Цагийг эзэлсэн хүний мөр

“За гэдэг үгийн цаана маш их зүйл багтдаг. Энэ үгийг хэлэхэд нэрэлхэх, зөвшөөрөх, хурдан салахын түүс болох, хоромхон мартахын эхлэл гэх мэтээр энэ үг олон янзаар бодлоготой, бодлогогүй амнаас гардаг. Энэ мэтээр энэ үг алба, амины олон ажлыг амжуулна ч, бас алдуулна ч.Эцсийн эцэст энэ үгийн цаана хүний мөс харагдаж байдгийг бодууштай юм шүү”

Ламзавын Ванган

“Мартахуйн цэл мөсөн доогуур

Санахуйн сул усан урсана...”

Зохиолч Сормууниршийн Дашдооровын энэхүү хосмолжинг хаа нэгтээ уншихад гол зурах шиг болдог юм. Цаг хугацаа гэдэг үерийн уснаас догшин. Түүнд хэчнээн агуу хүний түүх ч зомгол төдий болж, зүрх сэтгэлээ зориулсан их үйлсийн дэлгэр харгуй ирээдүй цагийн хөлөөр боссон зузаан тоосонд дарагдах билээ. Хамгийн айдас төрүүлэм зүйл юу гэвэл ихэнх хүн үхэл гэж хариулах байх. Харин миний хувьд мартагдах л хамгийн аймшигтай зүйл. Мартах гэдэг түүнээс ч аймшигтай. Мартахгүйн тулд бид дэлхий даахгүй их ном бичиж, мартахгүйн тулд бид сэтгэлийн шархаа хөндөн хөндөн амьдардаг биш гэж үү?

Гэр орон, гол ус хавьцаагаа л дурсагдаж үлддэг хүн түм бум, аймаг орон, хэдэн сум дамнан нэр ус нь цуурайтаж үлдэх хүн ч цөөнгүй, улс даяар, хэдэн үеэрээ дурссаар л байдаг хүн харин цөөн. Алдар нэр цуурай мэт, үйл хэрэг уул мэт. Өнөөдрийн сайн нэр үе улирахад мартагдаж, өнөөдрийн сайн үйлс үе өнгөрөхөд тодордог нь жам юм. Үйл хэрэг нь амьдралын хэмнэл болсон, үйл хэрэг нь эгэл үнэн болсон, үйл хэрэг нь урлаг болсон, үйл хэрэг нь учир шалтгаан болсон хүмүүс...

Гэвч хүний ухаан хязгаартай, цаг хугацаа харьцангуй. Цагийн урсгалд бид мартах ёсгүйгээ мартаж, мартах ёстойг нь санах нь ч бий. Цагийн эрхээр хүний сэтгэл догшрон мөстөж, амь халуун дурсамж мөсөн мандалынх нь доогуур нар долоон урссаар хаа нэг их мөрөн, элчилгүй далайд нийлж урсац галбираа алдан сарних нь ч бий...

...Мартахуйн цэл мөсөн доогуур

Санахуйн сул усан урсана...

Мөнх бусыг сөрөн урссан нэгэн тунгалаг урсгалыг мөс цөмлөн харзлуулъя хэмээн үзгээ мэрж сууна...

Долгоржавын Ламзавын гэр бүл. 1926 он.

Хувьсгалч эцэг

“...Бидний төлөөлөгчид нь гаднаас нь харахад хөх бор царайтай, хөдсөн нэхий дээлтэй байсан ч хэнээс ч айж шантардаггүй, хэлэх гэсэн үгээ хэнд ч, хаа ч хэлж чаддаг төлөөлөгчид байлаа...”

Энэ бол 1924 онд Хаант засгийг халан, “Бүгд найрамдах засаглал”-ыг тунхагласан Үндсэн хуулиа баталсан Улсын анхдугаар их хуралд Цэцэн сартуул хошуунаас сонгогдон ирсэн төлөөлөгч Долгоржавын Ламзавын дурсамж. Анхдугаар их хурлаас Монголын улс төрд П.Гэндэн нарын хэд хэдэн хөдөөний төлөөлөгч цолгорон гарсны дотор Д.Ламзавын нэр тодоор бичигджээ. Чухам энэ их хурлаас Д.Ламзавын улс төрийн карьер нь огцом өсөж 10 хүрэхгүй жилийн дотор Улсын бага хурлын тэргүүлэгч гишүүн, бага хурлын нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан, Цэцэн сартуул хошууны дарга, Шүүх яамны сайд болтлоо дэвшинэ. Үүнээс хойш мөн л 10 хүрэхгүй жилийн дотор огцом уруудах болно. Төлөөлөгч Д.Ламзав хар залуугаасаа улс төрийн идэвхтэй нэгэн байв. Хувьсгалын дүйвээнээр Ванданов, Төвшинбаяр тэргүүтэй Барон Унгерны цэргийн үлдэгдэл хязгаар нутгийг түйвээх болсныг нутгийн ардууд сайн дурын цэрэгт нэгдэж байж устгахад Д.Ламзам оройлон оролцоод зогсохгүй, Дамбийжанцанг устгасан домогт ажиллагаанд бичээчийн үүрэг хүлээж, ард олноос харийн пүүсэд төлөх өрийг хүчингүй болгуулах саналыг дээш мэдүүлж явсан эр.

Ах дүүс
Л.Нацаг, Л.Ванган нар. 1925 он

Д.Ламзавыг Анхдугаар их хурлын санал шүүмжлэлд идэвхтэй оролцож, хурлын индэрээс үг хэлж мандан бадарч явахад хүү Ванган нь дөрвөн настай, хүү Нацаг нь хоёр настай байв. Энэ хоёр хүү хожим Монголын шинэ түүхэнд эцгээсээ ч тод мөр үлдээх болно.

