УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавирусийн халдварын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төсөлд аж ахуйн нэгж болон ажилчдыг зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх зохицуулалт тусгасан. Харин энэхүү хөнгөлөлтөд төрийн өмчийн байгууллага, ажилчид хамаарахгүй байхаар зохицуулж буй.

Тэгвэл төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилчдыг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх зохицуулалт нэмэх саналыг УИХ-ын гишүүд гаргасан. Уг саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү сургуулиудыг их, дээд гэж  ялгаварлах шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлж байв. Энэхүү зохицуулалтыг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэнэ.