“Банкны теллер удахгүй байхгүй болно. Зээлийн эдийн засагчийн ажлыг компьютерийн программ орлож эхэлсэн. Арилжааны 13 банк тус бүр зээлийн эдийн засагчтай байгаа бол үүнийг программ орлосноор зээл хүсэгчийг илүү ч судлах боломжтой” гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

Өнөөдрийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн улмаас ирэх жилүүдэд ийнхүү зарим ажил мэргэжил огт шаардлагагүй болох бол одоо байхгүй мэргэжлүүд шинээр бий болох юм. Тухайлбал “Bizness insider” сэтгүүлд бичсэнээр өнөөгийн цэцэрлэгийн хүүхдүүдийн бараг гуравны хоёр нь одоогоор байхгүй мэргэжлийг сонгох болно хэмээн бичсэн байна. Тэд АНУ-ын Хөдөлмөрийн товчооны урьдчилсан тооцоо цалингийн мэдээллийг ашиглаад дараагийн 10 жилд эрэлттэй байх мэргэжлийг жагсаахад технологийн болон анагаах ухааны мэргэжлүүд тэргүүлсэн байлаа.

Жагсаалтад технологийн болон анагаах ухааны ажил мэргэжлүүд орсон байгаагийн хамгийн тэргүүнд сэргээгдэх эрчим хүчний техникч, инженерүүд оржээ. Нар салхины эрчим хүч нь хүн төрөлхтний гол эх үүсвэр байх бөгөөд энэ төрлийн эрчим хүчний үнэ жилээс жилд буурсаар байгаа гэсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрт нар, салхины эрчим хүчний инженер техникчдийн эрэлт өсөн нэмэгдэх бөгөөд АНУ-д гэхэд 2016-2020 оны хооронд 10 000 орчим энэ чиглэлийн мэргэжилтэн ажилд авах шаардлагатай гэх судалгаа байгаа юм. Уг мэргэжлийн жилийн дундаж цалин 2019 онд 42 680 ам.доллар байжээ.

Түүний араас лиценз бүхий сувилагч, программ хангамж хөгжүүлэгч, Ерөнхий болон үйл ажиллагаа хариуцсан менежер, санхүүгийн төлөвлөгч, нягтлан бодогч гэсэн мэргэжлүүд айргйн тавд жагссан байх юм. Ерөнхий чиг хандлагыг харвал автоматжуулалтын инжинер эрэлттэй байх тухай судлаачид хэлжээ. Учир нь тоног төхөөрөмжийн нарийвчлал хөгжихийн хэрээр тэдний ажлын байр асар ихээр нэмэгдэх бололтой. Нэг л жишээ дурдахад пицца түгээх ажлыг ойрын таван жилд дроноор орлох тул тэдгээр дроныг ажиллуулах мэргэжилтэн хэрэг болох нь. Цалин хөлсийг үндэслэн гаргасан тул дээрх судалгааны дүнг бодитой хэмээн үзэж болох юм. Тэгвэл Nesta агентлагийн хийсэн судалгаагаар багшийн мэргэжил хэзээд эрэлттэй байх бөгөөд түүний чадварыг робот хараахан гүйцэтгэж чадахгүй гэжээ. Тэдний жагсааснаар бол багшийн мэргэжлийн араас спортын дасгалжуулагч, зөв хооллолтын дасгалжуулагч байгаа нь ойрын арван жилд меллиниалууд дасгал хөдөлгөөнд ихээхэн анхаарч спортын зааланд багагүй цагийг өнгөрөөнө гэж үзсэн байна.

Харин манай улсад бол хөгжлийн чиг хандлагаас шалтгаалан өөр байгаа юм. Монгол Улсын эдийн засаг төдийлөн төрөлжөөгүйгээс шалтгаалан эрэлттэй мэргэжлийн эхэнд маркетингийн менежер орсон байлаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газраас Монгол Улсад ойрын жилүүдэд эрэлттэй байх мэргэжлийн судалгааг гаргасан бөгөөд доорх  чиглэлүүдийг онцолжээ.

