CoViD-19: Хонконгт дөрвөөс дээш хүн цуглахыг хориглосон

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа оролцож, халдвар гарсан улс орнуудын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Их Британид лхагва гаригт коронавирусийн улмаас 938 нас баралт бүртгэгдэж, тус улсад нас баралтын нийт тоо 7000 давжээ.

Францын Засгийн газар дөрөвдүгээр сарын 28-н хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмээ цуцлахгүй цааш үргэлжлүүлнэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн. 

Туркийн Эрүүл мэндийн газраас тус улсад 4117 тохиолдол, 87 нас баралт шинээр бүртгэгдсэн талаар мэдээллээ. Турк Улсад халдварын улмаас нас барсан хүний тоо 812 болжээ.

Япон Улсын хэмжээнд лхагва гаригт 500 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн. Түүнээс  144 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Халдвар эрчимтэй тархаж буй орон нутгуудад онц байдал зарлах тухай мэдэгдлийг Ерөнхий сайд Шинзо Абэ хийхдээ “Бид хүн хоорондын  хавьтлыг 70-80 хувиар бууруулж чадвал дэгдэлт оргил үедээ хүрч 2 долоо хоногийн хугацаанд тохиолдлын тоо буурч эхэлнэ гэдгийг манай мэргэжилтнүүд бидэнд зөвлөж байгаа” гэж мэдэгдсэн. Тиймээс иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байж хязгаарлалтын дэглэмийг чанд сахихыг анхааруулсан байна.

Япон Улсын Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа үндсэн зөвлөгөө бол хүн олноор цуглардаг газар очихгүй байх, агаарын солилцоо муу газар очихгүй байх, хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байхыг тогтмол зөвлөж байгаа аж.

Хонконгт зайнаас харилцахтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээг мөрдүүлэх хугацааг дөрөвдүгээр сарын 23-н хүртэл сунгасан байна.

Хонконгт 4-өөс дээш тооны хүн цуглахыг хориглосон байгаа. Түүнчлэн соёлын болон зарим үйл ажиллагааны байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон.

Перу Улсад зарласан онц байдлыг 2 долоо хоногоор сунган Этопи Улсад онц байдал зарлажээ.