Covid 19 цар тахал дэлхий нийтийг түгшээж буй энэ үед УИХ хаврын чуулганаа цахимаар нээж, тэр нь ч үр дүнтэй үргэлжилж байна. Шинэ коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийн эсрэг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газраас өргөн барьсан багц асуудлыг дөрөв хоногийн дотор баталчихлаа. Энэ бол нэн яаралтай батлах шаардлагатай, монголчуудын “аминд тулсан” чухал асуудал байв. Одоо УИХ-д хэлэлцэн батлах шаардлагатай ямар асуудлууд байна вэ. Анхаарлаа хандуулъя.
УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй гэвэл өмнөх сонгуулиудын жишгийн дагуу хаврын чуулган тавдугаар сарын 20-диор завсарлана. Сонгуулийн бус жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн хаврын чуулган богинохон хугацаанд үргэлжилнэ гэсэн үг. Энэ парламент үлдсэн богинохон хугацаанд юуг амжуулах ёстой вэ. Хаврын чуулган бүрээр хэлэлцэх хуулийн зохицуулалттай төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, үндсэн чиглэл зэргийг хэлэлцэн батлах нь ойлгомжтой. Мөн намар болох орон нутгийн сонгуулийг товлон зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гадна заавал хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудал бий. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой юм.
Эхлээд М.Энхболдын удирдаж байсан, одоо Г.Занданшатарын даргалж байгаа энэ УИХ-ын хийсэн хамгийн том ажил нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. 19 жилийн дараа Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж ирэх сарын 25-наас мөрдөж эхлэх гэж байна. Тус өөрчлөлтөд нийцүүлэн 30 орчим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Эдгээр хуулиас хаврын чуулганы хугацаанд заавал хэлэлцэх шаардлагатай нь УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлтүүд юм. 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ, Засгийн газрын тоглоомын дүрэм маш тодорхой болсон байх учиртай.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд дурдсан УИХ-ын чуулганы хугацааг нэмж 75 хоног болгох, хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи бус нийт гишүүдийн олонхийн саналаар эцэслэн батлах, Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг батлахдаа орлого, зарлагын хэмжээг өөрчлөхгүй байх, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх гэх мэт өөрчлөлтүүдийг УИХ, Засгийн газрын тухай хуульд оруулах ёстой. Дараагийн УИХ, Засгийн газраа гацаанд оруулахгүйн тулд энэ хуулийн төслүүдийг УИХ хаврын чуулганаараа заавал батлах ёстой юм.
Харин батлах эсэх нь эргэлзээтэй ч бас нэгэн чухал хуулийн төсөл бий. Энэ бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Уг хуулийн төсөл нь чуулган болгоны хэлэлцэх асуудлын дараалалд багтдаг ч хэлэлцэгдсэн түүх үгүй. Энэ удаад ч мөн багтсанаас гадна батлагдах найдлага төрүүлээд байна. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай нийцүүлж сонгуульд олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр Үндсэн хуулийн 3.1-д заасанчлан ард түмэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дам сонгох эрх эдлэх болно. УИХ-ын сонгуулийн агуулга өргөжиж, гүйцэтгэх Засгийн тэргүүнээ зарлаж, ил тод өрсөлдөх замаар ард иргэд Засгийн газрын тэргүүнээ гишүүдээр дамжуулж, шууд бусаар сонгодог болно. Энэ бол парламентын засаглалтай улсуудын нийтлэг жишиг, ардчилал амилсан нийтлэг, үндсэн зарчим нь юм. Ард түмнээс мандат авсан Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж тогтвортой, хариуцлагатай ажиллах хууль эрх зүйн орчин ингэж бүрдэх учиртай. Энэ бүхэн нэг цогц өөрчлөлт болсноор ардчилал төгөлдөршиж, тогтвортой засаг, хариуцлагатай төр төлөвшинө. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ардын зүйр үг бий. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн эрх зүйн хувьсгалыг төгс төгөлдөр хэрэгжүүлэхийг эрхэм гишүүдээсээ хүсье.
Намын даргадаа суурилсан PR
Спикер сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог зарчмыг Улс төрийн намын тухай хуулиар хуульчилна гэдгээ мэдэгдлээ. Энэ бол өмнө нь намын дүрмээр зохицуулагддаг байсан асуудал. Бас ингэж хуульчлаагүйгээс болж Засгийн газрууд ойр ойрхон огцорсон түүхтэй. Намын дарга бус Ерөнхий сайдтай Засгийн газар хүч султай, зөрчил ихтэй байдгийг Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын тэргүүлсэн Засгийн газар харуулсан. Тиймээс намын дарга нь заавал Засгийн газраа тэргүүлдэг байх асуудлыг хуульчлахаар төлөвлөжээ. Хэрэв Улс төрийн намын тухай хуулийг сонгуулиас өмнө ингэж баталж чадвал 2020 оны сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар тогтвортой байх магадлалтай. Мөн дээрээс нь сонгогчид УИХ-д төлөөллөө сонгохоос гадна дараагийн Ерөнхий сайдаа дам сонгох эрхтэй болно гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. Олон улсад ийм жишиг бий. Харин манайд энэ жишгийг орон нутгийн сонгуульд ашиглаж байлаа. Тодруулбал, 2012 оны НИТХ-ын сонгуулиар АН “Манай нам ялсан тохиолдолд Улсын баатар Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилно” гэсэн PR хийж байв. Мөн 2016 оны орон нутгийн сонгуулиар АН “Баянгол дүүрэгт манай нам ялсан тохиолдолд УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг дүүргийн Засаг даргаар томилно” гэж мэдэгдсэн. Энэ хоёр сонгууль хоёулаа АН-ын хүссэнээр болсон. Өөрөөр хэлбэл, нэр хүнд сайтай гэж үзсэн нэг хүндээрээ суурилсан сонгуулийн PR-ыг ингэж хийдэг.
