилалыг ч мандуулав. Төр гэгч нь ард түмнээ жаргаах ганцхан үүрэгтэй гэдэг нь хүн төрөлхтөний түүхээс урган гарсан "байгалийн хууль". Тэгээд ч бүх улсын үндсэн хуулинд хүний эрхийг биелдэг биелдэггүй хамаагүй тунхагласан нь бий. Манай улс харин биелдэггүйд нь орчихлоо. 

Монголын төр гэдэг нь абсолют халамжлагч гэдэг дүрийг гучин жил бүтээж, ард түмнээ найман настай хүүхэд шиг болгосныхоо дараа “амь нас, эрүүл мэндэд нь аюул бүхий байдалд зориуд" орхисон. Төр, “бид зам барьж өгсөн, цагдаагийн эргүүл гаргадаг, эмнэлгүүд ажиллуулдаг биз дээ” гэж болно. Гэтэл үүний цаана үл анзаарагдах хамгийн хорон зүйл нуугдаж байдаг нь бидний амьдрал тэр чигтээ юм. Бид ямар амьдралтай вэ. Хамгийн ойроос эхлэе. 

Сульдаа хүмүүс

Монголчууд эмийг хоол шиг хэрэглэдэг. Бүр хар багасаа эцэг эхийнхээ гараас энгийн зүйл шиг эм уусаар ирсэн. Харин хүмүүнлиг нийгэмд үүнийг хүн бүр нь мэдэж, өөрсдөө сэргийлдэг. Бид л тэгж мэдэхгүй. Ард түмнийгээ соён гэгээрүүлэх, боловсруулах ариун үүрэг төрд бий. Чармайх ёстой. Гэтэл эмийн компаниуд тэнд нь шигдээд орчихсон байдаг. Тэд үүнийг хүснэ гэж үү. Нийтийн биеийн тамир гэдэг ойлголт бүрэн устсан. Тавин настай дундаж монгол хүний биеийн чадамжийг дэлхийнхтэй харьцуулбал ихээ доогуур гарна. Явж ядсан, өвдөг тойгоор нь хатгасан хүмүүс гудамжаар нэг. Залуу насныхаа аагаар хэсэг яваад тэрийгээ дуусахаар ийм болцгоочдог. Би бүхнийг хувь хүнд үүрүүлж хохь нь гэж хэлдэг хүн биш. Төрийн оролцоо халамжаар биш соён гэгээрлээр нийгэмд нэвтрэх ёстой гэж үздэг хүн. Сульдаа хүмүүс сульдаа улс орныг л бий болгоно. Сэргээшийг харин дарга нар нуучихаад байна.

Харанхуй хүмүүс

Манай иргэд нийгмийн сүлжээгээр нэг нь нөгөөгөө шоолсоор байгаад АТМ дээр нэгийгээ сонирхон овоорох хэлбэртэй оочирлохоо жоохон болиод байгаа. Харин хүсэхгүй байгаа эмэгтэй хүн рүү нүд ирмэж аальгүйтэх нь бэлгийн дарамт юм гэдгийг ойлготлоо лав зуун жил болохоор санагдаж байна. Хорин хүний нэг нь л үүнийг мэддэг, гурав нь гадарладаг. Харин “төрд” маань өөрөө үлдсэн 16 хүний тоонд ордог. Учир нь зүрх сэтгэл, төрөлх өгөгдлөөрөө эмэгтэй хүнийг хүндэлдэггүй юм гэхэд хуулинд хүлэгдэж тэдэн рүү халддаггүй байх зарчим хэвийн нийгэмд үйлчилдэг байтал манайд тэр нь байхгүйтэй холбоотой юм. Уг нь цаасан дээр тал дутуу бичсэн боловч “төр” нь тэрийгээ дараад хэвтцэн. Учир нь эмэгтэйчүүд “их юм мэддэг байх хэрэггүй” балрын бодолтойгоо байх нь тэдэнд өлзийтэй. Бүх юм эв энгийн. Солонгост шоронд орохоо шахсан Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг л эргээд саная. Монголд ирээд “бөгс базцан зайтай эр” болоод л Үндсэн хуулийнхаа цэцэд ажиллаж байна. Түүгээр хэн нэгэн эмэгтэй “миний бөгсийг базсан” гэсэн гомдлоо шийдүүлэх гэж очоод үз... Нийгмийн хэвийн хэм хэмжээг хэвшүүлэх нь бичиг үсгийн боловсролоос зуу дахин ач холбогдолтой юм шүү. Гэгээрсэн иргэн гэж бичиг үсэгт тайлагдсан төдий хүнийг хэлэхгүй юм шүү. Чухам тал дутуу бичиг үсэгтэйн харгайгаар дарга нарын хуурмаг явуулгыг уншиж итгээд алдас болж байгаа нь шоглоомтой. Харанхуй иргэд харанхуй улс орныг л бүтээнэ. Унтраалга нь төрд байна. 

