Төв Азийн нүүдэлчин бүсгүй Муланы домог ба 1946 онд Улаанбаатарт тоглосон Мулан жүжиг

2020 оны 3 сарын 27-ны өдөр Америкийн Уолт Дисней Пикчэрс кино студийн бүтээл (найруулагч Ники Каро, Шинэ Зеланд) - Мулан хэмээх бүрэн хэмжээний кино дэлхий даяар нээлтээ хийх гэж байгаад цаг үеийн байдлаас болж түр хойшлоод байна. 200 сая долларын өртгөөр бүтэж буй энэхүү кино нь мөн студийн 1998 онд хийсэн хүүхэлдэйн киног уран сайхны кино болгосон хувилбар нь юм. Ер нь дэлхий нийт, тэр дундаа Монголын үзэгчид Мулан гэж нэрийг дээрх хүүхэлдэйн киноноос мэдсэн гэж хэлж болно. Энэхүү нийтлэлд өнөө цагт Хятадын түүхийн эмэгтэй баатар хэмээн алдаршаад буй Мулан нь чухам хятад бүсгүй байсан эсэхийг эх бичгээс шинжлэхээс гадна мөнөөх хүүхэлдэйн киногоор алдаршсан гээд буй 1998 оноос даруй тавь гаруй  жилийн өмнө Улаанбаатар хотноо Мулан жүжгийг тавьж байсан тухай дэлгэрэнгүй задлан өгүүлнэ. Өнөөг хүртэл дуу шүлэг, дуурь жүжиг, кино гэх мэт утга зохиолын бүхий л төрлөөр тараад буй олон арван Муланы зохиолд үйл явдал хаа өрнөх, дайсан нь хэн болох, Мулан өөрөө хэн болох, хайр сэтгэлийн өгүүлэмж орох эсэх, эмгэнэлтэй инээдтэй алин болох гэх мэт нь бүгд өөр боловч, нэг ижил өгүүлэмж бол бүгдэд бий. Энэ нь зоригт охин эцгийнхээ оронд цэрэгт явж гавьяа байгуулах үйл.    

Зураг 1. 200 сая доллараар бүтсэн “Мулан”: Бүрэн хэмжээний уран сайхны кино. Диснэй студи

Нэг. Хаан цолтны цэрэг буюу Муланы шүлэг ба дуу

Муланы домгийн өдгөө олдоод буй хамгийн эртний эх нь 12-р зуунд Гуо Маочианы эмхэтгэсэн Хөгжмийн товчооны түүвэр (Юүэфү шижи)-т орсон “Муланы шүлэг”, “Муланы дуу” хоёр юм. Муланы шүлэг нь бичсэн он цагийг тавиагүй, эмхэтгэгч өөрөө 6-р зууны үеийн “Эрт эдүгээгийн хөгжмийн эмхэтгэл (Гүжин юүэлү)” хэмээх цуглуулгаас авсан хэмээжээ. 

Хятадын уламжлал соёлыг нүүдэлчдийн үлгэр домогтой харьцуулсан судалсан ихэнх судлаач энэ анхны хоёр эхийг нарийвчлан шинжлээд Хятадаас хойт зүгийн ардын домог болох нь тодорхой хэмээн батлан өгүүлж байна.

Жишээлбэл, судлаач Лан Дон 2011 онд хэвлүүлсэн “Хятад болон АНУ дахь Муланы домог” номдоо “Мулан нь утга зохиолын баатар болон алдарших анхан үедээ хан-хятад биш байсан бололтой… 4-р зууны үед Умард Хятад нь харийн нүүдэлчдийн тулаан довтолгоонд байнга автаж байсан бөгөөд эцэст нь Сяньби улсын Тоба аймаг 386 онд ноёрхлоо тогтоосон юм… Сяньби нар нь умардын нүүдэлчин улс байсан бөгөөд эмэгтэйчүүд нь морь унах, сур харвахдаа гарамгай байв. Умард Вэй улс бас нэгэн дайсантайгаа  хэдэнтээ томоохон дайн өрнүүлсэн нь Жужан нар юм. Тэд бол өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр аж төрж асан өөр нэг аймаг билээ” (Lan Don, Mulan’s Legend and Legacy in China and the United States, 2011, 53-р тал) хэмээгээд Муланыг тэндээс гаралтай домог байх ёстой хэмээн дүгнэжээ.        

Германы судлаач Маргарет Бартелл 1961 онд герман хэлээр бичиж хэвлүүлсэн нэгэн өгүүллээ “Мулан бол жинхэнэ Хойт зүгийн домог мөн” хэмээн дуусгажээ. 

Торонтогийн их сургуулийн судлаач Санпинг Чэн Мулан хэмээх нэрийн гарал үүслийг шинжилсэн “Муланаас Ганц эвэртийг хүртэл” хэмээх сонирхолтой өгүүлэлдээ “Муланы шүлэгт дүрсэлж буй үйл явдал бол Тоба/Табгач болон тэдний тал нутагтаа үлдэж хоцорсон нүүдэлчин ахан дүүс болох Жужан нарын хоорондох дайн юм. Соёлын талаас үзвэл, тал нутгийн эмэгтэйчүүд л нийгэмд хүчирхэг байр суурь эзэлж ирсэн уламжлалтай, харин Хятадын түүх бичлэгт ийм зүйл огт тохиолддогүй” хэмээгээд цааш нь “Хятадын түүхэн дэх анхны болоод цор ганц эмэгтэй хаан Вү Зэтиан бүр Тангийн үед тохиодгийг түүхэнд уламжлалыг эвдсэн хэмээдэг” (Sanping Chen, From Mulan to Unicorn, Journal of Asian History, vol. 39, no. 1 2005) гэж тайлбарласан байна.    

Судлаачдын энэ санааг батлах нэг чухал үг Муланы домгийн уг эхэд буй. “Муланы шүлэг”-т тухайн үеийн Хятадын эзэн Хуаньди биш харин “Хаан (хан/хаган)” цэрэгт татлаа хэмээгээд эцгийнхээ өмнөөс цэрэгт явж буй тухай өгүүлж буй, “хаган-хан” цолыг түүхэнд анх Жужан нар үүтгэсэн, түүнийг Төв Азийн монгол, түрэг нүүдэлчин аймгууд улируулан хэрэглэсэн нь тодорхой учраас Мулан нь өгүүлэмж дүрслэл, үүх түүх, үг хэллэг бүх талаасаа Цагаан хэрмээс хойших ард олон, нутаг усны домог болох нь маргаангүй юм.   

