Түдэв ах, Түдэв дарга, Түдэв эрхлэгч

Аливаа хүний бага, залуу наснаас амьдралын турш мартагдахгүй хоцорсон хүн, эсвэл сонин, содон үйл явдал цөөнгүй байдаг хэдий ч тухайн хүний боловсрол, төлөвшилд онцгой нөлөөлсөн нь тэр бүр олон байдаггүй бизээ.

Лодонгийн Түдэв хэмээх энэ суут хүн Б.Энхмандах гэдэг эгэл миний амьдралд нялх бага нас болон идэр залуу насанд маань гурвантаа холбогдож, миний амьдралд өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн ачтан билээ.

ТҮДЭВ АХ. Миний эцэг, эх хоёулаа тэртээ 1953 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн Орос хэлний салбарын анхны оюутнууд болж, Л.Түдэв гуайтай нэгэн ангид 3 жил суралцсан бөгөөд ээж маань дөнгөж 8-р ангиа төгссөн хамгийн залуу оюутан байсан юм билээ. Тэд 1956 онд сургуулиа төгсөөд 1959 оныг хүртэл Говь-Алтай аймагт гурвуулаа хамт багшилж, нэгэн гэрт амьдарч байсан гэдэг. Тэр л цаг үед миний 4 насны ойгоор Түдэв ахын дурсгасан нэгэн номыг би одоо ч санаж байна. Зөвлөлт, Киргизийн алдарт зохиолч Чингис Айтматовын бичиж эхэлж байсан тууж, өгүүллүүдийг нь багтаасан “Белыеть паруса” гэдэг хүүхдийн зохиолын эмхэтгэлийг “Бяцхан дүү Энхмандахдаа эрдэм номтой хүн болохын ерөөлийн хамт өргөн барив. 1959 оны 3-р сарын 10. Л.Түдэв” гэж бичиж дурсгасан байсныг хожим би сурагч насандаа уншиж орос хэлний дөртэй болсон гэж хэлж болно. Харамсалтай нь тэр үнэт ном маань хожмын амьдралын их нүүдэл, суудал дунд үрэгдэж алга болсонд би гүнээ харамсаж байдаг. Миний ээж Б.Энэбиш 1959 онд Улаанбаатар хотод эргэж ирээд эвлэл, пионерийн ажилд шилжиж, олон жил Улаанбаатар хотын Багш нарын Эвлэлийн үүрийн дарга, МПБ-ын Төв зөвлөлд баатарчуудын асуудал эрхэлсэн зааварлагч зэрэг ажлыг хийж байсан сурган хүмүүжүүлэгч нэгэн байсан бөгөөд Түдэв ахын мэдлэг боловсрол, ажилч хөдөлмөрч чанарын талаар үргэлж надад үлгэр дууриалал болгон ярьдаг байж билээ. 

Энэ хүнээр бахархах, түүнийг үлгэрлэн дууриахыг хичээж, бишрэх сэтгэл минь миний хувьд хүүхэд ахуй цагаас ном, эрдэмд ойр байж, сурч мэдэхийн төлөө тэмүүлэх, улмаар эзэмшсэн философийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах, хожим нийгэм, улс төрийн сэдвээр нийтлэл, өгүүлэл бичих сонирхол төлөвших хөшүүрэг болсон бизээ. 

Бас хожим буюу 1984 онд миний багийн мэдэх Л.Түдэв ах маань МХЗЭ-ийн Төв Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь надад түүнд ойр байж, түүнтэй хамтран ажиллах сэдлийг өгч, Их сургуулийн багшийн ажлаа орхин байж, эвлэл, залуучуудын байгууллагын ажилд шилжихэд нөлөөлсөн буй заа гэж боддог. 

УБИС-ийн орос хэлний салбарын анхны оюутнууд.

Арын эгнээний голд Л.Түдэв гуай, өмнө нь миний ээж Э.Энэбиш.1953-1956 он.

