Улсын онцгой комисс мэдээлэл хийлээ. Энэ өдрийн хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, мэдээлэл өглөө.
Тэрээр “Гадаад харилцааны яам МИАТ-тай хамтраад 10-аад чартер нислэг үйлдсэн. Ухань, Сөүл, Токио, Истанбулаас чартер нислэгүүд үйлдсэн. Үүнтэй холбоотой иргэдийн дунд эргэлзээ үүсээд байх шиг байна.
УОК-оос таван шалгуур үзүүлэлт гаргасан. Үүнд өндөр настан, жирэмсэн, хүнд өвчтэй хүмүүсээ хамгийн түрүүнд татаж авна гэсэн зорилготой чартер нислэгүүд хийсэн. Үүний дагуу Сөүлд энэхүү 5 шалгуурыг хангасан хүн нислэг дүүргээд байдаг бол Токио, Европын нислэгийн хувьд өөр байгаа.
БНСУ-аас иргэдээ авахад эхнээсээ 500 гаруй хүн бүртгэгдсэн. Сөүлээс эхний нислэгээр ЭСЯ-нд иргэдээ авчран бүртгэсэн. Гэтэл энэ нислэгээс хоёр халдвартай хүн гарсан. Дээр нь БНСУ-ын засаг, захиргааны зүгээс иргэдээ нэг газар битгий олноор нь цуглуулаач ээ, үүндээ арга хэмжээ аваач гэсэн учраас иргэдээ цахимаар бүртгэж авсан. Ингэхдээ 5 шалгуур бүр дээр утас гаргасан.
Өчигдрийн нислэг дээр манайх бүртгэлээ МИАТ-тай хамтраад хийсэн. Нэг нислэгт 260 хүн бүртгэж байгаа учраас өглөө эхэлсэн бүртгэл 14.00 цагт хэдийнээ дүүрч байгаа учраас зогсоосон.
Европын нислэгийн тухайд 5 үзүүлэлтээр бүртгэх гэхээр нөхцөл байдал нь өөр байсан.
Түрүүн хэлсэнчлэн Европоос гэхэд 15, 16 суудал хоосон байсан учраас манай улсын гурав дахь ерөнхийлөгч Москвагаас тийзээ захиалаад яваад ирсэн. Яг тийм журмаар буюу суудал байсан учраас Берлинээс ирсэн нэг оюутан ирээд халдвартай нь батлагдаж, эмчилгээ хийлгээд гарсан.
Токиод мөн Сөүл шиг тийм ч олон хүн эмнэлэгт хандаад байдаггүй болохоор манай шалгуурт орох хүн цөөн байсан. Тиймээс оюутан залуус уг нислэгт багтсан.
Өнгөрсөн хугацаанд бид 1800 гаруй иргэнээ чартер нислэгээр татан авсан.
Газрын боомтыг нэмбэл нийтдээ 6000 гаруй хүнийг татан авсан. Энэ дотор визний зөрчилтэй иргэд олон байсан.Визний торгууль, тэр бүү хэл хорих ял авахаар хүн байсан ч бид нэгийг нь ч торгуулалгүйгээр хилээр оруулж ирсэн.
Иргэд маань амаргүй хүсэлтүүд тавьж байна. Олон орон руу нисэхийг хүсэж байна. Бидний хувьд хоёр л онгоц, цөөн экипажтай. Тэд нисэж ирээд карантенд орж байгаа.
Нислэг үйлдэхэд хүндрэл гарч байна. Зарим улс нислэгүүдээ хааж байгаа учраас хүндрэл байна. ОХУ, Япон, БНХАУ хилээ түр хугацаагаар хаасан.
ЭСЯ-дуудаараа дамжуулан бид гадаадад оршин суугаа иргэддээ зөвлөгөө өгч байгаа" гэв.