УИХ онцгой нөхцөлд цахимаар хуралдах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр чуулганы хуралдаанаар баталсан юм. Энэ талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ. Тэрээр “Шинэ төрлийн коронавирусийн халдварын үед эдийн засгийг эрчимжүүлж, ард иргэдийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай болсон. Тиймээс онцгой нөхцөлд УИХ-ын чуулганыг хуралдуулах дэгийн хуулийн төслийг өргөн барьсан. Энэ төслийг өчигдөр УИХ-аар баталлаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх боломж бүрдлээ. Онц байдал, дайн болон дайны бүхий байдал, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, олон улсын хөл хориот өвчин гарсан үед УИХ цахимаар хуралдана” гэсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн хаалттай хуралдах асуудлыг тусгайлан хуулиар зохицуулах бөгөөд хуулийн өөрчлөлтийг хийхээр ажлын хэсэг ажиллаж байгааг хэлэв.

Түүнчлэн нөхцөл байдал хүндэрвэл гишүүдийг өрөөнөөсөө, тусгаарлагдсан газраасаа хуралд оролцох боломжийг  нээж өгчээ. Харин цахим хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр цахим хуралдааны товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасах бөгөөд нууц санал хурал хураалтыг цаасаар авах аж. Харин онцгой нөхцөл үүссэн эсэхийг Засгийн газар тогтоохоор хуульчилжээ.