Ерөнхий сайд бүх шатны боловсролын байгууллагыг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн тухай мэдээлэл гарсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг энэ талаар хэлэхдээ “Энэ хичээлийн жил тавдугаар сарын 30-наас дуусгавар болж байгаа. Харин нөхцөл байдалтай холбогдуулан тавдугаар сарын 30 хүртэл хөл хориог сунгах санал гаргасан. Ингэснээр есдүгээр сарын 1 хүртэл сургууль, цэцэрлэгийг хичээллүүлэхгүй байх саналтай байгаа” гэсэн юм. Мөн энэ асуудлыг өнөөдөр Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Гэвч энэ асуудлаар нарийн тооцоо судалгаа хийсний дараа хэлэлцэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын онцгой комиссын гишүүн Н.Энхболд сайд хэллээ.