Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан CoViD-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 212 улсад өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна. Өвчлөл АНУ, Итали, Их Британи, Франц, Иран, Турк улсад эрчтэй тархалт үргэлжилж, энэ тархалт дөрөв, тавдугаар сард үргэлжлэхээр байгааг мэдээллээ.
Азид сүүлийн 24 цагт Япон, БНСУ-д халдвар эрчтэй тархаж байна. Ялангуяа Японд эмнэлгээс шалтгаалсан халдвар голомтлон гарч байгааг тогтоосон. Тус улсад өвдсөн нэг хүнийг 2-3 хүн дагаж ирдэгтэй холбоотой. Эмнэлгээс дамжин халдварласан энэ байдал БНХАУ-ын Ухань хот, БНСУ-ын Тэгү хотод мөн ижил байсныг судлаачид онцолсон.
Манай орны хувьд ч нэг хүнийг үзүүлэхээр олуулаа эмнэлэгт очих, эргэлтээр хүмүүс ирэх тохиодол түгээмэл. Өчигдөр бид УГТЭ дээр ажиглалт хийж үзэхэд шинжилгээ өгөхөөр ирж байгаа нэг хүнийг дагаж 8-12 хүн эмнэлгээр ирж байна.
ДЭМБ-аас хүний бөөгнөрөл үүсэх нь халдвар тархах шалтгаан болж байгааг мэдээлсээр байна. Тиймээс улс орнууд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шийдвэрүүд гаргаж байгаа. Тухайлбал, Израйл улсад нэг машинд 2-оос дээш хүн хамт зорчихыг хориглож, үйлчилгээний газруудад хоёр метрийн зайтай үйлчлүүлэх хатуу дэглэм тогтоосон бөгөөд энэ дэглэм 90 хоног үргэлжилнэ.
Мөн Австрали улсад хоёроос дээш хүн шалтгаангүй цугларвал 11,000 австрали доллароор торгож байгаа. Турк улсад иргэдээ аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.Мөн тус улс гадны иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж эхэлжээ.
БНХАУ-ын эрдэмтдийн гаргасан нэг судалгаагаар халдварын тархалтад тухайн улс үндэстний ялгаа хамаарахгүйг онцолсон. Мөн хөл хорионы дэглэмээ хэр зэрэг баримталж байгаагаас халдварын тархалт хамаарч байгааг дурдсан байна.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 1,410 хүн байгаа бөгөөд өчигдөр 167 хүн тусгаарлалтаас гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна" гэлээ.