Анхны олдоод буй эх болох Муланы шүлгийн агуулгыг товчлон хүргэвэл Мулан охин үүдэндээ санаа алдан сууна. Юунд санаа нь зовов гэхээр хайр сэтгэл биш, харин Хаанаас ирсэн зарлан дуудах. Аав нь өндөр настай, Мулан өөрөө ахгүй. Мулан захаас морь, эмээл, ташуур сэлтийг авна. Өглөөгүүр тэгээд Шар мөрнийг даван одно. Эцэг эхийнх нь дуудах дуу сонстохгүй, гагц умардын харийнхны дуу л чихэнд. Олон дайн тулаанд орно. 10 жил болоод гэртээ ирнэ. Хаан гавьяа байгуулсан Муланыг хүлээн авч дуртай шагналаа ав гэнэ. Мулан ердөө гэртээ л харина гэнэ. Гэртээ ирээд эр цэргийн хувцсаа тайлаад эмэгтэй дүрээрээ гарч ирэхэд цэрэг олон нөхөд нь 12 жил хамт дайтахдаа Муланыг эмэгтэй гэж мэдсэнгүй хэмээн гайхширна. Төгсгөл шүлэгт: 

Эрэгчин туулайн хөл өндөрт үсэрнэ

Эмэгчин туулайн нүд хурдан хөдөлнө

Энэ хоёрыг зэрэгцээд явахуй дор

Эр эмийг нь хэн ялгах сан билээ хэмээдэг нь эр эм туулай өөр нүд, өөр хөлтэй ч хүн ялгаж чаддаггүй, гэтэл хүн болбоос эр эм ялгалгүй адил нүд хөлтэй, юуных нь ялгаа байх вэ гэсэн тэгш үзэл ажээ.

Өмнө дурдсанчлан Муланы домгийн хоёрдахь эх сурвалж бол Хөгжмийн товчооны түүвэр (Юүэфү шижи)-т орсон өөр нэг бүтээл болох “Муланы дуу” юм. Ерөнхий агуулгын хувьд “Муланы шүлэг”-ээс их гажих зүйл үгүй, гагцхүү зарим нэг нэмэлт мэдээ, утга санаа оруулж өгсөн шинжтэй. Шүлэгтэй харьцуулахад Дууг зохиогчийн мэдээлэл буй. Тан улсын (618-907) Ерөнхий сайд Вэй Юанфү бичсэн хэмээж. 

Үлгэр домгийг үүх түүхтэйгээ холбон хувирган өөрчилж ирсний нэг тод жишээ энэ хувилбарт тохионо. Төвөдүүд 763 онд Тангийн нийслэл хотыг эзлэн авсан билээ. Тиймээс Тангийн ерөнхий сайдын хувилбарт Төвөд орж ирж, Мулан “Үүрийн гэгээнээр цаст уулын бэлд буугаад, үдшийн бүрийгээр Хөх нуурын эрэгт амраад, шөнөдөө Янжи уулыг довтолж, Хотон нутгаас төвөдүүдийг барьж…” гэхчлэн өгүүлдэг.   

Зохиолын бүхий л үзлийг базах төгсгөл шүлэгт бас нэг багаахан өөрчлөлт орсныг тайлбарлавал, Муланы шүлэгт ерөөс эр эм гэж ялгаагүй хэмээсэн бол Муланы дуу харин эрчүүд ерөөс илүү, гэвч эмэгтэй хүн хичээж гавьяа байгуулах аваас эр хүн шиг байж чадна гэсэн маягтай болоод иржээ. Үүнд:

Энэ ертөнцөд түшмэдийн хөвгүүд

Эрхэм Мулан шиг гавьяа байгуулах аваас

Үнэн зүрх, тахимдуу ачлал нь

Үүрд магтагдан үлдэж, хэн ч сөнөөж эс чадмуу хэмээнэ. 

Зураг 2. 1998 онд бүтээсэн Мулан хүүхэлдэйн кинонд гол дайснаар Хүннүгийн Шанюйг дүрсэлжээ.

Хоёр. Эмэгтэй Мулан эцгийн оронд цэрэгт мордсон нь

Өмнө өгүүлсэн хоёр эх сурвалжаас хойш Муланы тухай мэдээлэл үгүй байсаар 16-р зуунд Мингийн сүүлч үеийн зураач, зохиолч, уран бичээч Шү Вэйгийн зохиосон “Эмэгтэй Мулан эцгийн оронд цэрэгт мордсон нь” хэмээх жүжгийг хүрнэ. Шү Вэй анх удаа Мулан хэмээх нэрийн өмнө Хуа гэдэг овгийг оруулж, нэрийг Хуа Мулан болгожээ. Хоёр үзэгдэлт жүжгийн үйл явдал Умард Вэй улсын Сяньби нарын дунд өрнөнө. Аанай л Хуанди биш Хаан цолт эзний цэрэгт явна. Мөн эцгийгээ “мянганы ноён” хэмээнэ. Энэ жүжгийн оршилд гол дүр Хуа Мулан “Манай агуу Вэй улсын Тоба хаан цэрэг элсүүлнэ гэж манай нутаг руу хэл илгээжээ” хэмээн тов тодорхой өгүүлдэг.

Жүжгийн эсрэг дүр нь харин дайсагнасан өөр овог аймаг биш, Хар уулнаа суух Ирвэсийн арьс хочит дээрэмчин болжээ. Хэдийгээр Хуа Мулан өөрийгөө Тоба хааны харьяат гэж өгүүлсэн ч жүжгийн 1-р үзэгдлийн төгсгөл хэсэгт нанхиад маягийн давсалсан хөлнийхөө боолтыг тайлж, том эрэгтэй хөлтэй боллоо хэмээн тайзан дээр үзүүлдэг нь нэг талаас Шү Вэй хошин жүжиг маягаар бичсэн учраас үзэгчдийн анхаарлыг татах зорилго, нөгөө талаар бас Муланыг нанхиаджуулах анхны оролдлого байж болох юм.    

