Цар тахлын үеэр хамгийн ихээр хохирдог, үхэж үрэгддэг нь нийгмийн эмзэг давхаргынхан буюу бага орлоготой иргэд байдаг. Тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү өртдөг нь амьдрал дээр батлагдсан зүйл. Ковид19 цар тахлын дэгдэлт намжих болоогүй, эмчилгээ, вакцин хэзээ гарах нь тодорхойгүй байгаа энэ үед хатуу хорио цээрийн дэглэм тогтоосон улс орнууд хүнсний хөтөлбөр хэрэгжүүлж, иргэддээ хоол хүнс олгож байна.
НҮБ нийтийг хамарсан өлсгөлөн гарах вий хэмээн түгшиж байна
Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тайланд өгүүлснээр, цар тахлын өмнө дэлхий даяар 87 сая хүн хүнсний байнгын дутагдалтай амьдарч байжээ. Өөр 821 сая хүн ядуу, хоол хүнсний дутагдалд ороход бэлэн байдалтай гэсэн байна.
ДХХ-ийн Берлин дэх салбарын ажилтан Беттина Люшер EPD агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид дотооддоо түгшүүр зарлаад байгаа. Удахгүй маш ноцтой хямрал, өлсгөлөн болно гэж санаа зовж байна” хэмээн өгүүлжээ. Цар тахлын дэгдэлтийн улмаас эмзэг эдийн засагтай улсуудад аль хэдийнэ хүндрэл учраад эхэлчихсэн гэнэ. Тэр дундаа Африкийн орнуудад байдал маш хүнд байгааг Беттина Люшер нэр заан дурджээ.
Тиймээс улс орон бүр дор бүрнээ эмзэг бүлгийн иргэд рүү чиглэсэн хүнсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм. НҮБ-ын гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхий даяар 820 сая хүн өлсгөлөнгийн байдалтай байгаа гэнэ. Тодруулбал, ДХХ-ийн судалгаанд “Ядуу хоол хүнсний дутагдалд ороход бэлэн” гэж тодорхойлогдсон 821 сая хүн аль хэдийнэ ангилал буурч, өлсөгөлөнд нэрвэгдсэн гэдгийг НҮБ-ын судалгаа баталжээ.
Монголд байдал ямар байна
Дэлхийн банкны хамгийн сүүлийн судалгаагаар Монголын хүн амын 30 хувь буюу 29,6 хувь нь ядуурлын түвшинд байгаа гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядууралтай. Үндэсний статистикийн хорооны гаргасан тайлангаар, манай улсын нийт өрхийн 50 орчим хувь нь 900 000 хүртэлх төгрөгийн орлогоор амьжиргаагаа залгуулж буй. Эд бол ядуурал руу хальтрах магадлалтай иргэдийн тоо бөгөөд хорио цээрийн дэглэмийн үед одоо аль хэдийнэ ядуусын тоонд орчихсон яваа. Ядуусын ихэнх нь хот суурин газарт төвлөрч байна.
Өрхийн орлогоо цалин хөлсөөр бүрдүүлдэг, ажил нь зогсоогүй айл өрх одоохондоо амьдралаа болгоод байна. Бусад эх үүсвэрээс амьжиргаагаа залгуулдаг өрхийн орлого үгүй болсон ч хурааж хумьсан орлогоо идэх юм уу эргэлтийнхээ мөнгийг зарлагадаж буй. Нөхцөл байдал одоогийнх шигээ байвал эд удахгүй юу ч үгүй болж, сэхэхгүй хэмжээнд хүрнэ. Гэтэл эдний цаана ямар ч орлогогүй болсон олон арван мянган өрх өлөн зэлмэн амьдарч байна. Хүнс барааны зах дээр жижиг наймаа хийдэг, мөн тэнд ачаа зөөж, наймаачдын гар хөлийн үзүүрт зарагдаж амьдардаг, хувийн тэргээрээ хүн зөөдөг гээд хөл гар нь тушигдсан бүх л өрх өнөө эс гэхэд маргаашдаа өлсгөлөнтэй нүүр тулах нь гэдгээ ойлгон бачимдаж байна.