Бага нас
Үлгэр жишээ дунд сургуулийн сурагчид. Зургийн голд туг барин суугаа хүү бол Л.Ванган. Ренчиний Нямаагийн хувийн архиваас

.Эсэргүүний хүү

“Л.Ванган бид хоёр үлгэр жишээ дунд сургуульд хамт төгссөн хоёр оо. Манай ангийн хориод хүүхдээс Д.Төмөр-Очир, ардын зураач Л.Гаваа, нүдний нэрт эмч Р.Нямаа, доктор Лувсанданзан гээд алдартнууд төрсөн юм. Ванган манай ангийн толгой байлаа...”

Энэ бол Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Шагдарсүрэнгийн дурсамж. Үлгэр жишээ дунд сургууль бол одоогийн лаборатори Нэгдүгээр сургууль. 1929 онд “Ардын хувьсгалаас хойш шинээр байгуулагдсан ЕБС-иудад үлгэр дууриалал болж ирсэн”-ийг үнэлж, Засгийн газрын шийдвэрээр "Үлгэр жишээ дунд сургууль" болгосон бөгөөд энэ сургуулиас үнэхээр ч үлгэр жишээ хүүхдүүд амьдралын замаа эхлүүлж, гуч дөчөөд оны их хэлмэгдүүлэлтийн уршгаар салбар салбарт онгойж үлдсэн сэхээтний орон зайг нөхсөн 1950-1960-аад оны сэхээтний хоёр дахь давалгааны түүчээ болсон билээ.

Төр засагт хариуцлагатай ажил хашиж байсан Д.Ламзав гуайн хоёр хүү үлгэр жишээ дунд сургуулийн дараагаар Их Оросыг зорьжээ. Л.Ванган Улаан-Үд хотноо байгуулагдсан Монгол рабфак (ажилчны факультет)-т, бага хүү Л.Нацаг Москвад Циркийн сургуульд суралцаж эхлэв. Тэднийг эх орноосоо мордохоос өмнө ээж Намжий нь мөнх бусыг үзүүлжээ.

Харамсалтай нь Л.Ванган сургуулиа төгсөж чадсангүй. 1937 оны 9-р сарын 10-ны шөнө эхэлсэн их хэлмэгдүүлэлтийн анхны 14 хүний дунд Шүүх яамны сайд асан Д.Ламзав багтсан учраас эсэргүүний хүүхдийг Эрхүүгийн факультэтэд багтаах зай байсангүй. Харин Москвад байсан дүү Л.Нацагийг нь Монгол циркийн үндэслэгч Ж.Раднаабазар гуай хөөлгөлгүй ямар нэг аргаар авч үлдсэн бололтой. Д.Ламзавыг ханиа алдаад удаагүй, төрсөн хоёр хүү, дээр нь өргөмөл охин гээд олон өнчин хүүхэдтэй учраас буудан хороохоос өршөөж 10 жилээр тасалжээ.

Л.Ванганы уран зургууд
Уран зургийн галлерейн өв санд Л.Ванганы “Аттак”,“Гамин Бароны харгислал” зургууд хадгалагдаж байна.

Анхны циркчин

Эрхүүгээс хөөгдөж ирсэн Л.Ванган гэртээ очтол танихгүй айл ороод төвхнөчихсөн байв. Арван долоон настай хүүгийн амьдрал орвонгоороо эргэх нь энэ. Хүү хашаагаа налаад нар шингэтэл суув. Чингээд хотын төвөөр толгойгоо ганзагалан алхаж явтал сэхээтэн байрын нэгэн хүн таарчээ. Үл таних хүн түүнд тохиолдсон явдлыг мэдэж байснаар барахгүй, эцгийнх нь араас харуусан шогширч, Холбооны сургуулийн захиралтай очиж уулзахыг зөвлөөд замаа хөөв. Орон шоронд байгаа аавынхаа нүүрээр Л.Ванган ийнхүү Холбооны сургуульд толгой хавчуулагдав. Тэндээ бараг л бүх төрлийн хичээл зааж, орчуулга хийн ямартай ч амин зуулга залгажээ. Айлд байсан дүү охин, хожмын гавьяат жүжигчин Л.Цэндсүрэнг өөр дээрээ авч гал голомтоо ч сэргээв.

Л.Ванган гуай олонтой явсан хүн. Гэхдээ халуун дотны найз нөхөд хэнд ч байдаг. Ардын зураач Ням-Осорын Цүлтэм тийм цөөн найз нарынх нь нэг. Н.Цүлтэм гуайн дурсах нь, “1940 оны намар Монголд анх удаа цирк байгуулагдсан юм. ЗХУ-д Циркийн дунд сургуулийг Раднаабазар, Гомбо, Л.Нацаг гурав төгсч ирж байсныг санаж байна. (...) Волошин зэрэг зөвлөлтийн туршлагатай мэргэжилтнүүд, туслахаар, багшлахаар мөн ирсэн. Тэгтэл циркт орчуулагч хэрэгтэй болжээ. Л.Нацагийн санаанд ажилгүй ах нь орсон нь мэдээж. Ингээд л тэр циркийн орчуулагч төдийгүй тайзны хар ажлаас эхлээд, жүжигчнийг хүртэл бүхий л ажлыг дамжсан...”

Л.Ванганы трамплин дээрээс дөрвөн машин дээгүүр харайдаг үзүүлбэр үзэгч олныг ихээр гайхуулдаг байсныг тэр үеийн сэхээтнүүд дурдсан байдаг. Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай бүр “оборотное сальто гэдэг номерийг Л.Ванган шиг хийж байгаа хүнийг би одоо ч үзээгүй” гэжээ.

Циркийн уран бүтээлчид
Зүүн гар талаас: Л.Ванган, Ж.Данзан, А.М Волошин, Г.Ирина, Л.Мөрдорж

Найруулагч. Түүний унаган мэргэжил

...1946 оны намар цаг. Хичээл завсарлаж доод давхар руу бууж явтал, коридорт биенээсээ том цүнх барьсан Л.Ванган зогсож байв. Надаас өөр монгол хүн суралцдаггүй энэ сургуульд миний төрсөн нутгийн хүү найз нөхөр Ванган маань зогсож байх нь хэчнээн нүдэнд дулаахан бөгөөд сайхан байв аа. Амьтны хөлөөс жаахан зайдуу гарч хоёулаа ярилцлаа. Хамт суралцах боллоо. А.Д Поповын ангид хувиарлагдаж, хараахан багштайгаа уулзалдаагүй яваа ажээ...