  • Маркетингийн менежер
  • Мэдээлэл технологийн мэргэжилтэн
  • Өндөр зэрэглэлийн тогооч
  • Барилгын инженер
  • Авто барилгын инженер
  • Гоо сайхны мэс засалч
  • Уул уурхайн инженер
  • Архитектор
  • Геологич
  • Төслийн менежер

Дотоодын болон гадаадын эрэлттэй мэргэжлийн жагсаалтад мэдээллийн технологийн болон автоматжуулалтын мэргэжилтэн байгааг бид харлаа. Мэдээллийн технологийн салбар бол орон зайг үл хамааран, ажлын цагаа өөрөө зохицуулан ажиллаж, хөдөлмөрлөх боломжтой өвөрмөц салбар. Өөрөөр хэлбэл дэлхийн аль ч өнцгөөс ажлаа хийх боломжтой мэргэжил гэсэн үг юм. Харамсалтай нь манайд энэ салбарт хөдөлмөр эрхлэх ажлын байр хомс, зах зээл жижиг, мэргэжлээрээ тогтвортой ажиллах боломж бололцоо хомс байдаг тул сүүлийн жилүүдэд энэ мэргэжлээр төгсөгчдийн тоо улам багасаж байгаа нь харамсалтай гэж хөдөлмөрийн зах зээлийн салбарынхан хэлснийг онцольё.

Ганц хоёрхон жилийн дараа банкны теллер”-ийн ажлыг хүн хийхгүй болохтой зэрэгцэн бид орлуулагдашгүй үнэ цэнэтэй мэргэжилтэн болох шаардлагатай. Робот гүйцэтгэж чадахгүй нарийн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хэн ч үнэ цэнэтэй хэвээр байх болно. Тиймээс нэгдүгээрт өөрийн сонирхолд үндэслэн хөрвөх чадвартай мэргэжил сонгох, сонгосон аливаа мэргэжилдээ нарийн мэргэших явдал чухал болж таарлаа.

Гэтэл энэ нь манайд эсрэгээрээ буюу эрэлттэй мэргэжил сонгохоос илүүтэйгээр эцэг эхийн оруулсан сургууль эсвэл олдсон ангид нь орох явдал түгээмэл байна гэжээ. Нэг тоо баримтаас жишээ авч танилцуулахад, манай улсын их дээд сургууль төгсөгчдийн 54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг байна. Хувийн их дээд сургууль төгсөгчдийн 44.2 хувь нь бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлээр төгссөн байгаа нь бараг хоёр төгсөгч тутмын нэг нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн байна.

Шилдэг мэргэжил гэж байхгүй, шилдэг мэргэжилтэн л байдаг. Аливаа хүн ямар ч мэргэжил сонгож, хөдөлмөр эрхэлж болно. Гагцхүү энэхүү мэргэлжилдээ чадварлаг болох нь хамгийн чухал зүйл гэж бодож байна. Үүнтэй холбогдож сонгох гэж буй мэргэжлээ сайтар судалж, тухайн мэргэжлийн мөн чанарыг мэдсэн байх нь чухал юм.

Дэлхий дээр 9 000 гаруй мэргэжил байдаг бөгөөд эдгээр мэргэжлийг Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А.Климов мэргэжлийг үйл ажиллагааных нь онцлогоор 5 бүлэгт хувааж үзсэн байдаг. Тухайлбал хүн хүнтэйгээ харилцах, байгальтай харилцах, техниктэй, тэмдэгтийн системтэй, урлаг уран сайхны дүртэй харилцах гэсэн 5 бүлэгт хувааж үздэг. Өөрөөр хэлбэл энэ 5 бүлгийн аль чиглэлд нь таарах мэргэжлийг сонговол миний хүүхдэд болон надад боломж байна вэ? гэдгийг бодох ёстой гэдгийг хамгийн түрүүнд олж харах шаардлага байгаа юм. Тэгээд мэдээж дэлхий нийтэд болон манай улсад ямар мэргэжил эрэлттэй байх чиг хандлагыг харах үлдлээ.