Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ гэмт хэрэгтэй холбоотой маш олон тоо баримт, статистик танилцуулав. Тэр дундаас ганцхан тоо л анхаарал татлаа. Энэ бол 2020 оны нэгдүгээр улирал буюу гуравхан сарын дотор хүний амь насыг хөнөөсөн 72 гэмт хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн тухай баримт. Бидний цөөхөн монголчуудын нэг нэгнээ хайрлаж энэрэх сэтгэл хаачив. Жилд хэдэн зуугаар нь нэг нэгнийхээ амийг хөнөөсөөр байвал юу болох вэ. Хүний хамгийн том айдас бол амь насаа алдах, бас хүний алтан амийг хорооно гэдэг үнэхээр аймшигтай, юунаас айхаа больсон хүний л хийх үйлдэл. Дээрх тоон үзүүлэлт нь монголчууд юунаас ч айж ичихээ болж байгаагийн нэг илэрхийлэл байж болох юм. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмийг цогцлоох зорилт дэвшүүлсэн монголчууд бид хаашаа яваад байна вэ. Нийгэм илүү нээлттэй чөлөөтэй болохын хэрээр хүмүүсийн нэгнээ хайрлах сэтгэл дундарч, улам зэрлэгшиж байгаа бололтой.
Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр болж эрдэнэт хүний амийг хөнөөх нь бараг мал хулгайлахтай адилхан энгийн үзэгдэл болжээ. Он гарснаас хойш шүүх хүний амь насыг хөнөөсөн 72 гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол мал хулгайлсан 96 гэмт хэргийг шийдвэрлэсэн байна. Хүний амийг хорооно гэдэг мал хулгайлахтай адилхан энгийн нэг гэмт хэрэг болно гэдэг үнэхээр аймшигтай.
Монгол Улсын хамгийн том үнэт баялаг бол монгол хүн өөрөө. Гэтэл манай төр засаг өнгөрсөн хугацаанд зам, барилга байгууламж, орон сууц гэх мэт дэд бүтцийн асуудалд хамаг анхаарлаа хандуулж, түүнийгээ хөгжил хэмээн үнэлж ирлээ. Харин хүнээ хөгжүүлэх, хүүхдүүдийг багаас нь бусдыг хайрлах сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэхэд ямар томоохон бодлого хэрэгжүүлэв. Мянганы зам, “Гудамж” төсөл, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, Гэр хорооллын дахин төлөвлөлт, 21:100 гэдэг шиг хүнээ хөгжүүлэх ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэв. Бусдыг хайрлах, өрөвдөх сэтгэлгүй, бүдүүлэг, зэрлэг балмад ард түмэнтэй болчихвол мянган сайхан бүтээн байгуулалт, дэд бүтэц, үйлдвэржилт, таатай сайхан амьдрах орчин байгаад яах юм бэ. Тиймээс өдрөөс өдөрт хайр энэрлээ гээн зэрлэгшиж, юу ч хийхээс буцахгүй, юунаас ч айхаа больж буй иргэдээ анхаарах, нийгмийн уур амьсгалыг зөөллөх цаг аль хэдийнээ болжээ.