Гэтэл төр засаг өнөөг хүртэл иргэдийнхээ амьдралд бодит дэмжлэг болчихоор арга хэмжээ авсангүй. Иргэдэд мөнгөн тусламж хэлбэрээр олгох ганц арга хэмжээ болох 200 000 төгрөг нь “Яах гэж нийгмийн даатгал төлөхгүй явсан юм бэ” гэж тавласан шинжтэй. Ерөнхий сайдын хэлэх нь даатгал татвар төлдөг “эх оронч” ААН-үүдэд л 200 000 олгоно, бусдад нь үлгэр болог гэх маягтай. Цар тахлын дараа байдал өөр болно. Энэ удаа мөнгөгүй үлдсэн иргэд яаж ийгээд ажилд орно, ААН-үүд даатгал, татвараа төлөхийг эрмэлздэг болно гэж байгаа юм уу даа. Гэтэл энэ чинь цар таахлын үе, онцгой нөхцөл байдал шүү дээ. Дэгдэлтийн дараа тэр хүмүүс амьд байх уу үгүй юу гэдэг асуудал. Нарийндаа Монгол Улс байх уу гэдэг асуудал яригдаж байна. Ийм үед ямар ч улс орон хүн амаа авч үлдэхийг л боддог. Гэтэл манайх цар тахлыг далимдуулан хүн амаа ялгаварлан гадуурхаж, сургамж өгөхийг оролдож байх юм. Одоо энэ байдлаа татах цаг болсон. Цар тахлын үед аюулгүй өнгөрөөсөн цаг хугацаа маш үнэ цэнэтэй болдог. Вакцин гартал өлсөж үхчихгүй байх нь одоо жижиг улсуудын тулгамдсан зорилт болоод байна. Бид одоо энэ асуудлыг л яаралтай шийдэх ёстой. Авлигажсан төсвөө задалж, барилга байшингуудаа хүнс болгох цаг ирээд байна. Хав дарж суусаар байтал дэлхий даяараа хүнсний гачигдалд ороод үнэ нь нэмэгдчихнэ. Харамч хүн хоёр дахин төлдөг гэгч болох вий.
Дэлхийн улс орнууд иргэддээ хүнс түгээж байна
Цар тахалд өртсөн улс орнууд иргэддээ бэлэн мөнгө эсвэл хүнсний бүтээгдэхүүн тусламжаар олгож байна. Тахлын хамгийн том голомт болоод буй АНУ гэхэд долоо хоног тутам 80 ам.долларын үнэ бүхий хүнсийг иргэдэдээ олгож байна. Нэгдсэн улсад хөл хорионд орсон монголчуудын төлөөлөл, МҮОХ-ны ЕНБД асан Ж.Отгонцагааны фэйс хуудаснаас хүнсний зургийг авч орууллаа.

Зарим улсад хөл дээрээ тогтсон компаниуд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх ажлыг хийж байна. Вьетнам улсад нэгэн компани иргэдэд будаа түгээх автомат машин ажилуулж байгаа мэдээлэл өчигдөр "Еagle" телевизээр цацагдлаа. Харин манайд яаж байна. Хүмүүс өлсөж, шийдвэр гаргагчид хэрэлдэж байна. УИХ дахь АН-ын бүлэг төсөв тодотгохыг эрх баригчдаас шаардаж байгаа. Харамсалтай нь гамшигт эхний эгнээнд нэрвэгдэж байгаа иргэдээ бас л харахгүй байгаа бололтой. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат төсөв задалж гаргах мөнгөнөөс тодорхой хэмжээний хөрөнгийг арилжааны банкуудад хуваарилж, бизнесийг дэмжих зээл болгож гаргахыг Сангийн сайдаас шаардаж, өнөөх нь “Арилжааны банкуудад мөнгө өгөх гэлээ” гэсэн шалтгаанаар төсөв тодотгохоос татгалзаж байх юм. Хэн нэг нь ард түмнээ бодчих юм бол улстөрийн оноо авчих юм шиг энэ байдлаа одоо больё. Нийлээд шийдээд явья гэж хоёр намд уриалъя.
Иргэдэд хүнсний талоныг илүү өргөн хүрээнд тараах ёстой
Тахлын үед эмчилгээ, вакцин гарах хүртэлх цаг хугацаа хамгийн үнэтэй. Яг таг тодорхой болоогүй ч судалгаа хийж байгаа эрдэмтдийн ярьж байгаагаар бол 1-2 жил шаардлагатай гэж байна. Вакцин гарсны дараа амьд үлдсэн хүн бүр, иргэдээ бүрэн бүтэн үлдээсэн улс бүр ялагч болох учиртай. Манай улсын хувьд аюулт вирусийг дотогшоо алдалгүй тогтоон барьж байгаа. Цаашид ч нэвтрүүлэхгүй байх. Гэвч ажил орлогогүй иргэд өлсгөлөн хэмээх том шалгалтыг өөрсдийн хүчээр давах шаардлага тулгарч байна. Эрх баригчид “Хүнсний нийлүүлэлт тасалдахгүй” гэж амалж байгаа ч иргэдэд түүнийг нь авах мөнгө алга. Магадгүй, цаг нь арай болоогүй гэж тооцож байж болох юм.Гэхдээ одоо эс ч ийм арга хэмжээ рүү орж л таарна. Цөөхөн хэдхэн хүнээ тартагт нь тулгачихгүй юм сан гэсэндээ бичиж сууна. Хүнсний талоныг илүү өргөн хүрээнд тараая.