ТҮДЭВ ДАРГА. Би их сургуулиа 1978 онд төгсөж ирээд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетэд багш болж, таван жил гаран багшилж байтал 1983 оны 11-р сард МУИС-ийн ХЗЭ-ийн Хорооны даргаар сонгогдож, хавсран ажиллах болов. Тэгээд удаа ч үгүй байтал Улаанбаатар хотын ХЗЭ-ийн Хорооны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цасчихэр дарга МАХН-ын Төв Хороонд тасгийн эрхлэгчээр дэвшин ажиллах болсон тул түүний оронд намайг дэвшүүлэх яриа МХЗЭ-ийн Төв Хороон дээр гарсан юм билээ. Удалгүй Хотын ХЗЭ-ийн Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Батсүх намайг дуудаж, уулзаад хамтран ажиллах тодорхой саналыг хэлсэн. Би ч аавтайгаа, гэр бүлтэйгээ зөвлөж байгаад “ажиллаад үзэхээр” шийдсэн. Тэгээд нэг өдөр Ц.Батсүх дарга надад “МХЗЭ-ийн Төв Хороон дээр Л.Түдэв даргатай очиж, уулз”гэдэг юм байна. Би нэг талаас сандарсан, бас багийн ах Түдэвтэй уулзана гэж догдолсон хүн яваад орлоо.

Л.Түдэв даргын туслах Жамьяан инээмсэглэн угтаж, намайг дотогш орууллаа. Ортол өрөөны тээр хол харагдах хойморт нь томоо бичгийн ширээний ард дарга сууж байнаа. Тэгээд гар барьж мэнд мэдэхээр алхаад л байлаа. Тэр үед Нэгдүгээр нарийн бичгийн даргын өрөө гэдэг алхаад байхад барагдахгүй, маш том “ордон” мэт санагдаж билээ.

Түдэв дарга ч угтан босч ирээд мэндлээд, удтал уулзаалдаагүй тул“Сайхан залуу болжээ” гээд хэзээ, хаана ямар сургууль төгсөж ирсэн, хаана ажиллаж байгаа талаар товч асуултууд тавьж хариулт авсан санагддаг. Тэгэснээ гэнэт “За хөө. Чиний хэр орос хэл эзэмшснийг чинь үзье байз” гээд хажуу хана дүүрэн номын сангийн өмнө тавьсан орос сонин, сэтгүүлүүдийн өмнө очсоноо “Пчеловодство”, “Рыбоводство”, “Цветоводство” гэх мэт сэтгүүлүүдийг нээж, нилээд хэдэн өгүүлбэрүүдийг шууд орчууллуулж байж билээ. Тэрхэн үедээ би “МУИС-ийн багш хүнийг арай л доорд бодож байна даа” гэж дотроо бодож байсныг одоо санахад ичмээр санагддаг. 

Улаанбаатар хотын ХЗЭ-ийн Хорооны Хоёрдугаар нарийн бичгийн даргаар сонгогдосныхоо дараатэр хүний гүн гүнзгий мэдлэг, боловсролыг бишрэх тохиолдол бишгүй олон удаа гарсан даа. Миний боловсруулж, бичээд барьж орсон олон ч бичиг цаас “улаан эрээн” болоод гарч ирсэн дээ. Энэ л хүний хүчинд өнөөдөр би өөрийгөө бичиг цаас цоохорлож, нийтлэл, ном бичих, улмаар эрдмийн зэрэг цол хамгаалах дөртэй болсон гэж боддог шүү.