Хоёрдугаар үзэгдэлд Мулан гавьяа байгуулж, Ирвэсийн арьсыг барьж хаандаа тушаагаад, амласан албан тушаалыг нь авалгүй гэртээ харина. Ижий аавдаа алдар гавьяагаа яриад, “яргай модны нахиа” хэвээрээ ирлээ хэмээсэн нь онгон биеэрээ буй гэсэн санаа. Хөршийнх нь хархүү түүнд дурлан тайзан дээр гэрлэж, аз жаргалтай төгсөнө. Энэхүү хурим нь мөн Шү Вэйгийн шинэчлэл мөн. 

Зураг 3. Шү Вэйгийн “Эмэгтэй Мулан эцгийн оронд цэрэгт мордсон нь” жүжгийн зураг. Мингийн сүүл үе. Модон бар.

Гурав. Сүй-Тангийн түүхэн дуулал

Шү Вэйгийн хувилбар буюу Мин улсын үеийн Мулан ийнхүү уулын дээрэмчинтэй тулж байсан Тоба бүсгүй байсан бол Чин улсын хувилбарт харийн дайсантай тэмцэж, илүү “эх оронч” уур амьсгалтай болоод ирэв. Чү Рэнхугийн эмхэтгэсэн зуун бүлэгт Сүй-Танг улсын дуулал (Сүй танг янеи, 1675 он)-ын 55-61-р бүлэгт Муланы домог оржээ. Энэ хувилбарт үйл явдал Сүй улсын унах үед өрнөж, Түрэг улс дайнд оролцож эхэлнэ. Муланы эцэг нь түрэг, эх нь хятад хүн болов. Энд мөн Хуа Муланы нэрийг анх удаа нанхиад утгаар тайлбарлаж, тэднийх цэцэрлэгтээ замбага цэцэг тарьсан нь охиныг төрөхөд дэлбээлсэн учраас тийн нэрийдэв гэх аж. Судлаач Лан Доны үзсэнээр энэ нь Шү Вэйгийн хувилбарт шүтсэн, гэвч өөрийн чөлөө дураар нэмсэн шинжтэй, мөн Муланыг жүжгийн хэлбэрээс үргэлжилсэн үг, тууж болгох гүүр нь болсон бүтээл аж. 

Харвардын их сургуулийн судлаач Шиамин Ква, Уилт Идэма нар “Мулан: Хятадын сонгодог домгийн таван хувилбар, холбогдох эхүүд” хэмээх бүтээлдээ “Өмнөх хувилбарууд дахь эцгийнхээ оронд цэрэгт явсан, гарамгай ялалт байгуулсан, өндөр алба тушаалыг хайхарсан зэрэг нь “эх оронч” хэмээх үзэлд хангалтгүй санагдсан тул энэ хувилбарт Мулан цэвэр ариун үзлээрээ бүр амиа хорлож төгсөнө” (Shiamin Kwa, Wilt L. Idema, Mulan: Five Versions of Classic Chinese Legend with Related Texts, 2010) хэмээн дүгнэжээ.            

Үйл явдлыг товч дурдваас: Сүй улс мөхөж бүхүйд хаан ширээнд өрсөлдөж байсан Лиу Вүжоу Өрнөд Түжүэ буюу Түрэгийн Хэшана хэмээх хаантай тохирч, Жинянг, Куожоу хоёрыг эзлэхээр болно. Хэшана хаан цэрэг элсүүлэхэд Хуа Ху хэмээгчийн нас өндөр болсон тул охин Мулан нь оронд нь эрийн дүрээр цэрэгт явна. Лиу Вүжоу-гийн гол баатар нь Ючи Гонг жанжин, түүнтэй ид тулалдаж буй баатар нь хожмоо Танг улсын тайзунг болох Ли Шиминий жанжин Чин Шубао. Лиу Вүжоу дийлдэн, хамсаатан Түрэгтэйгээ нийлж зугтах гэсэн боловч Хэшана хаан түүнийг алж орхино. Ючи Гонг жанжин тэгмэгц Түрэгтэй нийлэхээ больж, Тангийн талд орно. Хэшана хаан Доу Жиандэгийн цэрэгт дийлэгдэн амиа алдахын даваан дээр Мулан ирж, эрэлхэг тулалдан амийг нь аварна. Гэвч өөрөө Доу Жиандэгийн охин, өөр нэг эмэгтэй баатар Доу Шиан Нианд баригджээ.       

Доу Шиан Ниан Муланыг эрэгтэй биш, тахимдуу ёсоор эцгийнхээ оронд цэрэгт явсан өөрийнх нь адил бүсгүй хүн гэдгийг мэдээд уяран хайрлаж, олзны хүний ёсоор бус, анд нөхөр шиг харьцан, шивэгчнээ болгов. Удалгүй дайн дуусаж, Мулан гэртээ харив. Гэтэл хөгшин эцэг нь нас барж, эх нь дүү нарыг нь асрахын тулд Вэй овгийн нэг эртэй гэрлэсэн байжээ. Хэшана хаан үүнийг мэдээд Муланыг ордондоо ирж татвар эм бол гэсэн тушаал буулгана. Мулан үүнийг үл зөвшөөрөн, хутгаар хоолойгоо хэрчин амиа егүүтгэнэ. 

Энэ хувилбараас хойш Муланы домгоор 1800 онд 32 бүлэг роман, 1850 онд 46 бүлэг роман, 1903 онд Бээжингийн алдартай дуурь, 1939 онд Шанхайд кино гэх мэтээр утга зохиолын бүхий л төрөл хэлбэрээр гарсаар өдгөө Холлиувүүдийн бүрэн хэмжээний кино болон ахин мэндлэх гэж байна. Энэ завсар Мулан охин жужан-табгач-сяньби-түрэг угсааг дамжсаар эцэст нь хэдийн “хятад бүсгүй” болжээ.

Дөрөв. Мулан хэмээх нэрийн гарал

Мулан хэмээх нэрийн гарлыг хамгийн нухацтай судалсан эрдэмтэн бол Торонтогийн их сургуулийн нанхиадач Санпинг Чэн юм. Тэрбээр хоёр зүйлийн баримтаас шалтгаалан Мулан нэрийн гарлыг нэгд, Хятад хэлнээс биш, хоёрт, эмэгтэй хүний нэрнээс биш, харин, монгол, түрэг хэлнээс, эрэгтэй нэрийн дотроос эрэх ёстой хэмээн дүгнэжээ. Угаасаа Гуо Маочиан эмхэтгэлдээ бүхий л хятад нэрийг тайлбарласан боловч ганц Муланы тухайд “Мулан - нэрийн утга тодорхойгүй” хэмээн тэмдэглэн үлдээсэн аж. Мулан гэсэн үгийг хятад хэлний нэгэн зүйл, сайхан үнэрт, тансаг цэцэгтэй холбон тайлбарласан нь бүр сүүлийн үеийн (17-р зууны) үеийн оруулга гэдгийг өмнө дурдсан буй. Энэ бол Мулан хятад даяар алдаршиж, эмэгтэй гэдгийг нь хэн хүнгүй мэдэх болсон үед нэмсэн зүйл. Гэтэл одоогоор олдоод буй анхны эхэд:

Арван хоёр жилийн турш мөр зэрэгцэн байлдав

Анд Муланыг бид эмэгтэй гэж мэдсэнгүй... 