Зүүдэлж буй хүмүүс

Дарга цусаллаа, шамшигдууллаа гэсэн мэдээг бид асар яаруу гүйлгэж өнгөрөөнгүүтээ фэйсбүүкээс хямдарлын мэдээгөө шимтэн уншдаг. Зүгээр тийм зуршилтай болчихсон юм. Учир нь даргын тухай мэдээг уншаад юу ч өөрчлөгддөггүй болохоор тэр. 

Уг нь санаанд нь тэр дарга дээр шууд явж очоод шанаа өгчмөөр хүсэл салхилаад өнгөрөх нь өнгөрдөг. Зарим нь тэсэхгүй нийгмийн сүлжээнд хараалаа урсгадаг. Гэсэн ч ахиад л дараагийн хуудас руу орж хямдрал, цуурхалаа сонирхож эхэлнэ. Бид өөрчилж чадах нь чадна. Нийтээрээ сонирхож, бухимдаж, нэгийгээ дуудаж, гудамжинд гарч чадвал. Новшийн тэр даргын цонхон доор жагсаж чадвал. Гэтэл нийтийг хамарсан маазраан болдог. Ядаж байхад монголчууд тайвны дээр маазрах дуртай хошин мэдрэмжтэй хүмүүс юм. Даанч хулгайч хүн дарга болох таатай хөрс нь энэ болчоод байна. Уг нь тэдний хулгайлаад буй мөнгө, хоорондоо алалцаад буй хөрөнгө, өмч чинь биднийх юм. Ядаж үүнийгээ сэхээрээд өөрснийхөө мөнгөний төлөө санаа зовнивол яадын?

Харин нөгөө хэд нь яадаг вэ? Өнөөдөр алалцаа л, маргааш нь учраа олоо л асуудлаа дуусгачихсан байдаг. Зүүд шиг л. Тийм юм боллуу яалаа... Зүүдэнд цохиж болдгүй, гүйж ч болдгүй тамтайсан. Сэрүүлгийг харин төр атгачихаад бүүвэйн дуу аялж байна. Унтаа иргэд унтаа улс орныг л бүтээнэ.

Дээрх бүгд зүгээр л жишээ шүү дээ. Тоо баримт дурдаж, мэргэжилтний дүгнэлт гаргуулсныг харвал нуруу хүйт оргино.

Зорилго биелэх цаг дор

Улам бүр хордож, ганихарч, хүүхдийн санаагаар хэрэлдэн уралцсанаа төд удалгүй мартаад хүнсний дэлгүүр, найр наадам болоод явчихдаг иргэддээ зориулан бүүвэйн дуу намуухан тавиад инээмсэглэн хараад сууж буйгаар би дарга нар, сайд нар, гишүүд, намуудыг төсөөлдөг. Тэжээмэл зан төлөвт сурсан ард түмэн нь тэднийхээ “хишиг буян”-ыг дуслаас дуслын хооронд хүлээдэг болжээ. Өгөхгүй бол уурладаг. Тэднийгээ битгий гэгээртүгэй. Хууль ном бүү хартугай. Хүний эрх, ард түмний эрх ашиг, хүмүүнлэгийн зарчмууд, даргын үүрэг, хариуцлагын тухай бүү мэдтүгэй, монгол хүний тархи хэзээ ч эс боловсортугай гэж л өдөр бүр залбиран хундага тулгана. Тэр нь ч ёсоор биелнэ. Бид өөрснөө биелүүлнэ. Хууль нь үл биелнэ. Даргын диваажин Монгол улс. Энэ бол бидний л өөрсдийн бүтээж буй Монгол улс. Маазралгүй хэлэхэд нэг ч дарга үүнд буруугүй, өөрснөө ч анзаараагүй нь хоржоонтой юм :) 

Харин даргын тухай та эндээс уншна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)