ТҮДЭВ ЭРХЛЭГЧ. Амьдрал баян. Миний бие ЗХУ-д Нийгмийн ухааны Академид суралцаж, эрдмийн зэрэг хамгаалж ирснийхээ дараа Боловсролын Яамны дэргэдэх Боловсролын мэргэжлийн Хяналтын Албаны даргаар ажиллаж байлаа. Тэр цаг үед буюу ардчилал, зах зээлийн он жилүүдэд МАН-ын шинэчлэлт, өөрчлөлтийн төлөө гурван жил эрдэм номын ширээнд үерхэж явсан Академийн “онжавууд” Ц.Ганбат, Д.Алтай, Х.Баатар, Ж.Октябрь нар болон бусад залуучуудтай хамтран “Шинэ үе” жигүүр, “Эх орон, ардчилалын төлөө Иргэний хөдөлгөөн” зэргийг санаачлан зохион байгуулж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Л.Түдэв гуайг дэмжих залуучуудын хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байлаа. Харамсалтай нь Монголын ард түмний заяа дутахад тухайн сонгуульд сонгогчдын олонхи нь Л.Түдэв гуайг ойлгож, дэмжээгүй юм. Тэр хүн үнэхээр цаг үеэсээ түрүүлж сэтгэж, түрүүлж хэлдэг байсныг хожим ойлгож, ухаарсан ард түмэн өнөөдөр ч амаа барьцгааж байна.

Удалгүй 1993 оныхоо 11-р сард миний бие МАХН-ын Нарийн бичгийн даргаар сонгогдсноор тухайн үед “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан Л.Түдэв гуайтай намын Удирдах Зөвлөлийн гишүүнээр гурван жил гаран хамт ажиллах, түүний улс төрийн ноён нуруу, ажлын туршлагаас суралцах бас нэгэн сайхан боломж надад нээгдэж билээ. 

Намын шинэчлэлийн хүнд хэцүү тэр цаг үед нам маань өдөр тутмын ажлыг явуулах Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргаас гадна Удирдах Зөвлөлийн 11 гишүүнтэй л байлаа шүү дээ. МАХН-ын уураг тархи болж байсан Удирдах зөвлөлийн “оюун ухааны оргил” нь Л.Түдэв эрхлэгч байлаа. Монголын нийгмийн гүн ухааны шилдэг сэтгэгч, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон дарга маань хүртэл Л.Түдэв эрхлэгчийг гүнээ хүндэтгэж, Удирдах Зөвлөлөөс гаргах улс төрийн шийдлийн талаар түүний санаа бодлыг эн тэргүүн сонсож, заримдаа тусгайлан зөвлөлдөж, намын бодлого, зорилтод тусган авч хэрэгжүүлэхийг зорьдог байсан юм шүү. 

Залуучууд бидний хувьд ч Удирдах Зөвлөлөөс гаргаж буй тогтоол, шийдвэр, бодлогын баримт бичиг бүхнийг Түдэв гуайнхаа гараар, ухаанаар нягтлан шүүлгэхийг хичээдэг байлаа. 

Түдэв эрхлэгчийн хэлсэн үг, бичсэн бичиг баримт бүрээс төдийгүй, түүний бие авч явах хувь хүний соёл, харилцаанаас хүртэл монгол хэл, соёл, зан заншлын гайхамшигийг мэдэрч, орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, боловсрол, амьдралын хар ухаан, ажлын туршлага чамгүй ихийг олж авсан нь өнөөгийн бидний “оюуны хөеө” болж байна даа.

* **

Монголын нийгмийн суут хүмүүний нэг, эрдмийн их хүн Л.Түдэв гуайтай гурвантаа учирч, ховорхон тохиох алтан боломжийг гурвантаа эдэлж байснаараа миний бие өнөө хэр бахархахгүй байхын аргагүй ээ. 

Хүндэт Ахдаа, Дарга даа, Эрхлэгч дээ! 85 насны сүүдэр тохиосны баярыг нь тохиолдуулан мэхийн ёсолсон:

Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин, Доктор (Ph.D) Б.Энхмандах болой.

 

2018 оны 12 дугаар сарын 18


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. МОНГОЛЫН АНХНЫ АВИЛАГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТЭН .

    0 0 Хариу бичих
  2. Казино новш хүнээр тахил өргөсөн новш чамайг харахаар ой гутаж байна

    0 0 Хариу бичих