Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд, санхүүгийн байгууллагуудын дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаархи төсөөллөө шинэчлэн гаргаад байна.

Focus Economics агентлагаас 7 хоног бүр “CoVid19 цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө” түүвэр судалгааг олон улсын шинжээчдийн дунд явуулж байна. Хамгийн сүүлийн түүвэр судалгааны үр дүнгээр шинжээчдийн 40 орчим хувь нь CoVid19-ийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөө 3 нэгж хувиас өндөр, 68 хувь нь сөрөг нөлөө 2021 онд үргэлжилнэ, 58 хувь нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө U хэлбэртэй байна гэж үзэж байна.

McKinsey & Co зөвлөх үйлчилгээний фирмээс 3-р сарын 25-ны өдөр дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн хувилбар тооцооллыг шинэчлэн гаргасныг Монголбанк танилцуулсан. Уг тооцооллоор тус вирусийн тархалт оны сүүлийн хагаст хяналтад орж, БНХАУ, АНУ-ын эдийн засгууд 2020 оны сүүлээр, Евро бүс 2021 оны эхний улиралд хямралын өмнөх үеийн түвшинд хүрэх тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд суурь төсөөллөөс 1.5 нэгж хувиар буурахаар байна.

Улмаар БНХАУ-ын өсөлт CoVid19-ийн сөрөг нөлөөгөөр 0.4, АНУ-ынх 0.4, Евро бүсийн өсөлт 4.4 нэгж хувиар тус тус буурахаар тооцжээ. Харин гутранги хувилбар буюу вирусийн хяналтад орох хугацаа хойшилж, дэлхийн эдийн засаг 2022 оны 3-р улирлаас хямралын өмнөх хэвийн түвшинд ирэх тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлтөд -4.7 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа аж.