Хожмоо Монголын театрын анхны мэргэжлийн найруулагчид болон эргэж ирэх, С.Гэндэн гуай анд нөхрийнхөө тухай, Москвад өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай бэсрэгхэн ном болохуйц дурсамж бичиж үлдээсний дотор эдгээр мөрүүд бий. “Үер” киноны Болд өвгөний дүрээр мэдэх С.Гэндэн найруулагч бол Монголд анх удаа Шекспирийг тавьсан орчин цагийн театрын гол зүтгэлтэн билээ.

Дайны дараах Москвад ГИТИС буюу Бүх холбоотын театрын урлагийн сургуульд суралцахаар хөл тавьсан Л.Ванганы амьдрал эхэндээ тийм ч сайхан байсангүй. Ямар сайндаа л Л.Ванган гуай хожим энэ үеэ, “Би ангийнхныхаа дэргэд тоомсог морьны хажууд зогсоо, жижигхэн монгол морь шиг байсан” гэж дурсахав дээ. Шинэ тутам хөгжиж буй нийгмийн бүхий л салбарын ачааг нуруундаа үүрэх хувь тавилантай Монголын сор болсон залуус энэ үед хойд хөршид суралцаж байлаа.

Цөвүүн цагийн сэхээтнүүд
Москва орчимд 1949 онд татуулсан гэрэл зурагт хожим нь АИХ-ын дарга болох Л.Цэнд, УТТ-ны гишүүн болох Д.Төмөр-Очир, Соёлын дэд сайд болох Ламзавын Ванган нар
байна.

1963 онд МАХН-ын Төв хорооны V бүгд хурал дээр “Л.Цэндийн асуудал” гэгчийг хилсээр тулгаж албан тушаалаас нь зайлуулжээ. Тэр Л.Вангантай Эрхүүд цуг сурч байсан.

1962 онд МАХН-ын Төв хорооны III бүгд хурлаас түүнийг “намын эсрэг ажил явууллага” үйлдсэн хэмээн бүх ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн. 1985 онд гадны нөлөөтэй нас барсан. Тэр Л.Вангантай Үлгэр жишээ дунд сургуульд хамт сурч байсан.

 

С.Гэндэн найруулагч, “Орой болгон Л.Ванган дээрээ очиж баахан ном дэлгэж бараг шөнөжин сууж давтана. Нөхрийгөө ч зовоож, өөрөө ч тамирдаж эхэллээ. Ванган өөрийнхөө дөрөвдүгээр курсын шалгалтын хажуугаар миний төлөө санаа зовж, ёстой жинхэнэ нөхрийн ёсоор маш их тусалж, нүд анилгүй хэчнээн хоног цагаар мэрийж байсныг одоо бодоход өрөвдөх юм...” гэж Москвагийн он жилүүдээ дүрсэлжээ. Л.Ванганы багш нь ЗХУ-ын нэрт найруулагч, Армийн төв театрын уран сайхны удирдагч, Алексей Дмитрович Попов гэгч эрхэм. А.Д.Попов багш нь хожим, “Би уг нь найруулагч төгсгөөд явуулсан юмсан. Сайд болсон гэлүү? Авьяас билэг төгс, ховорхон хүн дээ” хэмээн Өгөр толгой Гүрсэдийн дүрээр олны сэтгэлд мөнхөрсөн жүжигчин, найруулагч Н.Дугарсанжаад хэлсэн гэдэг.

Л.Ванган Москвагаас зүгээр нэг найруулагч болоод буцсангүй. Тэр эх орныхоо нийгэм, соёлыг цогцоор нь урагшлуулах, орчин үеийн дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхуулах өөрийн үзэл баримтлал, арга замыг тодорхойлчихсон, бие хүн болоод эргэж иржээ.

Амьдралд олдсон ганц боломжийг их далайд таарсан банзны тасархай мэт зуурч, амь тэмцэн, амиа хоохойлон амьдардаг хүмүүс олон. Л.Ванганы хувьд эсэргээрээ. Тэр найруулагч, бодлого боловсруулагч, багш, зохиолч, зураач, циркчин, редактор, улс төрийн зүтгэлтэн гээд тоо томшгүй олон салбарт тэргүүн шугаманд ажиллажээ.

Найруулагч Л.Ванган
С.Гэндэн, Туяа, А.Очирбат, Д.Дамдинсүрэн, Л.Лувсан тэргүүтэй уран бүтээлчдийн хамт. Улаан-Үд. 1961 он

“Станиславскийн школ” Монголд...

“...Нэг өдөр Н.Цэгмид багш (театрын дарга) намхан нуруутай, дуу цөөтэй залууг дагуулан орж ирээд, “Энэ залуу одоо театрын найруулагчаар ажиллана” гэх мэт танилцуулснаас хойш тэр агуу хүний, найруулагчийн эцэс төгсгөлгүй ухаан билэг, ур чадвараас хувь хүртэх аз завшаан бидэнд олдсон юм...”

Ардын жүжигчин А.Очирбатын эл дурсамж Москвагаас эх орондоо хөл тавиад удаагүй байсан Л.Ванган хэрхэн театрын жүжигчидтэйгээ анх уулзсан агшиныг хүүрнэнэ. 1951 онд Москвагийн А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг төгсөж ирсэн Л.Ванган Драмын театрын уран сайхны удирдагчаар ажиллах болов.

