Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан CoViD-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 212 улсад CoViD19-ийн халдвар бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 1.5 сая хүн коронавирусийн халдвараар өвчилсөн.

АНУ, Итали, Турк, Франц зэрэг 10 оронд халдвар эрчтэй тархсан хэвээр байна.

Манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 16 тохиолдол лабораториор батлагдаж, үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс сувилалд ажиглалтын байранд шилжээд байна. 12 хүн ХӨСҮТ-д хяналтад эмчлэгдэж байгаа.

Өчигдөр тусгаарлан ажиглалтаас гарсан 194 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Одоогоор тусгаарлалтад 1572 хүн байна. Ажиглалтад байгаа иргэдэд 310 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа.

Өчигдөр Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Үүнд өндөр настан болон асран хамгаалагчтайгаа 50 хүн, эрүүл мэндийн шалтгаантай асран хамгаалагчийн хамт 45, жирэмсэн эмэгтэй 5, бага насны хүүхэд гэр бүлийн хамт 49 хүн ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, сувилал амралт, зочид буудлуудад байрлуулсан" гэв.

ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурал өчигдөр болсон. Үүнд онцлон тэмдэглэсэн зүйлс гэвэл дэлхий нийт коронавирусийн халдвартай нүүр тулаад 100 дахь хоног болж байна. Шинэ вирус учраас цаашид яахыг урьдчилан таамаглах хэцүү . Бидэнд мэдэгдэж байгаа хоёр зүйл бол нэгдүгээрт улс орнууд маш эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт тухайн орон бүс нутгийн иргэд санаа зорилго нэг байх хэрэгтэй. Хэрвээ эв нэгдэл, харилцаа алдагдах юм бол вирус тэр цоорхойгоор орж ирж биднийг ялах болно. Хамгийн гол нь дэлхийн хэмжээнд эв нэгдэлтэй байж бид энэхүү вирусийг ялна хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тодрес онцлон тэмдэглэсэн байна.