2040 он гэхэд тэтгэврийн насныхан ажиллах хүчнээсээ илүү гарна

Гадаадын улс орны иргэд улс орнуудаар аялж, бусдад хандив өгч, хүссэн зүйлээ хийж байхад монголчууд тэтгэвэрт гарахдаа нийгмийн эмзэг давхарга руу шилждэг нь бодит үнэн. Энэ нь тэтгэврийн тогтолцооны ялгаа хийгээд манай улсын систем өөрөө “тэтгэвэр”-т гарсантай холбоотой. Харин дэлхийн улс орнууд 3-4 төрлийн даатгалаас тэтгэвэр тогтоож, иргэдийнхээ нийгмийн баталгааг хангаж байна. Эрдэмтдийн судалгаанд улс орнууд төрийн даатгалаас олгох суурь тэтгэвэр, заавал даатгалаас олгох хуримтлалын тэтгэвэр, сайн дурын нэмэлт тэтгэвэр, ажил олгогчоос олгох тэтгэвэр гэсэн үндсэн дөрвөн төрлийг түгээмэл ашиглаж байгааг дурджээ.

Харин манай улс одоо ажиллаж буй хүмүүсийн шимтгэлээр өндөр настнуудын тэтгэврийг өгдөг хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжээд 25 жил болж байна. Энэ тогтолцоог XIX зуунд Германд анх нэвтрүүлсэн гэдэг. Үүнээс хойш Герман улс системдээ гурван удаа шинэчлэл хийсэн бол манай улс хэвээр нь хадгалж буй. Цаашид энэхүү тогтолцоог үргэлжлүүлэх боломжгүй нь жилээс жилд тодорхой болж байна.

Өөрөөр хэлбэл, Тэтгэврийн даатгалын сан 2012 оноос хойш жил бүр 500 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, тэтгэвэр маш бага хэмжээгээр тогтоож буйгаас гадна 2040 он гэхэд тэтгэврийн насныхан ажиллах хүчнээсээ илүү гарах судалгаа гарсан нь үүний илрэл билээ.

Уг нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдэл, жирэмсний амралт, хөдөлмөрийн чадваргүй болсны тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээ, өндөр настны тэтгэвэр авч, төлсөн шимтгэлээ бүрэн авах боломжтой. Гэсэн ч иргэд бүх үйлчилгээг авч, төлсөн шимтгэлээ бүрэн хүртэж чадахгүй байгаа юм. Тиймээс тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярилаа. Тэгвэл манай улс удахгүй хувийн буюу хуримтлалын тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх нь. Тодруулбал, УИХ-ын даргын захирамжийн дагуу тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх, одоогийн системд үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн хуримтлалын тогтолцоог бий болгох үүднээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна эдийн засагчид нэгдэж, тэтгэврийн шинэчлэл хийх хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Тэдний зүгээс ч одоогийн нөхцөл байдлаас гарах хамгийн оновчтой гарц нь хувийн хуримтлалын тогтолцоо гэж тооцож буй.

УИХ-ын гишүүн Н.Учрал

Улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах бололцоо бүрдүүлдэг хувийн тэтгэврийн санг ашиглаж, өндөр настнуудынхаанийгмийн баталгааг хангаж байна. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй, хөгжингүй бүх улс оронд төрөөс гадна хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгож иргэдийг нэмэлт тэтгэврээр ханган, өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед нь хэвийн амьдрах баталгааг олгож, төрийн нийгмийн өмнө хүлээх чиг үүргээс хуваалцаж байна. Үүний зэрэгцээ ихээхэн хэмжээний хуримтлал үүсгэн, хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлсээр байгаа юм. Гэхдээ манай улс хувийн тэтгэврийн санд шууд шилжих боломжгүй бөгөөд эхний ээлжид нийгмийн даатгалын шимтгэлийн 1-2 хувийг хуримтлалд шилжүүлэх нь зүйтэй гэдгийг эдийн засагчид хэлж буй.

Эдийн засагч Г.Батзориг

Иргэдийн мөнгийг урт хугацаанд найдвартай хадгалах аж ахуйн нэгжүүд бий юу?

Гучин жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ өөртөө болон үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээхийг хэн хүнгүй хүсэх нь мэдээжийн хэрэг. Харин хуримтлал үүсгэж, иргэдийн мөнгийг урт хугацаанд хадгалж, эргэлдүүлэх найдвартай аж ахуйн нэгж бэлэн үү гэдэг нь эргэлзээтэй. Хэдийгээр манай улсад хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүд бий болсон ч урт хугацаандаа хэрхэх нь эргэлзээтэй. Иргэдээс шимтгэл авч хуримтлал үүсгэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, ирээдүйд их хэмжээний мөнгө өгч чадах эсэх нь ч эргэлзээтэй. Аж ахуйн нэгж, иргэд хуулиар зохицуулсан найдвартай үйл ажиллагаанд л итгэнэ. Тиймээс зөвхөн хувийн тэтгэврийн сангийн хуулийг батлаад зогсохгүй үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид ногдох үүрэг, хариуцлагыг тодорхой болгох нь зүй билээ.

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан