Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол үүсгэх, хэт нөөцлөх, дамлах худалдаалахаас сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна. ШӨХТГ-ын шуурхай ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Багахангай дүүрэг нь Нийслэлээс 90 орчим км-ийн зайд орших бөгөөд 4000 гаруй иргэнтэй алслагдсан дүүрэг юм. Тус дүүрэгт нийт 2 эмийн сан, 12 хүнсний дэлгүүр, нэг шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын хэсэг тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 хүнсний дэлгүүрийн 21 нэр төрлийн өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнд үнийн судалгааг хийхэд 8 нэрийн барааны үнэ тогтвортой, 3 нэрийн барааны үнэ буурсан, 10 нэрийн барааны үнэ өссөн байна. Хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, нөөц хангалттай, эрэлт, нийлүүлэлт хэвийн байв. Тус дүүрэгт нөөцийн мах худалдан борлуулах хоёр хүнсний дэлгүүр ажилладаг бөгөөд нөөцийн махыг Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар, хангалт хэвийн худалдаалж, үнийн талаарх мэдээллийг иргэдэд ил тод байршуулсан байлаа. Ариутгалын бодис, амны хаалтны үнийн хувьд төрөл, үйлдвэрлэсэн газраасаа шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй байсан бөгөөд ямар нэгэн хомсдол үүсээгүй гэлээ. Хяналт шалгалтын үеэр зарим хүнсний дэлгүүрүүд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хэрэглэгчийн бараа, бүтээгдэхүүний талаар үнэн бодит мэдээлэл авах эрхийг хангаж ажиллаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчлийг арилгах талаар Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх,цаашид хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар зөвлөмж, анхааруулга өгчээ.