хэмээн дуулдаг нь Мулан гэж нэр тухайн үедээ эрэгтэй нэр байсныг баталж байна. (Өдгөөчлөн харьцуулбал Цэцэгээ нэртэй баатартай хамт байлдаад байгаа атлаа эмэгтэй гэж гайхаад буй мэт) 

Санпинг Чэн өөр нэг нухацтай баримт дурдсан нь Хятадын түүхийн Жоу Шү намтар зохиолд Хан Шионг гэж баатар эрийн тухай өгүүлдэг, тэрхүү баатрыг Мулан хэмээн нэрлэдэг, Бэй чи шү сурвалж бичигт мөнөөх жанжныг Хан Шионг биш Хан Мулан гэж хоёр ч удаа дурдсаныг тэмдэглээд, Сяньби, Тоба зэргээс гаралтай жанжид, өөрөөр хэлбэл “зэрлэг бүдүүлэг” улс аймгийн овог нэрийг хятад болголгүй, тэр чигээр нь хадгалдаг байсан ёсыг тайлбарлан өгүүлжээ.

Үгийн гарал зүй нарийн ухаан, түүхэн үүднээс нэгэнт аль зүгээс эрлээ эхлэхээ мэдсэн бол одоо хэл шинжлэлийн сэргээн тогтоох аргуудыг хэрэглэж эхлэх ёстой. Үнэхээр тэр “зэрлэг бүдүүлэг” нарын хэлнээс ирсэн нэр юм бол тэр “зэрлэг бүдүүлэг” нарынхаа хэлнээс хайх нь зохистой. Тэр хэл нь Алтай язгуурын хэл буюу, монгол, түрэг, манж хэл байх нь тодорхой.

Хятад судлаач Чэн ханз үсгийн харьцуулсан дуудлагаар дунд үеийн хятад хэлнээ Мулан нь *мук-лан байсныг сэргээн тогтоож. Мөн дунд үеийн хятад хэлний М нь, хойт зүгийн хэлнүүдийн Б-тэй таардаг болохыг багатур гэхийг мохэдуо, балиг буюу түрэг хэлний “загас” гэсэн үгийг молэ гэж буулгаснаар баталсан байна. Ингэж үзэхлээр Мук-лан хэмээх нэр нь уг хэлэндээ *Бук-лан хэлбэртэй байсныг сэргээж болно. Ингээд баатар эрийн нэрийн язгуур байж болох “бук-” хэлбэрүүдийг түүснийг нь сонирхуулбал:

Буг-а (Алтай язгуурын олон хэлнээ Бугаас эхлээд Хандгайг хүртэл томоохон эвэрт амьтдыг нэрлэх үг)

Бугра (Алтай язгуурын олон хэлнээ “тэмээ”-г, өөр зарим хэлнээ эр бугыг нэрийдэх үг)

Бук-а (Монгол болон бусад хэд хэдэн хэлэнд эр үхэр - бухыг хэлэх үг)

Бу-лан (ал Кашгари ганц эвэрт адгуусыг хэлэх Алтай язгуурын хэлний үг хэмээжээ)

Буга, Бух хоёрын тухайд монгол хэлнээ аль аль нь буй, Бугра хэмээх тэмээний хувьд монгол бичгийн буур буюу бугур-ын тэрхүү “буг-” язгуур мөн. Харин тэр Булан гэдэг ганц эвэртийн тухайд Индианагийн их сургуульд Монгол судлалыг үндэслэгч Дэнис Синьор авгай “Булан нь Алтай язгуурын хэлнүүдэд ганц эвэртийг хэлэх уугуул үг байсан бололтой” хэмээн дүгнэсэн нь маш сонирхолтой судалгаа билээ. (Denis Sinor, “Sur les noms altaiques de la licorne”, Wiener Zeitschrift fur die Kunde des Morgenlandes, 61, 1960 )

Муланы нэрийг нэхэн сурвалжилсан түүхэн хэл шинжлэлийн судалгааг үүгээр өндөрлөж, чухам “бух, буга, буур, булан хэмээх ганц эвэрт”-ийн алин болохыг тунгаах зав зайг уншигч танаа өөрт тань үлдээгээд дараагийн бүлэгтээ орсу.

Тав. Мулан Улаанбаатарт

Үүнийг бичигчийн хувийн цуглуулга дотор хувьсгалын 25 жилийн ойгоор буюу 1946 онд, Улаанбаатар дахь Хятад ажилчны төв клубээс тавьсан “Хуа Мулан цэрэгт мордсон нь” хэмээх жүжгийн тайлбар брошюр хадгалагдаж буй. Хятад, монгол (монгол бичгээр), орос гурван хэлээр бичсэн уг тайлбарыг харахад дэлхий нийтийн ихэнх үзэгчдийг 1998 онд, Диснэйн хүүхэлдэйн кино гарснаар сая Мулантай танилцсан гэж тооцдог бол Улаанбаатар хотынхон 1946 онд тэр түүхтэй танилцаж байсан аж. Хавтас дээр монгол бичгээр “Монголын хувьсгалын 25 жилийн ой” хэмээн бичсэн боловч орос хэлээр “25 годовщины МНР” гэсэн нь жүжгийг тоглосон оныг тогтооход бага зэрэг бэрхшээл үүсгэж байна. Учир нь Ардын хувьсгалын 25 жилийн ой 1946 онд тохиосон бол МНР буюу БНМАУ-ыг тунхагласан ой нь 1949 оных юм. Ерөнхий найруулагчаар Ван Ши ажилласан хэмээх баримтыг Ван Ши Хятад улстаа 1947 онд буцаад 1949 онд ЗХУ-д элчин сайдаар томилогдсонтой огтлолцуулан бодвоос 1946 он нь зөв хэмээн дүгнэв.   

