Их, дээд, ЕБС-ийн төгсөлтийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралджээ. Энэ нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг өгсөн байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ны өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан нийслэлийн Боловсролын газарт үүрэг өгчээ. Ингэхдээ их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг даалгажээ.

Мөн нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр гарахаас сэргийлж, байгаль хамгаалагч нарын ажлыг эрчимжүүлж эргүүл хяналтын ажлыг тогтмол зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Үүнээс гадна иргэдийг амны хаалт хэрэглэж хэвшүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн удирдлагуудад даалгалаа.