УИХ-ын даргын хэлсэн үгнээс ажиглавал эрх баригчид сонгуулиас өмнө Улс төрийн намын тухай хуульд дээрх байдлаар өөрчлөлт оруулж сонгуулийнхаа PR-д ашиглахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар олон нийтийн дундах нэр хүндээрээ МАН-ын дарга У.Хүрэлсүхийг гүйцэх намын дарга алга. Тиймээс эрх баригчид ийнхүү У.Хүрэлсүх дээр сууриалсан сонгуулийн кампани явуулахыг үгүйгэхгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар ч ингэх нь зөв гэдгийг хэлчихлээ.
Ямар төртэй байхнь ямар намтай байхаас шалтгаалдаг
Улс төрийн намын тухай хуулийг сонгуулийн PR-даа ашиглах ч бай, үгүй ч бай батлах нь чухал. “Ямар ард түмэн байна тийм л төртэй байна” гэсэн үгийг улстөрчид хэлэх дуртай байдаг. Гэвч манай улсад ямар төртэй байх нь ямар ард түмэнтэй байхаасаа илүү ямар намтай байхаас шалтгаалж байна. Намууд төлөвшөөгүй цагт иргэд ямар ч сонголт хийгээд нэмэргүй гэдгийг саяхан Үндэсний аудитын газарт өгсөн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс харж болно. Яг үнэндээ манай улс төрийн намуудад нэг нэгнээсээ ялгарах зүйл алга. Таарсан таар шуудайнууд гэдэг шиг. Тиймээс Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн найруулах, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг тусад нь батлах шаардлагатай.
Зарим улстөрч “Төрийн дээр нам гарлаа” гэж цээжээ дэлддэг. Төр ямар байх нь намуудаас шалтгаалдаг учраас Улс төрийн намын тухай хуулиа өөрчлөөгүй цагт төрийн дээр нам сандайлсаар л байх болно. Тухайлбал, төрийн түшээгээр ямар хүн ажиллахыг улс төрийн намууд шалгуураараа шийдэж байна шүү дээ. Намдаа их хэмжээний хандив өгсөн хүмүүс л сонгуульд нэр дэвших эрх олж авдаг, албан тушаалд томилогддог нь нуухын аргагүй үнэн. Одоо энэ нь бүр ил цагаандаа гарсан. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдээсээ зуу зуун саяар нь мөнгө нэхэж буй нам ч бий. Нэр дэвшигчээ тодруулах эцсийн мөч хүртэл мөнгөө өгсөн хүмүүс найдлага тавьж хүлээнэ. Гэвч 76-хан хүн л нэр дэвших боломжтой учраас гомдож үлдэх хүн олон. Гомдсон хүмүүс өмнөх сонгуулиар бие даан нэр дэвших дараагийн хувилбар руу шилждэг байлаа. Гэвч энэ удаагийн сонгуулиар ингэх боломжгүй.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” хэмээн заасан бол “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” хэмээн яг адилхан заажээ. Өөрөөр хэлбэл, намаас нэрээ дэвшүүлэх, бие дааж нэрээ дэвшүүлэх хуулийн хугацаа нь нэгэн зэрэг эхэлж, нэгэн зэрэг дуусах юм. Өмнөх сонгуулиар нэр дэвшүүлэх үйл ажиллагаа зэрэг эхэлж нам, эвслийнх нь тав, бие даан нэр дэвшүүлэх нь долоо хоногийн турш үргэлжилдэг байлаа. Нам, эвслээс нэр дэвших боломжгүй болсон хүн үлдсэн хоёр хоногт нь бие даан нэр дэвших боломжтой байв. Харин энэ удаад энэ боломжийг хязгаарласан учраас гомдсон хүмүүст гомдлоо тайлах боломж алга. Мөн намууд нэр дэвших хүсэлтэй гишүүдээ эд хөрөнгө бэл бэнчингээр нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хууль зөрчиж байгаа ч улс төрийн намын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэх боломжгүй. Цэц зөвхөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, олон улсын гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шүүн тунгаадаг. Тиймээс намууд “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэсэн шиг дураараа авирлах болов. Энэ мэтээр төрийн эрхэнд ямар хүн гарах, ямар төртэй байх нь улс төрийн намуудаас шалтгаалж байна. Тиймээс төрийн үндэс суурийг зохицуулах Улс төрийн намын тухай хууль нь Үндсэн хуулийн дараа орох “үндсэн хууль” юм.