Брошюрын дээр гараар, үзмэн ягаан бэхээр Чойбалсан хэмээн бичсэн нь жүжигт маршалыг урьж, тусгай дугаар явуулсны учир бололтой. Х. Чойбалсан чухам өөрөө үзсэн эсэх тухай мэдээ үгүй. Ямар ч байсан Улсын филармонийн хөгжимчин, тус клубт труба, тромбон тоглодог байсан Д. Нямаа “Найруулагч Ёон Ши маршалтай танил учраас маршал Чойбалсан клубээр ирж жүжиг үздэг байлаа” хэмээн дурсжээ.

Тэртээ 1946 онд анх найруулан тавиад, түүнээс хойших хэдэн жилд тоглосон жүжиг учраас манай урлагийн түүхэнд Муланы тухай бичигдсэн зүйл үгүй боловч хувь хүмүүсийн бага сага дуртгал дурсамж бас үлджээ. Уг жүжгийн хоёр найруулагчийн нэгнийх нь охин, Хятад ажилчны төв клубийн хашаанд төрж өссөн, Монголын радиогийн ахмад сурвалжлагч Н. Сувдаа 2016 оны 9 сарын 4-ний өдөр өгсөн ярилцлагадаа “... ‘Хоа ма лан (эхэд хэрхэн бичсэн хэлбэрээр нь авав. М.С.) цэргийн албанд явсан нь’ гэдэг түүхэн жүжиг тоглодог байсан. Нэгэн эмэгтэй цэргийн алба татагдах үед нь аавынхаа оронд эрэгтэй хүн болоод явж байгаа тухай юм. Сүүлд хятадууд энэ үлгэрээр олон ангит кино хийсэн байна лээ. Шийг Ёо Ли Цай гэдэг клубийн дарга найруулж тавьсан…” хэмээн өгүүлснийг судлаач Г. Оюунчимэг тэмдэглэн үлджээ. 

Одоо энэхүү жүжгийг тоглосон клубийн үүх түүхийг товч дурдаж, жүжгийг тавихдаа Хятадын түүхэн дэх чухам аль эх сурвалжийг үндэслэсэн болохыг нь хэлэлцээд, найруулагч жүжигчдийнх нь талаар өгүүлсний эцэст брошюр дэх эхийг бүрнээр нь, зүүлт тайлбарын хамт уншигч танаа хүргэе. 

Зураг 4. Хятад ажилчдын төв клубээс Монголын хувьсгалын 25 жилийн ойн баярыг угтаж, нийтэд зориулан гаргах түүхт жүжиг Муланы тухай тайлбар (М. Саруул-Эрдэнийн хувийн цуглуулга)

Зургаа. Хятад ажилчны төв клуб

Ц. Түмэнбаяр, Г. Оюунчимэг нар саяхан “Монголд ажиллаж байсан Хятад ажилчны төв клуб” нэртэй томоохон ном гаргажээ. Уг номд тус клубийн холбогдолтой баримт сэлт, архивын материал, хувь хүмүүсийн дурсамжийг арвин оруулсан байна. Номд бичсэн түүхээс үзвэл 18-р зууны эхээр Хятадын циркийн болон театрын хэрмэл жүжигчид Улиастай, Ховд хот, Богдын хүрээнд дулааны улиралд ирж тоглоод буцдаг байсан нь хожмоо жүжигчдийн хувьд нүүх суухад түвэгтэй байсан учраас суурин театр байгуулсан аж. 1928-1929 онд Монголд ажиллаж байсан ийм Хятад театруудыг бүгдийг хаасан боловч 1930 онд Монгол үйлдвэрчний эвлэлийн хөрөнгөөр “Хятад ажилчны төв клуб”-ийг байгуулжээ.  Хятадын ший жүжиг тоглодог гол төв ньанх Хятадын дөрвөн гудамжинд өмнө, хойт (На Яньз, Ший-Яньз) театр гэж байгаад МҮЭ-ийн харьяанд 1930 оны үед ирсний дараа Өргөн чөлөөнд нүүж ирсэн байна. Өргөн чөлөө гэдэг нь Өргөөгийн баруун дамнуурчны гол гудамж буюу одоогийн Гандангийн зүүн хүр доорхи Бадма Ёго дацан (хуучин Гэсэр сүм)-ээс Хүнсний нэгдүгээр дэлгүүр хүртэлх замыг хэлнэ. 

Ший Яньз 1930 он буюу эхэн үедээ улаан булангийн хэлбэрээр ажиллаж байсан... 1932 оны хавар тэрхүү улаан булангийн барилгыг засварлахгүйгээр ашиглаж үл болно гэсэн инженерийн акт гарсан учраас түр хааж,... Үйлдвэрчний Төв Зөвлөлөөс 9000, Намын Төв хорооноос 5000 төгрөг өгч, 20000 төгрөгийн түр зээлдүүлэн, барилгын иж бүрэн засвар, өргөтгөл хийжээ. Ингээд 1932 оны Октябрийн баяраар анхны киногоо гаргаж клубийнхээ нээлтээ хийсэн бөгөөд үүнээс хойш үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн ажээ. (Ц. Түмэнбаяр, Г. Оюунчимэг, “Монголд ажиллаж байсан Хятад ажилчны төв клуб”, Улаанбаатар номоос) 

Ингээд идэвхтэй ажиллаж, Улаанбаатар хот дахь урлаг үзвэрийн нэгэн чухал төв байсаар 1965-1966 онд хоёр улсын хоорондох харилцаа улс төрийн шалтгаанаар хүйтрэхэд хаалгаа барьсан ажээ. Клубт зөвхөн хятад ажилчин, жүжигчид төдийгүй монголчууд мөн хамрагдаж, манай зарим урлагийн мастер тэндээс төрөн гарснаас жишээлэхэд, хөгжмийн зохиолч МУГЗ Б.Түмэнжаргал, МУГЗ Дагважамц,  ардын жүжигчин Д. Ичинхорлоо, Улсын филармонийн хөгжимчин Б. Нямаа, Д. Загнуур, Хандсүрэн нарыг дурдаж болно.

Зураг 5. Мулан жүжгийн тухай дурсамж өгүүлсэн Н. Сувдаа ээж Найзхандын хамт. (Н. Сувдаагийн хувийн архив, зохиолч Ц. Түмэнбаярын зөвшөөрлөөр авав)

Долоо. Улаанбаатарт тоглосон Мулан аль хувилбар вэ?

