Жаргаж амжаагүй үлгэрүүд буюу хэрэгжээгүй төслүүд

Амаар ярьж, цаасан дээр тэмдэглэснээр бол бид аль хэдийнэ мөрөөдлийн хотоо байгуулж, үлгэрийн мэт амьдрах цаг хугацаа болжээ. Хотын төвийн нэг захаас нөгөө зах хүртэл хэдхэн минутад зорчиж, агаар, хөрсний бохирдолгүй шинэ хотод амьдарч, оюутан залуус хотоос зайдуу хотхонтой болох мөрөөдлийн төслүүд 2019-2020 онд хэрэгжиж дуусах байлаа. Ингээд ч зогсохгүй улс орны хөгжил, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой мега төслүүдийг хөдөлгөх товлосон хугацаа хэдэнтээ өнгөрлөө. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр төслийн эхлэл нь бэхжээгүйгээс адаг нь тоос болон хувирав. Төрийн бодлого нь тогтворгүй, төсвийн зарцуулалт нь оновчгүй байснаас энэ олон бүтээн байгуулалт өнөөдөр газар дээр биш цаасан дээр л сүндэрлэж байна. Ерөөс бид бүтээн байгуулалт бус макет л хийдэг болж.

“Олон мянган хүн амтай, дэд бүтцэд бүрэн холбогдсон, оршин суугчид нь татварын болоод олон төрлийн хөнгөлөлт эдлэх боломжтой, ажлын байр нь бэлэн, санхүүгийн чадавхитай дагуул хоттой болно. Хичээлийн байр, дотуур байр, номын сан, лаборатори, хоолны газар гээд оюутан залуусыг сурч боловсроход хэрэгцээ шаардлагатай бүхий л зүйлийг шийдсэн их сургуулиудын хотхонтой болно. Хотын захаас нөгөө зах хүртэл 20-хон минут зорчих метротой болно” гээд мөрөөдлийн төслүүд хэвлэлийн шарласан хуудсанд тодоос тод бичигдэн үлдэж. Энэ мэт үлгэр болсон төслүүдийн жагсаалтыг цаашид нэмэхгүйн тулд макет хэвээрээ үлдсэн мянгуужингийн үлгэрүүдийг эргэн сануулъя.

Хагас зууны дараа л сүндэрлэж мэдэх их сургуулиудын хотхон

Авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, оюутан залуусыг сурах бололцоогоор нь бүрэн хангах гээд тал бүрийн ач холбогдолтой ажил их сургуулиудын хотхон барих төсөл байлаа. Энэ тухай үе үеийн эрх баригчид ярьж, бодлого чиглэл гаргасан ч аль нь ч хэрэгжсэнгүй. Эхнээс нь өгүүлбэл, аль 2003 оноос энэ тухай олонтаа ярьж, төр засгийн тогтоол шийдвэр удаа дараа гаргасан ч өнөөдрийг болтол биеллээ олсонгүй. Тухайлбал, Засгийн газрын 2006-2015 онд хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөнд оюутнуудад зориулсан байр, хотхоныг цогц хэлбэрээр хөгжүүлнэ гэж заасан ч уг бодлогын бичиг баримт амьдралд тусгалаа олсонгүй. 2008-2012 оны Засгийн газар ч мөрийн хөтөлбөртөө их сургуулиудын цогцолбор байгуулахаар тусгасан ч үүнийг биелүүлэх дорвитой ажил хийхгүй байсаар дараагийн эрх баригчдад шилжсэн. Улмаар 2012-2016 оны Засгийн газар их, дээд сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх, ТЭЗҮ болон хэсэгчилсэн төлөвлөгөө баталж, эхний ээлжийн байгууламжийг барьж эхлэх зорилт тавьснаар эл асуудал ажил хэрэг болох нь уу гэтэл мөн л биеллээ олоогүй. Энэ мэтээр их, дээд сургуулиудыг хотоос гаргаж, хотхоны зохион байгуулалтад оруулах Засгийн газрын олон тогтоол шийдвэр, хөтөлбөр гарсан ч бүгд хэрэгжээгүй юм.

Анх их, дээд сургуулиудын хотхон байгуулах ажлыг эрдэмтэн, судлаачид санаачилж, “Найрамдал” зуслан, Буянт-Ухаа орчимд хоёр удаа газар авсан ч төр засгийн дэмжлэггүйгээс гацсан гэдэг. Харин сүүлд Багануур дүүрэгт хотхон байгуулахаар болж, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааг байгуулаад авсан. Тус захиргаанаас хэд хэдэн аймагт газар авч их сургуулийн хотхон байгуулахаар төлөвлөсөн ч ажил нь мөн л удаашралтай байгаа.

