Дэлхий нийтэд “CoVid-19” цар тахал эрчимтэй тархаж, 213 улс орны хоёр сая гаруй хүн уг халдвараар өвчилж гурван тэрбум хүн хөл хорионд гэртээ байгаа юм.

Улс орнууд хөл хорионы дэглэм барихын сацуу, зай баримтлах арга хэмжээг хэрэгжүүлэн иргэдээ аль болох  гэртээ ажиллах нөхцөл бололцоог олгоод буй. Тэр ч утгаараа дэлхийг хэрэн бүрхсэн цахим ертөнцөд өнөөдөр амьдрал буцалсаар...

Зайнаас өөр хоорондоо түргэн шуурхай харилцан мэдээлэл солилцоход цахим орчин халдвар тархахгүй хамгийн аюулгүй газар болсон. Тэр ч утгаараа улс орны Засгийн газар, яамдууд, холбогдох байгууллагууд цахим хурлыг цаг алдалгүй хийн иргэддээ мэдээлэл түгээсээр байна.

Гэртээ суулаа гээд амьдрал зогсохгүй

Иргэд гэрээс цахим орчинд ажиллах болсноор  жинхэнэ утгаараа амьдрал онлайнд өрнөх болсон гэж хэлж болно. Хөл хорионы улмаас сургууль, цэцэрлэгээсээ завсардсан ихэнх улс орны хүүхдүүд цахим хичээлд хамрагдаж байгаа. Олон хүн цугласан танхимын хичээлээс татгалзсан дэлхий нийт цахимаар өрнөж буй спортын сургалтууд, иог, бясалгалд хамрагдаж эрүүл мэнддээ ч анхаарах боломж бүрдсэн.

Интернет техник технологи өндөр хөгжсөн өнөө үед гэртээ суулаа гээд бүр мөсөн ертөнцөөс тусгаарлагдана  гэсэн үг биш болж таарав. Дэлхийд алдартай Луврын музей, зохион бүтээгчид, автомашинд дурлагсдын хамгийн их очихыг хүсдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Хенри Форд" музей, Британийн музей, Нью-Йорк хотын Гуггенхайм музей, Нью-Йоркийн Метрополитан театр, 600 жилийн настай Хятадын Хориотой Хотод очих Бээжингийн ордон музейгээр аялан Амстердамын гудамжны музейн онлайн аялалд нэгдэх боломжийг интернэт бидэнд олгож байна.

Тиймээс дэлхийн хаанаас ч Европын агуу түүхт урлагийн музейгээр зочилж, Оросын алдарт Большой театраас эхлэн дуурийн өлгий нутаг болсон Вена хотын "Wiener Staatsoper" дуурийн театр, Италийн Турин хотод байрлах Реджио Торино театрт зочилж мэргэжлийн дуурь үзэж сонирхож болно. Тэр бүү хэл та гэрээсээ "НАСА"-тай танилцах боломж зөвхөн цахимаар л нээгдсэн. Мөн концертын танхимууд үйл ажиллагаагаа цахим ертөнцөд нээлттэй болгож, олон нийтэд дээд зэрэглэлийн урлаг соёлын үйл ажиллагааг үзэх боломж олгохоор шийджээ.

Урлаг соёлынхон ч хандивын аяныг өрнүүлэн  хөл хорионд байгаа дэлхийн сая сая иргэдэд тоглолтуудаа онлайнаар түгээх болсон. Хамгийн ойрын жишээ гэхэд алдарт дуучин Лэди Гага санаачлан ДЭМБ-тай хамтран “CoVid-19” цар тахлын эсрэг “Нэг дэлхий: Гэртээ хамтдаа” аяныг өрнүүлэн цахим тоглолтдоо Элтон Жон, Билли Айлиш, Паул Маккартни, Стив Вондер, Крис Мартин, Андрей Бочелли тэргүүтэй 110 гаруй оддыг нэгтгэсэн юм.

Манай улсын хувьд ч гэсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд хөл хорионы үед ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор ханган, Засгийн газраас ээлж дараалан арга хэмжээнүүдийг авч ирсэн. Хөл хорионы эдгээр өдрүүдэд хүүхэд, багачууд, оюутнуудад гэртээ зүгээр уйдаж суугаагүй.  Тэдэнд зориулан ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хөтөлбөрт суусан хичээлийг цахимаар хүргэсээр байгаа юм. Мөн монголын урлаг, соёлынхон цахим тоглолт зохион байгуулж, иргэдийнхээ сэтгэл зүйг дэмжин хандивын аян хүртэл өрнүүлсэн. ЭМЯ-наас өдөр бүр тогтсон цагт нэг эх сурвалжаар “CoVid-19” цар тахлын цаг үеийн мэдээллийг хуваалцан, цахимаар сэтгэл зүйч болон вирус судлаачтай уулзуулан, иогийн хичээл хүргэж байгаа гээд цахим орчинд өрнөж буй олон давуу талуудыг дурдаж болно.

Цахим орчны халдлага нэмэгджээ

Цахимаар “CoVid-19” цар тахал тархах эрсдэл байхгүй сайн талтай. Гэхдээ иргэд цахим орчинд цар тахалтай холбоотой худал, ташаа мэдээлэл түгээн иргэдийн сэтгэл зүйг цочирдуулахын сацуу кибер гэмт хэрэг, цахим залилан луйвар ч халдвар гарсан саруудад эрс өссөн таагүй мэдээлэл ч байна.

Цар тахлын тархалтыг зогсооход чиглэсэн хорио цээрийн дэглэмийн үед хүмүүс цахимаар өөрийн хувийн ажил болон бизнесээ үргэлжлүүлэх, хичээл сургалтад хамрагдах, хурал зөвлөгөөнд оролцох, мэдээ мэдээлэл авах болсон нь цахим орчны хэрэглээ нэмэгдэхэд хүргэсэн.

Тухайлбал, Малайзын Кибер аюулгүй байдлын газрын мэдээлснээр тус улсад 2020 оны 03 дугаар сарын 18-наас 04 дүгээр сарын 07-ны хооронд нийт 838 удаа кибер халдлага үйлдэгдсэнээс 18 хувь нь (152 тохиолдол) компани, аж ахуйн нэгжүүд рүү чиглэж байсан бол үлдсэн нь интернет ашиглаж гэрээсээ ажил хэргээ амжуулж буй хүмүүс болон бусад хувийн хэрэглэгчид рүү чиглэж байв. Малайз Улсад бүртгэгдсэн халдлагууд нь өнгөрсөн онд гарсан нийт халдлагаас 459 тохиолдлоор илүү байгаа аж. Мөн АНУ-ын кибер терроризмын шинжээч Зохар Пинхасигийн мэдээлснээр, АНУ-д хөл хорио тогтоосноос хойш кибер халдлагад өртсөн тухай дуудлага 8 дахин нэмэгдсэн гэсэн тоо баримт дурдсан юм.

Цахимжсан дэлхий нийт сайн, муу бүхнээ тээн цар тахлыг даван туулахаар тэмцсээр л байна.