Коронавирусийн халдвар зун намжих уу

Хүн бүрийн сонирхож байгаа асуудлаарх сонирхолтой нийтлэл ВВС агентлагийн цахим хуудаст тавигдсаныг орчуулан хүргэж байна.

Хүмүүс нэг хэсэг ковид19 өвчнийг ханиад гэж ойлгож, цаг ирж, дулаарахаар вирусийн халдвар намжина хэмээн итгэж байсан. Гэвч вирусийн тархалт дэлхийн бүх уур амсьгалын бүсийг хамарснаар энэ найдвар үндсэндээ үгүй болсон гэж хэлж болно. Гэсэн ч.. илүү сайн судалбал найдвар байгаа юм биш биз?

“Ковид19” дэгдэлтийг “улирлын чанартай” гэж дүгнэхэд одоохондоо эрт байна. Учир нь үүнийг мэдэхийн тулд нэг бүс нутагт байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг бүтэн жилийн турш ажиглах хэрэгтэй болно. Товчхондоо бидэнд бүтэн жил шаардлагатай юм. Харин одоохондоо бол дэлхийн уур амьсгалын янз бүрийн бүс нутагт байдал ямар байгаа вэ гэдэг мэдээлэл л бидэнд байна.

Тэгэхээр, байдал ямар байна вэ

Зарим баримтаас харахад, коронавирусийн халдвар хуурай, сэрүүн уур амьсгалтай нутгуудад их байна. Тухайлбал, вирусийн халдвар тархсан орнуудад өнгөрсөн сарын 10-даар цаг агаар ямар байсныг тохиолдлын тоотой харьцуулж судалсан байна. Ингэхэд хүйтэн сэрүүн цаг агаартай бүс нутагт тархалт илүү байсан нь ажиглагдсан байна. 40-өөс дээш батлагдсан тохиолдол гарсан БНХАУ-ын 100 хотыг харьцуулж судлахад дулаан, чийгшил өндөр байх тусам дамжуулах хурд бага байна гэсэн дүн гарсан байна.

Үр дүн нь бүрэн гараагүй байгаа нэгэн судалгаагаар бол, хуурай, хүйтэн сэрүүн уур амьсгалтай бүс нутагт вирусийн халдвар илүү байсан гэнэ. Ямар ч байсан өнгөрсөн сарын 23 хүртэл ийм байсан аж.

Харин Лондоны Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн хэсэг бүлэг судлаачдын үзэж буйгаар ковид вирус нь дэлхийн уур амьсгалын бүх бүсэд тархах чадвартай гэнэ.  

Умард, өмнөдөд ялгаа гарах уу

Улирлын томууг авч үзье. Умардын сэрүүн бүс, өмнөдийн сэрүүн бүсэд тархалт улирлын чанартай байдаг нь ажиглагддаг. Харин экватортой ойр буюу халуун дулаан бүсийн орнуудад ийм биш байдаг.  Тэгвэл ийм халуун дулаан бүсийн маш олон оронд ковид19 вирусийн тохиолдол гарчээ. Тухайлбал, Малайз, Ардчилсан Конго зэрэг улсад тархалт тэмдэглэгдсэн байна.

Гэхдээ асуултад хариу өгөх ганц нэг баримт байгааг одоо хэлье. Вирусийн дэгдэлт эрчимтэй явагдах үед дэлхийн хойд хагаст хаврын сүүл, зуны эхэн сар болж байсан. Харин өмнөд хагасын Австрали, Шинэ Зеланд зэрэг улсад зуны сүүл сар нь болж байсан бөгөөд халдварын тоо харьцангуй цөөн байв. Үүнээс вирусийн халдвар зуны улиралд багасдаг гэсэн дүгнэлтийг яаран хийж болно. Гэхдээ дахин сануулахад, энэ бол зүгээр нэг баримт болохоос батлагдсан үр дүн биш юм. Дэгдэлтэд уур амьсгалаас гадна хүн ардын амьдралын онцлог, соёлын ялгаа, хүн амын нягтаршил гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ халуун дулаан улиралд дэгдэлт багасах найдлага арай илүү юм байна.

Ковид19 бусад коронавирусээс ямар ялгаатай вэ

Саутхэмптоны их сургуулийн эрдэмтэн Дэвид Хэдийн хэлснээр, ковид19 өвчнийг үүсгэдэг Sars-Cov-2 вирус нь бусад төрлийн коронавирустэй ижил замаар халдварладаг. Харин өвчлөл, шинж тэмдэг, эмгэг жам, үхлийн хувиараа эрс ялгаатай аж. Дэгдэлтийн хувьд, урин дулаан цагт тархалт буурдаг гэдгийг одоогоор хэлэхэд эрт гэж тэрээр дүгнэжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)