1953 онд театрын утга зохиолын эрхлэгчээр ажиллахаар очсон залуухан яруу найрагч Д.Пүрэвдоржид хандан Л.Ванган, “Энд хоёр театр бий. Нэг нь ахмадын театр, нөгөө нь залуусынх. Энэ бол драмын театр, хүүхдийн театр гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл нэг нь туршлагаа, нөгөө нь шинэ чиглэлээ бие биендээ өгч, манай театрын урлагийг шат ахиулах ийм хоёр театр байгаа юм. Үүнийг би холбох санаатай байгаа юм...” гэж ярьжээ. Эндээс Л.Ванганы сургууль төгсөж ирээд санаж сэдэж байсан ажлын сэжүүр харагдана. Дэлхийн сонгодогуудаас эхлээд Д.Намдаг, н.Цэдэнжав, Б.Бааст, Ч.Ойдов нарын жүжгүүдийг тоглочихсон, урын сан, бодлоготой театрын ажлын хэмнэл, хандлагад шинэ өнгө аяс оруулж ирэх ажлыг Л.Ванган удирдав.

Тухайн үеийн театрын бүрэлдэхүүн ч ямарваа өөрчлөлтийг ажил хэрэг болгочихоор, хүчирхэг хамт олон байсан нь харагдана. “Уран бүтээлийн удирдах хэсэгт нь Э.Оюун, С.Гэндэн, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Гаваа, Л.Намхайцэрэн нар багтаж, Ц.Цэгмид, Б.Ичинхорлоо, Гомбодаш, Цэвээнжав нар жүжиглэж, Цогзолмаа Нансалмаад дуулж, Цэрэндолгор хийлээр наадаж байсансан” хэмээн Д.Пүрэвдорж найрагч дурсжээ. Алтан үеийн эдгээр ахмадуудаас гадна өдгөө Монголын урлагийн домог болсон олон залуу жүжигчид цуглараад байсан үе. Итгэлт баяны дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн А.Очирбат гуай Л.Ванган найруулагчийн тухай нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол ярьдагсан.

“Ширээний сургууль хийж эхлэхээс авхуулаад найруулагчийн ажиллагаа нэг л урьд сонсогдоогүй, этгээд санагдаад явчихлаа. Тэгснээ зохиолд засвар хийх тухай ярьж тэр засвараа өөрөө хийх юм гэнэ. Тэхэд нь энэ баньд Ойдов гуайн зохиолыг засах юм гэнэ гэх юм ч бодогдох шиг... Тэр үе чинь Э.Оюун, Богдод тоглодог, Театрын дарга Н.Цэгмид хоёроос өөр хүний үг, үг биш байсан цаг юм даа...”

А.Очирбат гуайн “нэг л урьд сонсогдоогүй, заримдаа этгээд ч юм шиг” хэмээн тодорхойлж буй тэрхүү арга барил нь театрын урлагийн суурь зарчим, ажлын хэв маягийг тодорхойлсон Станиславскийн систем юм. Л.Ванганыг Зөвлөлтөд суралцаж бүхий цаг үед Станиславскийн шавь нар ид мандаж, Е.Вахтанговчуудын гэгдэх театрын дэг сургууль хүчээ аваад байв.

Л.Ванган, Ч.Чимэд нар Гандан хийдэд гадаадын зочдын хамт

Уран зохиолын үзэгдэл

"...Нэг гартаа том гээчийн цүнх савчуулсаар газар ширтэн бодлогоширон алхах намхан хүнд түүнээс толгой өндөр биерхүү эр ямар нэгэн юм шамдуухан тайлбардаж байгаа болов уу гэлтэй Сүхбаатарын талбайгаас Хөгжимт драматик театр руу ирж явлаа. Театрын гадаа байсан жүжигчид тэр тэнцвэргүй хосыг бага зэрэг шоолох аястай ч, ихэд хүндэтгэж байгаа нь мэдрэгдэж байв. Нэг нь их том биетэй, нөгөө нь хамаагүй намхан атлаа том биетээс илүү ихэмсэг гэмээр алхана. Том нь тонгойв ч, жижиг нь намдаад байгаа бололтой биед нь ойрхон шахаж яваа тэр л дүр зураг одоо ч сэтгэлд хадгалагдсан үлджээ. Ингэж би анх удаа зохиолч Чойжилын Чимэд, найруулагч, зохиолч Ламзавын Ванган гэдэг хоёр их авьяастныг нэг дор харж билээ...”

Энэ бол “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр нь үзэгчид мэдэх, СУИС-ийн жүжигчний уран чадварын тэнхимийн гол ноён нуруу болж явсан профессор Л.Лхасүрэнгийн дурсамж.

Театрыг шинэтгэхийн тулд Л.Ванганд нэг том асуудал тулгарсан нь зохиол цаг үеэсээ түрүүлдэггүй юм гэхэд орчин цагтайгаа хөл нийлүүлсэн жүжгийн зохиол ховор хомс цаг. Түүний бүх л жүжиг дээр хамтран ажиллаж байсан зураач Л.Гаваа, “Ер нь Л.Ванган жүжгийн зохиолч болъё гэж өөрөө бодоогүй, тавих жүжиг олдохгүй болохоор нь аргагүйн эрхэнд бичсээр өөртөө байсан их нөөцийн хаалгыг онгойлгосон болов уу” хэмээжээ. Дотны нөхдөө ч жүжиг рүү “уруу татаж” байв. Л.Ванган гуай багын найз Ч.Чимэдээ эхлээд театрын тайз руу, дараа нь кино дэлгэц рүү “уруу татсан” юм. Энэ хоёрын нөхөрлөл Монголын уран зохиолд ховор тохиосон үр бүтээлтэй хамтрал байв. Тэдний зохиолоор Д.Жигжид найруулагчийн бүтээсэн “Өглөө”, “Тэмцэл” кинонуудын амьд хэл яриа, туульсын шинж чанартай зохиол нь одоо ч үзэл сурталын хөшгийг даван олны сэтгэлд оршсоор байна.

Нэгэн дуртгал

“...Өвөрхангай аймгийн соёл урлагийн арав хоногийн ажил ид өрнөж байсан үе. ...Л.Ванган яаралтай буцах болсон тул арван хурууны хоёр сайн бичээч дэргэдээ суулгаад, өөрөө өрөөн дотуур явж, босож суухын зуур хэлж өгч бичүүлээд дуусгаж байсан юм. Би амьдралдаа жүжгийн тийм хүчирхэг зохиолчийг үзээгүй...”

