Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт,  Налайх дүүргийн төвөөс зүүн урагш барихаар төлөвлөж, бүтээн байгуулалтыг эхэллээ. 

Улаанбаатар хот орчим, зүүн бүсийн төв суурин газрууд, тэр дундаа Налайх дүүргийн иргэдийг сайжуулсан шахмал түлшээр хангах тус үйлдвэрийг энэ оны 11 дүгээр  сарын нэгэн гэхэд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Үйлдвэрийг барьснаар шинээр 1500-1700 хүн шууд ажлын байраар хангагдаж, хоногт 3000 тонн түлш үйлдвэрлэж, дүүргийн хэмжээний хэрэгцээг хангахын зэрэгцээ, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрдэх юм.

Налайх дүүргийн агаарын бохирдол 50-70 хүртэл хувь, Улаанбаатар хотынх 70-80 хүртэл хувиар буурах боломжтой болно гэж Таван толгой түлш компанийн мэргэжилтнүүд хэлж байна.

600 мянган тонн/жил хүчин чадалтай тус үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг Тавантолгой түлш ХХК-ийн захиалгаар Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ хийж гүйцэтгэсэн байна.  Цахилгаан хангамжийн эх үүсвэр 110кВт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК хийсэн байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт анхны сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшээр хангаж ажилласан туршлагадаа үндэслэн зүүн бүсийн хоёрдахь үйлдвэрийг байгуулахад бүхий л талаар сайжруулалт хийсэн гэв. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судлагаа, шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд, үйлвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)