Тэгвэл энэудаагийн Засгийн газраас эл асуудлыг 2025 болон 2045 оны бодлого төлөвлөгөөнд тусгасан гэсэн мэдээлэл бий. Энэ янзаараа их сургуулийн хотхонтой болох мөрөөдөл хагас зууны дараа л биелж мэдэх нь. Гэхдээ хотоос хол биш, дангаараа оюутны кампустай болж байгаа сайн жишиг АШУҮИС-иар эхэлж байна. Японы Засийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан хичээлийн байр, сургалт, судалгааны төв, оюутны байр бүхий иж бүрэн хотхон удахгүй ашиглалтад орно. Бүгдийг нь чадахгүй юм аа гэхэд ээлжээр ийм болгох арга ч бас бий ажээ.

Газардаж чадаагүй метро

Улаанбаатар хот 2020 онд метротой болно гэж хотын мэр асан Э.Бат-Үүл ам бардам хэлж байсан нь одоогоос зургаан жилийн өмнө. Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон авто замын түгжрэлийг шийдэх хамгийн тохиромжтой гарц нь метротой болох гэж хотын захирагч асан Э.Бат-Үүлийн багийнхан үзэж байв. Тиймээс төслийн багийнхан судалгааны ажлын тайлан болон урьдчилсан ТЭЗҮ-ийг 2013 оны гуравдугаар сард нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхэд төлөөлөгчдийн олонхи нь дэмжиж байлаа. Үүнээс гурван сарын дараа “Улаанбаатар метро”-г тэмдэгжүүлэх ёслолыг тухайн үедээ л сүржин хийж байв. Тэр үед ЖАЙКА-гийн төслийн багийнхан Толгойтоос Амгалан хүртэл нийт 14 өртөөтэй, өртөөний зайг 800-1.500 метр байхаар төлөвлөж, цаг гаруй явах 17.7 км замыг метро 20-30 минут туулахыг дуулгаж байлаа. Метроны барилгын ажлыг 2016 онд эхлэхээр төлөвлөж байсан ч сонгуулийн үр дүн хийгээд улс төр, нийгмийн нөхцөл байдлаас гацаанд орж бүр сураг алдарсаар өнөөдрийг хүрлээ. Энэ тухай төслийн багийнхан хангалттай хөрөнгө зарцуулж, судалгаа хийн, ТЭЗҮ гаргасан бөгөөд энэ төсөл мөнгөнөөс шалтгаалж зогсоогүй гэдгийг хэлдэг.

Харин улс төрийн нөхцөл байдал, төрийн бодлогын тогтворгүй байдал ийм байдалд хүргэж байгааг хэн хүнгүй мэднэ. Ямар ч гэсэн бид “тэнгэрийн” метрогоор зорчоод гурван жилийн нүүр үзлээ. Хэзээ газардаж, хөл дүүжлэх юм, бүү мэд.

ТЭЗҮ-ээр Улаанбаатарт 17.7 километр урт замтай метро байгуулахад 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнээс 600 саяыг нь Японы Засгийн газар 40 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй санхүүжүүлэхээр тохиролцсон. Мөн хувийн хэвшлээс 200 сая ам.долларыг, үлдсэнийг нь АХБ, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр босгох бүрэн боломжтой байсан.

Ирээдүй нь бүрхэг агаарын галт тэрэг

Улаанбаатарыг метротой болгох ажлыг дахин сэргээж байгааг нийслэлийн Тээврийн газраас өнгөрсөн жил мэдэгдэж байлаа. Тэгвэл энэ жил нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хот хагас жилийн дотор л агаарын галт тэрэгтэй болох боломжтойг ярих болов. Тэрээр Таваншар-Офицеруудын ордон чиглэлд 15 километр урттай Skyway буюу агаарын галт тэргийг хагас жилийн хугацаанд барина гэдгээ “Улаанбаатар эдийн засгийн форум”-д хийсэн илтгэлээрээ мэдэгдэж байв. Агаарын галт тэрэг нь метрог бодвол хэд дахин хямд өртөгтэйн зэрэгцээ ашиглалтад оруулах хугацаа нь метрогоос даруй 6-8 дахин хурдан аж.