Тайлбарын оршил хэсэгт “Сүй Танг улсын үлгэрийнбичгээс зохиов” хэмээснээс үзэхэд Чү Рэнхугийн эмхэтгэсэн зуун бүлэгт Сүй-Танг улсын дуулал (Сүй танг янеи, 1675 он)-ыг эхээ болгосон аж. Гэвч мөн “Гагцхүү зовуурьтай болох нь манай энд жүжгийн эх бичиг ч үгүй бөгөөд мөнхүү жүжгийг үзээгүйн дээр олж уншсан ч үгүй болой” хэмээн үнэнээ өчсөн байна.

Дөрвөн үзэгдэлт уг жүжгийн үйл явдлыг шинжихэд мөн Сүй-Танг улсын дуулал дахь хувилбар болох нь тодорхой юм. Үүнд Муланаас гадна өөр нэг эмэгтэй баатар гарч ирсэн нь чухам Чү Рэнхугийн оруулж ирсэн шинчлэл мөн. Нэгэнт тэр хувилбарыг сонгосон учраас анхны хоёр эх дээрх Табгач, Жужан гаралтай Муланыг биш, Хятад гаралтай Муланыг баримталсан ажээ. Гэвч бас хойд зүгээс гаралтай хэмээх өнгө аясыг бас бүр чалдагдуулсангүй, “Мөн аймгийн толгойлогч Кэ Пи На хан гэж байжээ. Түүнийг хан хэмээн өргөмжлөн дуудна” хэмээн мөнөөх хуанди биш хан цолтны цэрэгт явсан гэдгийг нь тодорхой чухалчлан тайлбарласан байна.  Үүнээс гадна Монгол улсад тоглож байгаа учраас харийн дайсан хэмээн хойт зүгийнхээ хөршийг сонгосонгүй, харин Хятад доторх феодалын бутрал, иргэний дайны эсрэг утга агуулгатай болгож өгчээ.

Улаанбаатарт тоглосон Мулан хэдийгээр Сүй-Танг улсын дуулал дахь хувилбар боловч төгсгөлийг нь өөрчилж, Вү Шэйгийн маягаар дуусгасан нэг сонирхолтой онцлог буй. Сүй-Тангийн Мулан болбоос эмгэнэлт жүжиг, Мулан эцэст нь хааны татвар эм болохгүй хэмээн амиа хорлож үхдэг бол Хятад ажилчны төв клубийн хувилбарын эхний гурван үзэгдэл нь Сүй-Тангийн агуулгыг чухам дагаад, харин төгсгөлийн бүлэгт хаан нь татвар эм болгох биш харин ч гавьяаг нь мөнхжүүлэн шагнаж, ялангуяа “их хурим хийж хуримлалаа” гэдэг нь тайзан дээр хурим найр авчран, аз жаргалтай дуусгасан Вү Шэйгийн, өөрөөр хэлбэл Мин улсын үеийн оруулга мөн. Үүнтэй төстэй өөрчлөн хувиргасан төгсгөл манай “Учиртай гурван толгой” дуурьд бас тохиож байсныг дурдвал, анхандаа амраг хайрын гурвалжныг үзүүлсэн эмгэнэлт жүжиг байсныг хожим хувьсгалын үзэл санаанд тохируулан хурим найраар дуусдаг, аз жаргалтай жүжиг болгосон билээ.     

Хувилбар бүрийн төгсгөлийн дуу маш чухал. Чухам төгсгөлийн дуун дээрээ зохиолын гол үзэл санааг нэгтгэн өгүүлдэг уламжлалтайг өмнө өгүүлсэн буй. Өнөөг хүртэлх Муланы олон хувилбарт 1. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй, тэгш эрх чадалтай хэмээх эмэгтэйч үзэл, 2. Эцгийн хайрыг ачилсан сайн охин буюу тахимдуу үзэл, 3. Нутаг усныхаа төлөө харийн дайсантай тулж буй эх оронч үзэл гэсэн гурван гол санаа төгсгөл дуунд нь тохиож буй. Тэгвэл Улаанбаатарт тоглосон хувилбар нь нэгд, социалист цаг үед тохиосон, хоёрт, хоёр улсын харилцаа сайн байх үед тоглосон, гуравт, дэлхийн 2-р их дайны дараахан тавьсан учраас энх тайван, эв найрамдлыг магтаж, дайн тулааныг эсэргүүцсэн үзэл мөн оруулж иржээ. Ц. Дамдинсүрэн гуайн орчуулсан тэрхүү төгсгөл дууны сүүлийн бадгийг толилуулбал:

Үхэх амьдрахыг хамтатгаж, үүрд бүгдээр нэгдэлтэй

Эрэгтэй эмэгтэй нийтээр энх жаргах хүсэлтэй

Мөнх алдар мандуулахад мөн найрамдал хэрэгтэй

Дэлхий дахин амаржиж, дэлгэр цаг ирээсэй дээ

Зураг 6. Хятад ажилчны төв клубийн тавьсан Мулан. Баруун захын дүр нь Диу Сияан Нинг буюу Найзханд. Зүүн захынх нь Мулан. Бусад нь эмэгтэй цэргүүд. (Театрын музейн фондны зураг. Зохиолч Ц. Түмэнбаярын зөвшөөрлөөр авав)

Найм. “Хуа Мулан цэрэгт мордсон нь” жүжгийн найруулагч ба жүжигчид

Жүжгийн тайлбарын төгсгөлд найруулагч, жүжигчин, хөгжимчин, удирдаач нарын жагсаалтыг бичжээ. Үүний заримаас дурдвал: 

Ерөнхий найруулагч Ван Ши

Монголд Заяат нэрээрээ алдаршсан Зян Зэ Ши буюу Ван Ши нь Улаанбаатар хотод 1942-1947 онд Хятад ажилчны төв клубийн даргаар ажиллаж байжээ. Мөн давхар хятад иргэд, ажилчдынхаа хэргийг хамаарсан албан тушаал бүхий Хятадын коммунист намын чухал томоохон төлөөлөгч байж. Заяат 1900 онд Өвөрмонголын Түмэд хошуунд төрсөн, 1933 онд Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист дээд сургууль буюу КУТВ-ийг төгссөн, монгол, орос хэл сайтай хүн байсан гэдэг. 1949 онд Хятадад шинэ засаг тогтоход БНХАУ-аас ЗХУ-д суух анхны онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар, хойтон жил нь БНМАУ-д суух анхны Элчин сайдаар томилогдон иржээ. Та бүхэнд толилуулан буй “Хуа Мулан цэрэгт мордсон нь” жүжгийн тайлбарыг Заяат - Ван ши бичсэн бололтой. Бололтой хэмээхийн учир нь уг эхэд хэн бичсэнийг дурдаагүй юм.  