Найруулагч Нямын Ёндонсамбуугийн энэ дурсамж Доноровын Намдаг гуайг санагдуулна. Зохиолч Д.Батбаяр нэгэнтээ өөрийн багш, их зохиолч Д.Намдагийн талаар ингэж ярьж билээ:

“Жижиг өрөөнийгөө нэг захаас нөгөө зах хүртэл алхангаа миний жүжигт нэг зөрчил олж хэлнэ. Эргээд нөгөө зах хүртэл алхахдаа ахиад тэс өөр зөрчил олж хэлнэ. Энэ маягаар зөрчилүүд хэлсээр хэдэнтээ алхахад би өөрийн жүжгээ ахиад л түүхий байгааг ойлгож, бичиг цаасаа хумьж аваад, гарч засахаас аргагүй болдогсон...”

Л.Ванган “Далайд дусаал нэмэр”, “Хилсдэхгүй”, “Хар шилт”, “Жож Сэрээнэн”, “Эрхий Мажиг” тууж тэргүүтэй 10 гаруй өгүүллэг тууж, 15 орчим жүжгийн зохиол бичжээ. 1950- 1960-аад он бол Монгол оронд бүтээн байгуулалт, хотжилт ид өрнөж, орчин цагийн улс болох үйл явц бодит хөрсөн дээр ч, оюун санаанд ч өрнөж байсан үе. Л.Ванган зохиолууд шинэ тутам үүсэн тогтнож буй харилцаа, соёлын хүрээг хамран, бичлэгийн хувьд яриан жүжгийн урын сантай болоход чиглэж байлаа. Л.Ванганы жүжгүүд хэдий нийгмийн өөрчлөлт, шинэ орчинд дасан зохицож буй монголчуудын сэтгэлзүйг задлан харуулсан Доноровын Намдагийн жүжгүүдтэй энэ зэрэгцэхгүй ч, Монголын уран зохиолын түүхийн нэгэн үзэгдэл болсон нь үнэн юм.

“ЗА гэдэг үгийн цаана хүний мөс харагдаж байдаг...”

1950-1970-аад онд Монголын соёл урлагт Л.Ванганы гар оролцоогүй салбар байхгүй. Соёлын яамны сайд асан, нэрт зохиолч Ч.Лодойдамба түүнийг, “Бусдын зохиол дээр хэтэрхий их цаг зараад, өөрийн уран бүтээлээ орхигдуулж байна” гэж нэг биш удаа зэмлэж байсан гэх. Түүнд хүнд “Үгүй” гэж хэлж чаддагүй том дутагдал бололтой.

Л.Ванган, “- За гэдэг үгийн цаана маш их зүйл багтдаг. Энэ үгийг хэлэхэд нэрэлхэх, зөвшөөрөх, хурдан салахын түүс болох, хоромхон мартахын эхлэл гэх мэтээр энэ үг олон янзаар бодлоготой, бодлогогүй амнаас гардаг. Энэ мэтээр энэ үг алба, амины олон ажлыг амжуулна ч, бас алдуулна ч. Эцсийн эцэст энэ үгийн цаана хүний мөс харагдаж байдгийг бодууштай юм шүү” хэмээн захидаг байсныг хуучнаар Үндэсний жүжгийн эрдмийн театрын дарга асан Б.Зориг бичиж үлдээжээ.

Юм бүхэн гараан дээрээ шахуу, гадаад дотоодын хэл соёлд нэвтэрсэн хүн өдрийн од шиг цөөхөн тэр он жилүүдэд сэхээтний хоёр дахь давалгааны төлөөлөгчид нэгэн биед ахадсан их ачаа үүрч байж. Л.Ванган л гэхэд Москвагаас ирснээс хойш 17 жилд найруулагчаас Соёлын дэд сайд хүртэл ажиллахдаа Драмын театрын уран бүтээлийн хандлагыг бүрэн шинэчилж, кино үйлдвэрийг үндэсний агуулга үйлдвэрлэгч болгон төлөвшүүлж, 1957 онд МУИС-ийн дэргэд анхны мэргэжлийн найруулагчийн ангийг нээсэн нь өнөөгийн СУИС-ийн үндэс суурь болж, Хүүхдийн театр, Дуурийн театрыг үүсгэн байгуулалцахын хажуугаар жүжиг, кино, хүүрнэл зохиол, орчуулгын нэр бүхий хагас зуу илүү зохиол бичиж, тоолшгүй олон хүний бүтээлийг хянан тохиолдуулж амжжээ.

Н.Цүлтэм: Л.Ванганы “хүч тамир”-ыг нь сарниулсан”

Зохиолч Уламбаярын хүү сэтгүүлч Амарсайхан 1990-ээд оны эхээр монголын түүхийн амьд гэрч болсон хүмүүсээс олон ярилцлага авсан нь өдгий томоохон өв болж үлджээ. Бодлын солбицол сонины 1992 оны (№39/40) дугаарт, Л.Ванганы насан туршийн анд, зураач Н.Цүлтэм тун гашуун үнэнийг хэлжээ.