Гэхдээ энэ төслийг эхлүүллээ ч төрийн бодлогын залгамж халаа байдаггүй манай улсад бүрэн хэрэгжүүлж дуусах нь эргэлзээтэй. Өмнөх метро шиг мянгуужингийн үлгэр болохыг үгүйсгэхгүй. Ялангуяа сонгуулийн жил болж, энэ үед төр засгийн удирдлагууд ямар ч амлалт өгч мэднэ. Дараа нь ямар ч эрх баригчид гарч мэднэ. Муу амлаж байгаа хэрэг биш. Энэ жил биш ирэх жилүүдээс ажлыг нь эхлүүлэх байсан ч төрийн залгамж халаа байхгүй, өмнөх удирдагчийн бодлого шийдвэрийг хонзогнолын байдлаар үгүйсгэх нь хууль дүрэм шиг үйлчилдэг болсон. Тиймдээ ч энэ мэт агаарын төсөл ярихад итгэхэд бэрх болжээ. Гэхдээ шийдэмгий удирдлагуудын зоригтой шийдвэр эцсийг нь үзэх нигууртай даа.

Ажил нь урагшилдаггүй дагуул хотууд

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт хотын алслагдсан дүүрэг, тосгодыг дагуул хот болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Тухайлбал, уг баримт бичигт Улаанбаатар хотыг 15 дагуул хоттой хөгжүүлэхээр тусгажээ. Ингэхдээ тухайн хот бүрийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын чиглэлээр үйлдвэр байгуулж, хөгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Гэхдээ 15 дагуул хотын наймынх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан ч одоогоор ажил нь урагшгүй байна. Байршлын хувьд Жаргалант, Эмээлт, Хөшигийн хөндий, Туул, Сонгино, Өлзий, Гачуурт болон Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүрэг багтжээ. Тодруулбал,

• Налайх дүүрэгт технологи суурьшуулах парк, боловсруулах үйлдвэрлэл төвлөрсөн хил залгаа хот болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

• Багахангай дүүрэгт агуулах, бөөний худалдаа, хүнс барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлж, татваргүй дагуул хот болгох бодлого хэрэгжүүлнэ.

• Шинээр байгуулж буй нисэх онгоцны буудал бүхий Аэро сити хотод 100 мянган хүн ам оршин суух боломжтой ба агаарын тээвэр, түүнийг дагалдах үйлчилгээ, мэдээллийн технологи, худалдаа, төмөр зам, агаарын тээврийн ложистик төвлөрсөн хөгжил бий болгоно.

• Эмээлт тосгонд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, хөнгөн үйлдвэрийн парк байгуулах, түүхий эдийн бирж, агуулахын аж ахуйг хөгжүүлсэн шинэ хот байгуулах ба хүн амыг 14 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн.

• Гачуурт тосгоныг 7000 хүн ам бүхий амралт зугаалга, зуслан суурьшил, байгалийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх бодлогыг төлөвлөсөн.

• Өлзийт тосгоныг 5000 хүн амтай байхаар тооцоолж жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны хүлэмжийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл түлхүү хөгжүүлсэн дагуул

хот маягийн тосгон болгож хөгжүүлэхээр төлөвлөсөн.

• Туул тосгоныг 10 мянган хүн амтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн дагуул хот болгохоор төлөвлөсөн.

• Био-Сонгино тосгоныг 7600 хүн амтай, малын эм бэлдмэл, нано-биотехнологи, хүнсний жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн дагуул тосгон болгон хөгжүүлэхээр тусгасан.

• Партизан-Жаргалант тосгон нь 3500 хүн амтай байх ба хөдөө аж ахуйг дагнан хөгжүүлсэн бүс байна.

Эдгээр дагуул хотуудаас Багануур, Налайх дүүргийг албан ёсоор хотын статустай болгосон ч цаасан дээрх шийдвэрээс өөр ажил хийгээгүй. Энэ хоёр хотын захирагчийн ажлын алба гэж 20 орчим хүнтэй бүтцийн захиргааны зардал тухайн дүүргүүдийн төсөв дээр нэмэгдсэн аж.

Уг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэр технологийн парк байгуулж, дагуул хот байгуулна гэж маш тодорхой заасан байна. Гэвч 2020 он гарч байхад биелэлт нь туйлын хангалтгүй байна. Налайх дүүрэгт үйлдвэр технологийн паркийн эхний ээлжийн үйлдвэр ашиглалтад орсноос бусдаар хөдөлсөн зүйл алга. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн босох “Аэро сити” дагуул хот ч тэр. Одоо л ажил нь эрчимжиж байгаа сурагтай. Уг нь энэхүү хотод долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барьж, 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцоод байгаа юм.