Зураг 7. Найруулагч Ван Ши хэмээх Заяат БНХАУ-ын Элчин сайдаар Монголд эргэж ирснийхээ хойно Яармагт наадам үзсэн нь. ЗХУ-ын Элчин сайд Приходовын хамт. (Нийтлэлч Баярхүүгийн архив. www.baabar.mn)

Найруулагч Ван Рун, жүжигчин Найзханд

“Хуа Мулан цэрэгт мордсон нь” жүжигт ерөнхий найруулагч Ван Ши-гээс гадна хоёр туслах найруулагч оролцсоны нэг нь Ван Рун (эхэд Вон Рунг нэрээр буй) юм. Ван Рун мөн хөгжмийн найруулагчаар давхар ажиллажээ. Ван Руны гэргий хөгжимчин жүжигчин Найзханд Мулантай нөхөрлөсөн өөр нэг эмэгтэй баатар Диу Сияанг Нингийн дүрд тоглосон байна. Тэр хоёрын охин Н. Сувдаа “Миний ээжийг Найзханд гэдэг. Ээж маань хятад хэлтэй, шанз хөгжим дардаг, сайхан дуулдаг, шийюаньзын авьяаслаг нэгэн жүжигчин байв. Аавыг Ван Рун гэдэг. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн харьяа “Ажилчны зам” сонины редактор, сурвалжлагч, орчуулагчаар ажиллаж байсан. Аав маань Шанши нутгийнх. Хятад худалдаачдыг дагаж Монголд орж ирсэн гэсэн. Ирээд гутлын үйлдвэрт гуталчнаар ажиллаж байжээ...” хэмээн дурсан ярьжээ. Нийтлэлийн 4-р зураг дахь хавтасны баруун дээд булангийн жүжигчин нь Найзханд мөн. 

Мөн Муланы ээжид Бадарчин тоглосон, дирижероор бас Бадарчин нэртэй хүн ажилласан гэж буй, үүнд тус клубт том дунд хоёр Бадарчин байсан гэхийн аль нь хэн нь болох, эс бөгөөс Ван Руны адил нэг хүн хоёр үүрэг гүйцэтгэсэн эсэхийг тогтоож чадсангүй. Ямар ч байсан Бадарчин нь Хүрээний авьяаслаг дуучдын нэг байсан хэмээн дурсамжид тэмдэглэгдэн үлджээ. 

Зураг 8. Доод эгнээний зүүнээс 2 дахь нь Найзханд, дээд эгнээний зүүнээс 4 дэх нь Ван Рун, 5 дахь нь Муланы аавд тоглосноос гадна жүжгийг хамтран найруулсан Ёо Лий Цай. (Театрын фонтны зураг. Зохиолч Ц. Түмэнбаярын зөвшөөрлөөр авав)

Дүгнэлт

Эртний Хятадын сурвалж  бичигт тэмдэглэгдэн үлдсэн Муланы домгийн хамгийн анхны сурвалжуудыг үзэхэд өнөөгийн Монголын нутаг дэвсгэрээр нутаглаж байсан нүүдэлчин      аймгуудын хоорондын дайныг өгүүлсэн Табгач, Сяньби, Жужан үндэстний гаралтай дайчин бүсгүйн тухай домог болох нь тодорхой байна.
Мулан нэрийн гарлыг судлаач нар Алтай язгуурын,  эрэгтэй хүний нэрээс хайх нь зүйтэй хэмээн үзээд Бух, Буга, Бугра тэмээ буюу Бугур, Булан буюу Ганц эвэрт хэмээх үгсийн аль нэг нь байх боломжтой хэмээн үзжээ.    
Муланы домгийг сийрүүлэн бичсэн зохиолчид цаг ямагт өөрийн цаг үеийн үзэл суртлыг шингээсээр эцэст нь Умардын нүүдэлчдийн эсрэг тэмцсэн Хятадын баатар эмэгтэй болон дэлхий даяар алдарт хүрсэн байна.
1998 онд Диснэйн хүүхэлдэйн киногоор дэлхий нийт,  тэр дундаа монгол үзэгчид Мулантай анх танилцсан, хэдхэн хоногийн дараа олон нийтэд бүр ч алдаршуулах уран сайхны кино гарах гэж байгаа боловч үнэндээ 1946 онд Хятад ажилчны төв клуб Муланы домгийг Улаанбаатар хотын үзэгчдэд сонирхуулж байжээ. 
Хятад ажилчны төв клубийн тоглосон Мулан нь Чин гүрний үед зохиосон Сүй Тангийн      дуулалд орсон хувилбарыг баримталсан боловч төгсгөлийг нь Мингийн үеийн зохиол Вэй Шүгийн аз жаргалтай шийдлээр сольж, социализм, энх тайван, хоёр улсын найрамдлын санааг шингээж өгсөн ажээ. 

Зүүлт тайлбар бүхий хавсралт

Хятад ажилчдын төв клубээс Монголын хувьсгалын 25 жилийн ойн баярыг угтаж, нийтэд зориулан гаргах түүхт жүжиг Муланы тухай тайлбар

Хуа Мау Ланы цэрэгт мордсон тухай өмнөх хэдэн үг

Жаргал цэнгэлийн орон болсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсад оршин сууж буй хятад ажилчдын улс төр, соёл боловсрол, хүмүүжлийн хэмжээг дээшлүүлснээр үл барам мөн аж байдлыг улмаар сайжруулав. Түүнчлэн хятад ажилчдын уран сайхны ажил дээр нэгэн адил анхаарал санаачилгаа тавьж байна. Ялангуяа Хятад ажилчны төв клубын уран сайхны ажлын талаар маш ихээхэн заавар тусламжуудыг өгч ирэв. Иймийн учраас манай Хятад ажилчдын уран сайхны ажил өдөр ирэх тутам урагш хөгжиж баймуй1.

