Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ”  сэтгүүлийн 440 дэх дугаар уншигчдын гар дээр очиж байна. Шинэ дугаарын нийтлэлүүдэд хөндөгдсөн онцлох ЕСӨН САНААг хуваалцъя.

Санаа 1: Аж үйлдвэрийн V хувьсгал

Хүн төрөлхтөн сансрын хувьсгалтай золгох тухай сүүлийн жилүүдэд бичих боллоо. Өнөөдрийн хувьд мөрөөдөл гэж үзэж буй сансрын хувьсгалын ачаар хүн төрөлхтөн эх дэлхийд биш сансрын уудамд олон их наяд долларын том зах зээл бий болгох ажээ. Өмнө нь сансрын уудмыг эзэмших өрсөлдөөн баян чинээлэг, хөрөнгө мөнгөтэй улс орнуудын хооронд өрнөдөг байсан бол эдүгээ SpaceX, Blue Origin, Relativity Space зэрэг сансрын технологийн компаниуд хүчтэй өрсөлдөгч болжээ.

Хүмүүс сансрын аялал жуулчлалд мөнгө төлж, хувийн компаниудын сансрын хөлгөөр сансрын станц, сар, Марс гараг руу аялах цаг тун удахгүй бодит байдал болох нь ээ. Ердөө арван жилийн өмнө ухаалаг гар утас хэдэн их наяд долларын зах зээл болох яривал эргэлзэх хүн олон байсан бол эдүгээ дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болчихлоо. Магадгүй хүний нийгмийн амьдралыг өөрчлөх дараагийн хувьсгал нь аж үйлдвэрийн V хувьсгал, сансрын хувьсгал байж болохыг ч үгүйсгэх аргагүй юм.

Тоймч Г.Ганбаяр

“Сансар судлалын товч түүх” нийтлэлээс...

Санаа 2: Эрдэмтэн нисгэгч М.Ганзориг

1984 он. Монгол Улсын иргэн Майдаржавын Ганзориг ЗХУ-ын ШУА-ийн Сансрын шинжилгээний институтэд томилогдон, хоёр улсын  хамтарсан нислэгийн үеэр хэрэгжүүлсэн судлалын туршилтын үр дүнг боловсруулах судалгааны ажилд оролцож, “Монголын нутаг дэвсгэрийн хээрийн бүс дэх ургамалжилтын төлөвийг бүхээгийн хэмжилт, мэдээллийн цогцолборын тусламжтайгаар агаар-сансраас тандах аргаар судлах боломжийг үнэлэх нь” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

М.Ганзориг  бол 1981 оны хамтарсан нислэгийн хоёрдугаар нисгэгч, Монголын сансар судлалын ноён нуруу болж, Информатикийн хүрээлэнг олон жил удирдсан эрдэмтэн.

Тоймч Я.Баяраа

“Монголын сансар судлал” нийтлэлээс...

Санаа 3: С.Эрдэнэболд: “MARS-V” төслийг амжилттай хэрэгжүүлбэл бид дэлхийд үнэ цэнтэй ард түмэн болно..."

Бид 2019 оны арваннэгдүгээр сарын 8, 16-нд Марсын хоёр том группийн гишүүн болсон. Энэ бол НАСА-гийн Марс судлал, хөтөлбөрийн судалгааны групп болон Марс судлалын олон улсын ажлын групп. Өнгөрсөн нэгдүгээр сард энэ хоёр группд төслөө танилцуулсан. Биднийг дэмжиж хүлээн авлаа. 2019 оны гол ололт бол улс төрийн дэмжлэг авах боломжтой гэдгээ баталсан явдал.

“АНУ, ОХУ, БНХАУ татгалзахгүй юм байна. Энэтхэг татгалзах нь бүү хэл бүр дэмжих юм байна” гэсэн итгэл бий болсон. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг асар их байлаа. Залуучууд биднийг сайн дэмжсэн. Гадаад улс орнуудаас улс төрийн дэмжлэг авчихаар тухайн улс орнуудын шинжлэх ухааны байгууллагууд ч өндөр ач холбогдол өгдөг юм байна. Энэ оны гол ажил бол ТЭЗҮ-ээ боловсруулах.