Нийслэлчүүдийн өмнө хамгийн их тулгамддаг асуудлууд болох авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хамгийн боломжит гарц нь дагуул хот байгуулах гэдэг. Харамсалтай нь, бид дагуул хотоо газар дээр биш цаасан дээр л байгуулчихаад байна.

Менежмент сул мега төслүүд

Одоогоор манай улсад хэрэгжүүлэх болон эхлүүлэхээр төлөвлөсөн 11 мега төсөл бий. Үүнээс Зэсийн баяжмал боловсруулах, Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх, Нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгойн болон V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл зэргийг тоочиж болно. Гэхдээ үе үеийн эрх баригчид эдгээр төслийг хэрэгжүүлэх, хөдөлгөх амлалт өгсөн ч байрнаас нь хөдөлгөсөнгүй. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг гэхэд 30 орчим жил ярилаа. Энэ тухай шийдвэр анх 1991 онд гарч байсан. Үүний дараагаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ-ийг гаргасан ч одоо болтол бүтээн байгуулалтгүй. Уг нь төслийн хугацааг 2020 он болгосон ч одоогоор сураг алдраад удаж байна. Байгаль нуурын эко системд сөргөөр нөлөөлнө гэсэн оросуудын болгоомжлолтой төслийн гацааг холбон тайлбарладаг. Тиймээс цаашдаа ч бүрмөсөн хөдлөхгүй байж мэднэ. Энэ мэт төслүүдийг хөдөлгөж, үр өгөөжийг нь хүртэх үе хэзээ байхыг хэн мэдлээ.

Том төслүүд ч бай ер нь төслүүд дээр монголчуудын зайлшгүй сурах ёстой нэг зүйл байна. Тэр нь төслийн менежмент. Үүнийг манай улсад онолынхоо түвшинд ерөөсөө сураагүй. Хэрэгжиж буй төслийн удирдагчид нь яам, агентлагууд байдаг. Гэтэл тэд төслийн менежментийн ойлголтгүй. Төсөл том болох тусмаа комплекс болдог. Барилгыг нэг яам нь удирдаад, замыг бас нэг яам удирдаад байхаар төсөл цогц удирдлагатай байж чадахгүй. Ингэхээр төслийнхөө төсвийг ч цогцоор нь бодож чадахгүй байна. Манай Шинэ нисэх буудлын төсөл гэхэд зөвхөн нисэх байгууламжийн хэсэг нь Японы зээлээр явсан. Гэтэл авто замыг нь БНХАУ-ын Засгийн газраас зээл авч шийдсэн. Тэгэхээр төслийнхөө санхүүжилтийг хүртэл нэг дор шийдэж чадахгүй байна.

Сүүлийн хийгээд ойрын хоёр жилд ашиглалтад орох, ажил нь эхлэх ёстой томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дурдахад ийм байна. Үүний араас 2020-2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрүүд олон бий. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Замын-Үүдийн боомтын шинэчлэл, “Манзушри” цогцолбор, Хэнтий аймгийн Аялал жуулчлалын цогцолбор газар, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Ногоон нуур” 1000 айлын орон сууцны хороолол, 2023 онд ашиглалтад оруулах Төв цэвэрлэх байгууламж, “Солонго-1” орон сууцны хороолол, “Чингис хаан” музей байна.

Харин сонгуулийн үр нөлөө, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн томоохон төсөл хөтөлбөрийг үлгэр болгодог алдааг давтахгүйн тулд төр бодлогоо чангалж, урт хугацаандаа хэрэгжүүлдэг болмоор байна. Төсвийн мөнгө, зээл тусламжаар баахан судалгаа тандалт, ТЭЗҮ хийчихээд төлөвлөсөн ажлаа салхинд хийсгэдэг байдлыг энэ үеэс үгүй хийгээсэй. Дөрвөн жилийн цикльтэй төрийн бодлогыг уртасгаж, эрх баригчид чиний, миний гэж өмчлөхгүйгээр төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлбэл жаргаж чадаагүй үлгэрүүдийг төгсгөж чадна. Цаашдаа ч төсөөллөөс илүү бодит бүтээн байгуулалт хийж чадах билээ.