Амьтны эд эрхтэнг эмчилгээнд ашиглахгүй байхыг уриаллаа

Дэлхийн улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй зэрлэг онгон байгаль, ан амьтныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 241 байгууллага хамтран ДЭМБ-д хандан нээлттэй захидал илгээжээ.
Энэхүү захидалд COVID-19 вирусын тархалт, уг өвчний эх сурвалж болсон гэж үзэж байгаа зарим зэрлэг ан амьтны тухай асуудал болон зоонозын гаралтай өвчний эрсдэлээс хүн төрөлхтөнийг хамгаалах, үүний зэрэгцээ онгон байгаль, ан амьтныг хамгаалах асуудлыг хөнджээ.
Эдгээр байгууллагын зүгээс ДЭМБ болон дэлхийн улс орнуудад хандан дараахь уриалгыг гаргажээ. Үүнд:
- Зэрлэг ан амьтны худалдааг бүрэн хориглох, улмаар үүгээр дамжин хүн амд халдварын эрсдэл учрахаас сэргийлэх, 
- Улс орнуудын Засгийн газар, холбогдох байгууллагууд зэрлэг ан амьтаны худалдаа болон уг худалдаа явагдах бүхий л орчин нөхцөлийг хязгаарлаж таслан зогсоох арга хэмжээ авах,
- Аливаа ан амьтны эд эрхтэнг уламжлалт анагаах ухааны эм бэлдмэл бэлтгэх зорилгоор ашиглах явдлыг зогсоохын тулд ДЭМБ-ын зүгээс уламжлалт эмийн талаар баримтлах стратегийг шинэчлэн боловсруулж, илүү чангаруулах арга хэмжээ авах,
- Дэлхийн Худалдааны байгууллага, Олон Улсын мал, амьтаны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зэрлэг ан амьтны худалдааны улмаас хүн амын эрүүл мэндэд учирч байгаа эрсдэлийн талаар илүү их мэдлэг ойлголтыг түгээж, холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах,
- Хүнд шаардагдаж байгаа нэмэлт протейныг орлуулах өөр эрсдэлгүй арга замуудыг боловсруулан гаргаж, иргэд олон нийтэд сурталчилахыг уриалжээ.