Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр дөрөвдүгээр сарын 12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 13-нд Хэнтийн уулсаар хур тунадас орно.

Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.