Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт өгөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор төгсөх ангийн хүүхдүүдийн хичээлийг хэрхэн зохион байгуулах нь анхаарал татаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг энэ талаар хэлэхдээ "Хичээлийн жил тавдугаар сарын 30-наар дуусна. Тэр болтол хөл хориогоо үргэлжлүүлээд есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгээ эхлүүлэхээр судалж байгаа. Энэ талаар тодорхой саналуудыг Улсын онцгой комиссын хуралд оролцуулж хэлэлцүүлнэ. 12 дугаар ангийн хүүхдүүдэд тавдугаар сард багш нар нь нүүр тулж уулзаад давтлага хийлгэх ямар боломж байна вэ гэдгийг судалж байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийн горимд нь нийцүүлж, эрүүл мэндийг нь хамгаалсан орчин нөхцөлд зөвхөн 12-р ангийн сурагчдыг цөөхөн хүүхэдтэй хэсгүүдэд хувааж давтлага өгөх талаар судалж байна" гэсэн юм. Энэ жил улсын хэмжээнд 28 мянга гаруй хүүхэд 12 дугаар анги төгсөх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёр хоногийн дараа дуусах юм.