“Ванган ирээд найруулагч болсон. Их ч мандсан. Вангангүй юмгүй болсон. Жүжиг, кино найруулж, уран бүтээл нь хойно хойноосоо ундарсан. “Тожоо жолооч” жүжгээ бичээд, найруулагч С.Гэндэн, зураач Г.Одон, зохиолч Д.Сэнгээ, мөн надад уншиж өгсөн. Уг жүжгийг Д.Сэнгээ тоож, би тоогоогүй. Хэдийгээр шинэлэг зүйл байсан боловч, Москватай, А.В.Луначарскийн нэрэмжит театр, урлагийн дээд сургуультай, тэнд Ванганы дуулж, сонсож, шаналж, хичээж, надад ярьж хөөрдөг байсантай нь харьцуулахад даанч жижиг санагдсан. Ванган ЗХУ-д дуулж, сонссон сурч мэдсэн шигээ өргөн дэлгэр сэтгэж, Монголын театр, урлаг, кинонд ёстой “их буу”-гаар галлана гэж бодож, итгэж, хүлээж байсан юм. Гэтэл “Тожоо жолооч”-ийг сонсоод надад Ванган “бирдаан”-аар буудаад эхлэх шиг санагдсан. Хожим би өөрийгөө буруу бодож байж дээ гэж боддог юм. Ванган Москвагийн агуу их орчноос нөгөө л анх явж байсан жижигхэн орчиндоо эргэж очсон гэдгийг би тэгэхэд ухаараагүй юм. Орчин гэдэг хүнд яаж нөлөөлдгийг сайтар ойлгосон. Дуртай ч дургүй ч Ванган орчиндоо нөлөөлөгдсөн. Москва шиг орчинд Ванган байнга амьдарч туурвисан бол дэлхийд алдарших сонгодогийг бүтээх авьяастан байсан гэж баттай хэлнэ. (...) Ванганыг хайрлаж хөгжүүлэх байсан юм. Юм юм руу түүнийг татаж, “хүч тамир”-ыг нь сарниулсан. Вангагүй юмгүй болсон гэж дээр хэлсэн. “Ойн концертууд”-ыг хүртэл найруулах үүрэг түүнд байн байн өгч жижигрүүлсэн. Аймгуудын “декадууд”-ыг бэлтгүүлсэн. Дорвитой, жинхэнэ “Попов багшийн шавь”-иас гарах авьяасыг гаргуулж чадаагүй, өөрсдийнхөө жижиг орчинд аар саархан зүйлээр эргэлдүүлж захиргаадсан. “Түүнийг халтуршик” болгосон гэхэд хилсдэхгүй”

Цагийг эзэлсэн нөхөрлөл
Зүүн гар талаас: Н.Цүлтэм, С.Гэндэн, Л.Ванган. 1956 он

Кино үйлдвэрийн удирдагч Л.Ванган

1960-аад оны эхээр ЗХУ-ын бүх холбоотын КУДС болон Ленинград хотын Кино Инженерийн сургууль төгссөн мэргэжлийн залуу боловсон хүчнүүд ирж, киноны шинэ үе эхлэхээр дуншиж байсан үед Л.Ванганыг Монгол кино үйлдвэрийн уран сайхны удирдагчаар томилов. Яг 10 жилийн өмнө Москвагаас драмын театрт ирж, тайзны урлагийн шинэчлэлийг өрнүүлсэн Л.Ванган энэ удаа дэлгэцийн урлагт зүтгэх болов. Уг ажилд томилогдохоос өмнө Л.Ванган Төв театрыг дуурийн театр, Хүүдийн театр болон Драматик театр болгон салгах ажлыг гардан удирдсан байна. Л.Ванган Кино үйлдвэрт зургаан жилийн турш хөдөлмөрлөжээ. Энэ жилүүдэд Кино үйлдвэрийн гуравдугаар давхарын 82 дугаар өрөө Монголын урлагийн төв цэг байв.

Орчин цагийн Монголын кино урлагт сайн зохиол дутагдаж байна гэж амтай болгон ярих болжээ. Харин сайн зохиолын үндэс нь юу юм бэ? Энэ бол амьд харилцан яриа юм. Л.Ванган сэтгэлзүйн онцлогийг харилцан яриагаар гаргаж ирэхдээ гарамгай байлаа. Тухайн үед Л.Ванганы хожим С.Дашдооровын гараар орсон Монгол кинонуудын зохиол өдгөө олны дунд амьдарсаар л байна. Уран зохиолын хэл гэдэг тухайн хэлнийхээ охь шим, сэтгэлгээний өв сан байдаг. Жүжгийн зохиол, нэн ялангуяа кино зохиолд утга зохиолын хэл бус ярианы хэл гол үүрэгтэй. Орчин үеийн кинонуудад байдаг нэг том алдаа нь заримдаа дүрүүд нь хэт уран зохиолын хэлээр, зарим дүрүүд нь дан ярианы хэлээр яриад байдагт буй юм. Л.Ванган хэл хэрэглэх энэ хоёр хүрээг ухаалгаар хослуулж чаддаг байлаа.

Жараад оны дунд үед Монгол кино үйлдвэр техникийн хувьд бүрэн шинэчлэгдсэн. Ингээд хэрхэн Монгол агуулгатай бүтээл хийх вэ гэдэг асуулт уран бүтээлчдийн өмнө урган гарч ирэв. Одоогийн монгол контент гэлцэж буйгаас ч өргөн далайцтай суурь зорилт. Нэгэнт эртний их түүхээ сөхөн бичих нь үзэл суртлын хувьд харш тул ойрх цагийн түүхийг кино хэлээр амилуулан, үндэсний онцлогтой кино урлаг бий болгох ачаа Л.Ванган, Д.Жигжид, Р.Доржпалам зэрэг эрхмүүдийн нуруун дээр иржээ. Үүний дотроос Л.Ванган, Д.Жигжид нарын удирдсан “Түмний нэг, “Хүний мөр” төслүүд онцгой ялгарна. Үзэл суртлын заазуур бараг кадр бүхэнд нь хүрсэн Монголын анхны туульсын киноны талаар үүнийг бичигчийн зохиолыг нь бичсэн “Хүний мөр: Ламзавын Ванган” киноноос дэлгэрэнгүй үзэж болно. Л.Ванганы кино зохиол болон Улс төрийн товчоон дээр өрнөсөн “Хүний мөр” киноны тухай асуудлыг бичих болвол дор хаяж хоёр цуврал нийтлэл болох учраас энэ удаадаа ингээд орхиё.