Тоймч С.Шийлэгтөмөр

“ТОЙМInterview” ярилцлагын булан

Санаа 4: Энгийн бизнест оруулсан хөрөнгө 10 нугардаг бол сансрын бизнест оруулсан хөрөнгө 10000 нугарна

Space News-д мэдээлснээр, зөвхөн дэлхийн гадаргын зураг авдаг хиймэл дагуул бүтээх чиглэлд гэхэд л хэдэн зуун гарааны компани хөгжүүлэлт хийж байгаа аж. Эдгээр компаниуд хоорондоо онцын ялгарах зүйлгүй. Гэсэн ч дөнгөж эхэлж буй, маш ирээдүйтэй салбар тул хөрөнгө оруулагчид олдож байгаа юм. Жишээ нь, Британийн “Open cosmos” гэж компани 2015 онд байгуулагдаж, 4-30 кг жинтэй хиймэл дагуул үйлдвэрлэжээ. Нэг хиймэл дагуул зориулалт, овор хэмжээнээсээ хамаараад 100 000- 10 000 000 ам.долларын үнэ хүрдэг. Байгалийн баялаг эрэн хайх, хөдөө аж ахуй хөгжүүлэх, усны бохирдлын тандалт судалгаа, харилцаа холбоо гэх мэт янз бүрийн зориулалттай хиймэл дагуулуудыг хувийн хэвшлийнхэн ч хийлгэж болно. Тус компани долоон сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байна.

“DFJ” венч капиталын сангийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Журветсон 2014 онд “Форчун” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа сансрын бизнест өрсөлдөхөөр дэгэж дэрвэж буй  гарааны компаниудын талаар  тун ч оновчтой тодорхойлолт хэлжээ. Тэрээр “Сансрын бизнесийг бусадтай харьцуулахад асар их ирээдүйтэй. Би өмнө нь хэзээ ч ийм их боломжийг олж харж байгаагүй. Гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийгээд 10 дахин өсгөж авах нь сайн бизнест тооцогдоно. Хааяа 100 нугалж авах нь бий. Тэгвэл сансрын бизнест бид 1000, 10 000 дахин өсөлтийг харж байна” хэмээн ярьж байв.

Тоймч Х.Батсайхан

“Сансрын бизнес” нийтлэлээс...

Санаа 5: Агаарын замаас улсын төсөвт оруулж байгаа орлого алтныхаас хоёр дахин их...

Монгол Улс нутаг дэвсгэрээрээ дайрч өнгөрсөн дотоодын болон олон улсын агаарын хөлгийн буулт, хөөрөлт, зогсолт зэрэг таван төрлийн үйлчилгээнээс навигацийн орлогоо бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд манай агаарын замыг дайрах хөлгийн тоо тогтмол өссөн зэрэг агаарын замаа ашиглах боломж бидэнд байсаар байна. Бидний дээгүүр цагт дунджаар 11- 14 нислэг өнгөрдөг байна. Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд дунджаар дотоодын 20, олон улсын 380 гаруй авиа компанийн агаарын хөлгүүд нисдэг.

Агаарын замаас улсын төсөвт оруулж байгаа орлого газрын тосны салбараас орж буй орлоготой дүйж, алтныхаас хоёр дахин их. Биднийг зэс, нүүрсний ханшаа харсаар суух зуур Монголын хөх тэнгэрт цагаан зам татуулдаг агаарын тээврийн орлого улсын төсвийг олон тэрбумаар тэтгэсээр ирлээ. 2019 оны байдлаар дамжин өнгөрөх агаарын тээврээс улсын төсөвт 170 тэрбум төгрөгт төвлөрчээ. Энэ нь өмнөх оныхоос 20 тэрбумаар өссөн үзүүлэлт аж.

Нийтлэлч С.Сосоржав

“Бид далайд гарцгүй ч сансарт гарцтай” нийтлэлээс...

Санаа 6: Б.Эрдэнэбаатар: “Мазаалай” хиймэл дагуул шинжлэх ухаан, судалгааны талаасаа хангалттай хэмжээнд ажилласан...

“Мазаалай” хиймэл дагуулын төслийн багийн гишүүн Б.Эрдэнэбаатар ... Мазаалай хиймэл дагуул шинжлэх ухааны даалгавруудаа гүйцэтгэсэн би дата-гаа хүлээн авсан. “Мазаалай” хиймэл дагуул зураг авсан ч түүний татаж авахад техникийн асуудал гарсан. Жишээ нь хангалттай сигнал гаргах газрын станц бидэнд байхгүй. Гэхдээ сансрын технологид ямар нэг алдаа ямагт байдаг. Бид “Мазаалай”- гаас сансрын орчмын мэдээллүүдийг авч байсан. Тухайн хиймэл дагуул байгаа өндөрт температур ямар байх вэ, нарнаас авч байгаа энергиэрээ хэчнээн хэмжээний хүчдэл, гүйдлийг ялгаруулж чадах вэ, санах ой, процессорууд үнэн зөв ажиллаж байна уу гээд хиймэл дагуулын мэдээллүүдийг өдөр бүр авсан. Бидний 100 мянган ам.доллараар бүтсэн 10х10 хэмжээтэй жижиг оврын хиймэл дагуул шинжлэх ухаан, судалгааны талаасаа хангалттай хэмжээнд ажилласан гэдэг нь техник талаасаа том амжилт гэж үзэж байгаа” хэмээн төслийн ажлаа товчхон дүгнэсэн.

