Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургадугаар сарын 24-нд товлосон УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргаад билээ. Тэрээр өнөөдөр сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзаж, үүрэг даалгавар өгсөн байна. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан. Үүний дагуу СЕХ-ноос сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байна. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой сургалт семинаруудыг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахим хэлбэрт шилжүүлсэн. Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор СЕХ-ны гишүүдэд үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, онцгой нөхцөлд сонгогчдын саналыг хэрхэн авах, санал авах байруудыг нэмэх боломж бий эсэх, зардалд ямар өөрчлөлт гарах талаар тооцоо судалгаа гарга гэсэн. Сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал СЕХ шийдвэрийг дагана. Эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл сонгуулийн бэлтгэх ажлаа зохион байгуулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана” гэсэн юм.

СЕХ ирэх долоо хоногт хуралдаж, болзошгүй нөхцөлд ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлэх аж. Мөн сонгууль зохион байгуулахад шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл болох бээлий, гар ариутгагч, амны хаалтны зардлыг тооцоолж УОК оруулах юм байна. Харин сонгуулийн төсөв нэмэгдэхгүй аж.