Өнөөдрийн 18:00 цагт Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хаагдана

Энэ сарын 13-ны байдлаар 28,155 шалгуулагч бүртгүүлжээ. Өмнөх жилүүдэд монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтыг шалгуулагч бүр өгч, босго болох 400 оноогоо авсан тохиолдолд бусад хичээлийн шалгалтаа өгдөг байсан. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан монгол хэл, бичгийн шалшалтыг энэ жил алгасахаар болсон. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд авахаар товлоод байна.     

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт орон даяар эхэлсэн бол өнөөдөр оройн 18:00 цагт хаагдана. Тиймээс шалгуулагчид хугацаандаа  багтан бүртгэлдээ хамрагдахыг анхааруулж байна. Бүртгэлийг цаашид сунгахгүй болохыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.    

Шалгуулагч нь дараах зүйлсийг сайтар анхаарч хичээл сонголтоо хийхийг зөвлөж байна. Үүнд:

  • Та их, дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn/ / -аас лавлах мөн эцэг эх болон багш нартайгаа сайтар зөвлөлдөх хэрэгтэй.
  • ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна.
  • Шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.
  • Шалгуулагч хичээл сонголтоо хийсний дараа төлбөрийн хураамжтай танилцаж төлбөрийг төлнө.
  • ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна;
  • Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан төлбөрөө шилжүүлэх боломжтой. Тухайн карт зөвхөн бүртгүүлэгчийнх байх шаардлагагүй ба эцэг эх, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглах боломжтой интернет гүйлгээ хийх эрх бүхий карт байх ёстой. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ийн 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)