Тэгвэл “Мазаалай”-г бүтээсэн багийнхан дараагийн хиймэл дагуул буюу “Тэмүүлэл”-ийг сансрын тойрог замд оруулахаар хэдийнэ 30-40 хувийн ажлаа гүйцэтгэжээ. Монгол инженерүүд мэдээллийн болон санхүүгийн дэмжлэгтэй болбол хоёр дахь хиймэл дагуулаа 2021 оны сүүлээр сансрын тойрог замд гаргахаар бэлдэж байгаа аж.

Нийтлэлч Г.Дашдулам

“Мазаалай”-гийн дүү “Тэмүүлэл”-ийг 2021 онд сансарт хөөргөнө” нийтлэлээс...

Санаа 7: Жим Грин (NASA): Марсын агаар мандлыг сэргээх боломжтой...

Сансрын уудмыг судлах, эзэмших чиглэлээр ажиллаж буй эрдэмтэд оролцдог Planetary Science Vision 2050 Workshop эрдэм шинжилгээний хурал 2017 онд Вашингтон ДиСи дэх НАСАгийн төв байранд болсон. Энэ хурлаар эрдэмтэд 2050 он гэхэд амьдралд  хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тооцож байгаа технологи, төслүүдийн талаар ярилцсан байна.

НАСА-гийн гараг судлалын салбарын захирал Жим Грин уг хурал дээр энэ талаар мэдээлэл хийсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татжээ. Түүний дэвшүүлсэн санаа тун энгийн. Ердөө гараг дээр соронзон туйлыг зохиомлоор бий болгох явдал гэнэ. Үүний тулд “Mars L1” төхөөрөмжийг хөөргөх хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь Ангараг дээр буухгүй, харин Ангараг нар хоёрын дунд байдаг “Лагранжа L1” гэж нэрлэсэн бүсэд байрлах аж. “Mars L1” аппарат нь туйлын соронз буюу дипольны магнитаар тоноглогдсон байх бөгөөд энэ нь нарны цацрагийн тусгалыг өөрчилж, Марс дээр соронзон талбай үүсгэх зориулалттай байх аж. Нарны шуурганаас ингэж хамгаалсан тохиолдолд Ангараг гараг агаар мандлаа өөрчилж, аяндаа нөхөн сэргээгдээд ирэх гэнэ... Хэрвээ ингэж чадсан тохиолдолд Улаан нүдэн гараг хэдхэн жилийн дотор агаар мандлаа өөрчилж, гадаргын хэм нь дөрвөн хэмээр нэмэгдэх гэнэ.

Тоймч Х.Батсайхан

“Марсыг эзлэх төлөвлөгөө” нийтлэлээс...

Санаа 8: Марс дээр “ногоо тарина”

АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (НАСА) мэргэжилтнүүд хүнсний ургамал, тухайлбал төмсийг Марсын анхны оршин суугчдын хүнс байх боломжтой гэж үзэн, харь гарагийн хатуу ширүүн нөхцөлийг дааж ургах чадвартай шинэ сорт гаргаж авахаар ажиллаж байгаа аж. Судалгааны багийн гишүүн Крис Маккей “Хэзээ нэгэн цагт Марс дээр хүн очиж таарна. Тэр үед тэдэнд идэх юм хэрэгтэй. Тэр нь төмс байх бүрэн боломжтой юм. Бид маш бага температур, хатуу ширүүн нөхцөлд ургадаг шинэ сорт гаргаж авч чадна гэж найдаж байгаа” хэмээн өгүүлжээ.

NASA дээрх төслийг Перугийн нийслэл Лимад төвтэй Олон улсын төмсний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийн багийнхан туршилтын талбайгаа Перугийн Пампас де ла Хойа гэдэг газарт байгуулжээ. Эндэхийн уур амьсгал нь Марсынхтай хамгийн төстэй гэж үзсэн байна. Тэнд тэсвэр тэвчээр, ургах чадвараараа хамгийн сайн гэгдсэн сортоос сонголт хийж, 65 сортын төмс тариалчихаад ажиглаж байгаа аж. Харь гараг дээр очоод идэх боломжтой хүнсний ногоо ганц төмсөөр хязгаарлагдахгүй. NASA өмнө нь Lettuce буюу монголчуудын сайн мэдэх салат навчны тэсвэртэй төрлийг гаргаж авах туршилт явуулсан бөгөөд эдүгээ дэлхийн тойрог зам дахь Олон улсын сансрын баазад амжилттай ургуулан туршиж байгаа билээ.

Тоймч Х.Батсайхан

“Марсыг эзлэх төлөвлөгөө” нийтлэлээс...

“Элон Маск: 2050 он гэхэд Марс гараг руу өдөр бүр гурван нислэг хийдэг болно” нийтлэлээс...