Халзан Тавхай, Хачиг Луузан, Тооромсог Төмөр, “Сэрэлт”-ийн Бумаа, эцэг Даш, өгөр толгой Гүрсэд, Сэлэм Тогмид, Дүйнхэр зайран, нисгэгч Чинбат, Одон Чимид, Тожоо жолооч, Жож Сэрээнэн, Гярхай Буд, Ганган Сумьяа, Хар шилт Сэртэв, Эрхий Мажиг, ягаан Гажид, Сүхбаатар жанжин, Сохор богд гээд бараг л холын хамаатан юм шиг санагдах мөнхийн дүрүүд Л.Ванганы хүүхдүүд гэдгийг сонсоход л асуудал тодорхой болно.

“Өглөө” киноны уран бүтээлчид. 1968 он.

Л.Ванган багш

-Ардын жүжигчин Ц.Гантөмөрийг хүн эмнэлгийн техникумд сурч байхад нь олж ирээд, театрын манаач болгосон...

-Киноны зураглаач С.Батсүрэн Ленин клубийн кино танхимаас олж, Кино үйлдвэр лүү дуудсан...

-Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийг 20 хүрээгүй байхад нь Театрын утга зохиолын эрхлэгчээр ажиллуулаад, “Энэ муу хүүхэд юу хийж чадах юм. Энэ Ванган дэндэж байна” гэсэн хэл ярианд өртөж явахдаа “Энэний чадах чадахгүй нь яахав. Алс нь юм болох хүн” гэж зүтгүүлсэн...

-Эсгий гутлын үйлдвэрийн ажилчин Г.Түмэндэмбэрэлийг улаан буланд дуулахыг үзээд УАДБ-ийн чуулгад оруулсан...

Л.Ванганы их урлагт татан оруулсан хүмүүсийн цуваа энэ мэтээр хөвөрч өгнө.

Театрт найруулагч байхад нь ч, Соёлын яамны дэд сайдаар томилогдоход ч, Кино үйлдвэрийн уран сайхны удирдагч байхад нь ч Л.Ванган руу цувах авьяастан, сэтгэлтэн, шуналтаны зам тасарсангүй. Тэр бүхэнд өнөө алдарт “За”-гаа хэлж, зохиол бүтээл, уран санааных нь дутууг нь цойлдож, дундуурыг нь дүүргээд л буцаадаг байжээ. Тийм ч учраас 1950- 1970-аад онд урлаг соёлын салбарт хүчин зүтгэж явсан хэн бүхний амнаас Л.Ванган багш гэх үгийг одоо ч сонсож болно.

Тавин насны босгон дээр...

1968 оныг Л.Ванган урьдынхаараа л цаг наргүй ажил, төлөвлөгөөн дунд угтлаа. Кино оператор, дууны найруулагч З.Гаваад хандаж, “Хойтон 50 хүрнэ. Зуны нэг сайхан өдөр хотоос зайдуухан ой модтой, хүүхэд шуухад усанд живж орхихгүй тийм газар, тухайлбал Хүрхрээгийнхээ эх өөд Кино үйлдвэрээсээ хэдэн сайхан майхан босгочихоод, бүх идэж уух юмыг нь бэлдчихээд, хэдэн үр хүүхэд, ах дүү, дотныхоо найз нөхдийн хүрээнд тэмдэглэнэ...” хэмээн өгүүлж байжээ.

Оюутан наснаасаа эхлэн хөтөлсөн өдрийн тэмдэглэлээс нь өдгөө хань Т.Пялзай, үр хүүхдүүд нь хямгадан авч үлджээ. Түүний дотор амьдралынхаа сүүлийн жилийг бичиж үлдээсэн 1968 оны цэнхэр дэвтэр нь бий. Тэмдэглэлийн дэвтрээс шүүрдвэл:

- Оны эхний өдрийн Вьетнам яваад ирсэн Ч.Чимид, 50 насны ойгоо тэмдэглэж байгаа Ч.Лхамсүрэнгийнд наргиад ажлаа алдлаа. Шинэ оны гараа муу эхлэв...

- Нэгдүгээр сарын 13-нд бичиж Ач хүүгийн зүүд жүжгээ дуусгаад Соёлын яам Ч.Лодойдамбад өгсөн...

- Халхын голын ялалтын сэдвээр бичсэн “Далайд дусал нэмэр” кино зохиолоо бараг дуусгаад, хоёр хоногийн дараа Зохиолчдын хорооны жүжиг киноны эрхлэгч Б.Баастад аваачиж өгсөн...

- Домогт бүсгүй Түвдэнгийн Борын тухай кино зохиол. (Гуравдугаар сарын 16-нд эхний хуудсыг тавьж, “наймдугаар сарын 16-нд бичиж дуусгав...)

- Геологичдын тухай, нисэгчийн тухай Ч.Чимидтэй, Д.Нацагдоржийн тухай Д.Намдагтай жүжиг бичихээр тохирч, төлөвлөгөө гаргасан...

- А.Шартолгойн “Зөрүү алхам”, А.Очирбатын “Нэг ангийнхан”, Ж.Б Мольерийн “Харамч” жүжгийн орчуулга, Хорлоо гэгч хүний Тоодой зэрэг арваад жүжиг уншиж, хэдэнтээ зөвлөгөө өгсөн...

- Ж.Дансранжав, Б.Дэндэв, Д.Рэнцэндорж, А.Арганбай, Ж.Пүрэв нарын өчнөөн хүний зохиолын уншиж, тус бүр 4-5 удаа зөвлөгөө өгсөн...

- Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Дорнод аймгийн 10 гаруй сумаар явж клуб, номын сан, музей шалгаж, зөвлөсөн...

1968 оны наймдугаар сард Л.Ванган Соёлын яамны шийдвэрээр зөвлөлтийн зохиолч Купряновтой хамт Халх голын дайны ойд зориулан бүтээх “Атга шороо” хамтарсан кино төсөлд баримт цуглуулах зорилготой аялжээ. Энэ аялалд түүнтэй зам нийлсэн тухайгаа яруу найрагч Ш.Сүрэнжав гуай ихэд сүсэглэн дурсдаг байв:

Ю.Цэдэнбал, А.Аваpзэд нарын хамт.

“Л.Ванган гуай маань миний л ижил ачааны машины ард хашлагыг нь буулгасан сандал дээр суучихсан улаан тамхи угзарч явсан нь хачирхалтай санагдана... Анзаарсан хүнд бол түүний энгэр дээр гялалзаж байгаа өлзий хээтэй төрийн шагналын тэмдэг л бусдаас арай өөр хүн гэдгийг нь тодруулна...”

Ш.Сүрэнжав гуайн өгүүлэхээр бол Л.Ванган энэ өдрүүдэд их л галтай цогтой, хөгжилтэй явсан гэдэг. Харин дотроо бол тун хэцүүхэн аялж иржээ.

“Бүх яс маань хэлхээгээрээ салах шахав. Зөвхөн талдаа 360 км давхина гэдэг яггүй хэрэг юм” гэсэн тэмдэглэл дэвтэрт нь үлджээ.

Халхын голоос ийм байдалтай буцаж ирээд удаагүй, бие нь халуурч эхлээд байхад ЗХУ руу явахаар болов. “Хүний мөр” киноны дуулиант хурлаас хойш Л.Ванганыг эх орноосоо гарахыг цагдсан хорио энэ аяллаар тавигдсан тул тэрээр биеийн алжаалыг умартан явахаар зориглосон аж. Есдүгээр сарын дундаас эхэлж, Москва, Ташкентаар дайрсан энэ аяллын талаар зохиолч С.Эрдэнний дуртгалд байна.

“Л.Ванганыг ерөөс л бичгийн ширээнээс нь холдуулах айхтар цохилт, далдын хясал хавчлага бүтэн долоон жил үргэлжлээд, МЗЭ-ийн хорооны дарга С.Удвал тэр бүхний шалтаг холдож хуучирсныг буюу өршөөл элбэрэл ирж магадгүйн тэмдэг болгож, хил алхуулан дагуулж явсан хэрэг байлаа. Тэгээд ч сүүлийн хэдэн жилийн турш сэтгэлийн хүнд дарамтанд автаж, голцуухан л нүдэндээ чийгтэй явсан Л.Ванган маань сая нэг чөлөөтэй амьсгал аваад, эрх чөлөөт уран бүтээлч шиг, эр хүний ёсоор жолоогоо нэг тавиад орхисонд, дагуулж явсан С.Удвал гуай маань ч татаж чадаагүйдээ нэлээд гоморхож бухимдсан янзтай ирж билээ...”

Эх орондоо дотор зовиуртай буусан Л.Ванган Төр хурахын аман дахь сувилалд хэвтэж эмчлүүлсэн ч засралыг эс олов. С.Эрдэнэ гуайн өгүүлснээр бол, “Хоёрдугаар нэгдсэн эмнэлгийнхэн “Манай хүн биш” гээд авсангүй. Тэр үес Боткины өвчин буюу халдварт шар өвчин дэлгэрсэн байв. Тэр л байх гээд Богд уулын Төр хурахын аманд аваачсан байв. Хэвтсэний нь маргааш Чимид, Зундуй бид гурав Улаанбаатарын рашааны хөлийн уснаас баахныг лонхонд хийж аваад очлоо. Л.Ванганы бие нэл шар ногоон болжээ. Бүр нүд халтирмаар. Элэг нь томроод, цөс нь хаагдчихсан нь илт. Хэд хонуулаад халдварт шар биш эсэхийг тодруулахаар Зайсангийн амны эмнэлэгт авчрав. Тогтоож тун ядамгүй оношийг нь тогтоож ядсаар байтал Л.Ванганы бие бүр муудав. Бүр элэг нь задарч эхэлсэн хойно мөнөөх хоёрдугаар эмнэлэгт сүүлчийн өдрүүдийг нь өнгөрүүлэхээр авчирлаа. Л.Ванганы маань амьд явах хугацаа дуусах тийшээ хандсан нь тодорхой боллоо...” хэмээнэ.

Л.Ванган гуай идэр есийн өмнөхөн 12 дугаар сарын 7-нд амьсгал хураажээ. Кино найруулагчаар ажиллах сонирхолтойгоо гэргийдээ аминчлаастай, бичээгүй зохиолын санаа цээжинд ботилоотой, ихийг хийж бүтээхийн гал эрмэлзлэлээр дүүрэн явсан Монголын нэгэн сод хүү ийнхүү хүнд суртал, далд хавчлагын золиос болон хэтэрхий залуудаа хорвоог орхижээ. Л.Ванган шиг бүтээлч хүний хувьд 49 нас гэдэг утга төгөлдөр, урт амьдралын удиртгал төдий л санагдана.

Л.Ванган, дүү циркийн урлагийн нэрт зүтгэлтэн Л.Нацагийн хамт. Бээжин. 1954 он.

“Мартахуйн цэл мөсөн доогуур

Санахуйн сул усан урсана...”

Мөнх бусыг сөрөн урссан нэгэн тунгалаг урсгалыг мөс цөмлөж харзлуулъя хэмээн энэ хүртэл нуршив. Нуршихад хэмжээ бий. Дурсан санахад хэмжээ үгүй.

 

Л.Ванган гуайн хань Т.Пялзай эдүгээ үр хүүхэд, ач, гуч, жич нараа тойруулсан энх тунх амьдарч байна. Цэл залуу 37 насандаа ханиасаа хагацсан энэ эмэгтэй дөрвөн хүүхэддээ нэг насны амьдралаа зориулжээ. Л.Ванган гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан цуврал нийтлэлийг Т.Пялзай гуай болон их зохиолчийн охин В.Оюунбилэг нар хичээнгүйлэн цуглуулсан архив болон Босго фильмийн бүтээл “Хүний мөр: Л.Ванган” баримтат киноны ажлын материалд үндэслэн бичив.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Агуу хүн гэдэг бол агуу л байдаг даа

    1 0 Хариу бичих
  2. ёстой сайхан нийтлэл байна, амтархан уншлаа.

    1 0 Хариу бичих