Хятад ажилчны төв клубийн ажилчид нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хорин таван жилийн ойн баярыг угтаж2, Мау Ланы цэрэгт мордсон тухай жүжгийг гаргаж, үүгээр улсын их ойд зориулсан бэлэг болгов. Мау Лан гэгч эмэгтэй хүн эцгээ орлож цэрэгт мордсон явдлын тухайн жүжиг бол эртний үлгэр мэтийн нэгэн жүжиг болно. Үүнийг хамгийн урьдаар Хятад улсын алдарт жүжигчин Мэй Лан Фүн гэдэг хүнээс тулгар тоглосноос нааш удаа дараагаар Хятад улсын дотор аливаа жүжгийн газруудад дэлгэрүүлэн тоглосон баймуй3. Тоглосон газар бүхэнд цөм сайн хэмээн сайшаагдан магтагджээ. Эдүгээ миний саналд болбоос энэ жүжгийг манай Хятад ажилчны төв клубийн жүжгийн газарт тоглосугай хэмээмүй. Гагцхүү зовуурьтай болох нь манай энд жүжгийн эх бичиг ч үгүй бөгөөд мөнхүү жүжгийг үзээгүйн дээр олж уншсан ч үгүй болой. Гэвч Сүй, Танг улсын үлгэрийн бичгээс зохиов. Энэ жүжиг нь нэгэн баатар эмэгтэй хүний дайн байлдаанаас эмээхгүй баатар зоригтой бөгөөд өөрийн эцгийг орлож, эрэгтэй хүний байдлаар чимэглэж, цэрэгт мордож, эрэлхэг баатар зоригтойгоор явж, феодалыг эсэргүүцсэн тэмцэлд ард олон лугаа нэгдэн нийлж4, нийтийн ашиг тусын төлөө шаламгайлан байлдаж явсан бөлгөө. Иймийн тул миний бодоход үнэхээр зүгээр жүжиг болох бөгөөд үүний агуулга нь бас сайхан утгатай болно. Тиймийн учир үүнийг тогломоор байна, нэгдүгээрт. Хоёрт, энэхүү баатар эмэгтэй Мау Ланы нөгөө талд нь бас хоёрдугаар баатар эмэгтэй Диу Шианг Нинг гармуй. Шианг Нингийн доор бас нэлээд олон эмэгтэй цэргүүд баймуй. Иймийн учир түүний доторх агуулга нь сайн болохоор үл барам тус клубийн олон эмэгтэй жүжигчинд бас тоглоход сайхан тохиромжтой бөгөөд зохистой болно5. Гуравт, Мау Ланы цэрэгт явсан тухай жүжгийг Хятад улсын дотор тоглохдоо эртний үлгэрийн жүжгээр, хуучин янз маягтайгаар тоглосон баймуй. Одоо миний санал бол мөнхүү хуучин янзаар тогломуй. Гэвч хуучин янзаар тоглохыг бага өөрчилж, нэг бяцхан шинэ янз маяг оруулсугай хэмээмүй. Бас заслал чимэглэл ба индрийн чимэглэл хийгээд хөгжим зэргийн тохирлыг хэлбэл:

1-д: Засаж чимэхэд чухам үнэн байдлыг авч чимэглэмүй. Ший гүнг[6], Жан жиай[7], Ма ау[8] зэргийн мэт хүн үзвэл аймар эрээн мяраан болсон, сахал санчиг сарвайсан шиг түмэн сонин мянган гайхлыг үлгэрлэсэн, жич: одоо үесийн боловсныг дагалдуулж, дээд доорд хэмээхгүй, цөм одоогийн цагт тохиромжсоныг хэрэглэж, засан чимэглэмүй. 

2-т: Индрийн чимэглэлд бараг “Урт цагаан хэрмийн гаслал” гэдэг жүжиг мэт хуучин жүжгийн маягийг нэмж оруулмуй.

3-д: Хөгжимд: хуур, дөрвөн чихт хуур9, 3 утаст хуур10, лимбэ, гарын харанга, бага цан, бага дуут хөгжим, хэбэ пийпаа, ёочин зэргийг найруулмуй. Үгүй бол үүний оронд мандолин, гитар зэргийг хэрэглэнэ11. Үнэндээ миний санаа бол, олон үзэгчдэд сонирхолтой бөгөөд тохиромжтой хөгжмийг хүсмүй. Харанга хэнгэрэг, их цан зэрэг бол анх ший жүжиг эхэлж байх үеийн хөдөө гаднад тоглох жүжигт энэ зүйлийн хөгжмөөр үзэгчдийн сонирхлыг авч байжээ. 

Одоо хэрвээ жүжгийн индэр дээр гаргаж дэлдэн хөгжимдвөөс олон үзэгчдийн сонирхлыг сандруулж, дурыг мохоомуй. Дээрх санал ба миний дурдаж гаргасан арга манай урьдын гаргаж байсан жүжгүүдээс бага өөр болохыг үзэгчид мэдмүй. Гэвч манай Хятад ажилчны төв клубийн жүжгийн тайзан дээр удахгүй гарахаар бэлтгэгдэж баймуй.       

Мау Ланы цэрэгт мордсоны доторх байдал

Христосын 600 оны эхний үед Хятад улсын Сүй-Тан улс байжээ. Энэ үе улсын нэг аймгийн дотор Хуа Хоу гэдэг нэртэй хүн байжээ. Тэр өндөр настай өвгөн эмгэн Юваны хамтаар амьдарч суугаа. Тэр хоёроос хоёр хүүхэн, нэг хүү гарав. Их хүүхний нэр Мау Лан. Нас 17. Хоёрдугаар хүүхний нэр Жиу Лан. Арван гуравтай. Бага хүү өлгийтэй бөгөөд эхийн сүүнээс салаагүй. Мөн энэ үед Хятадын дотор феодалын хутхалдан байлдаж байгаа болно. Хуа Хоу бол цэрэг дансанд тэр аймгийн мянган өрхийн дарга нь болно. Мөн аймгийн толгойлогч Кэ Пи На12 хан гэж байжээ. Түүнийг хан хэмээн өргөмжлөн дуудна. Тэр бас Тан улсын хантай нийлж, Живан улсын хан Ши-чүнийг байлдсугай гэнэ. Тийнхүү Кэ Пи На хан эрхбиш цэрэг элсээн, морь уналгыг цуглуулж, хүнс идээний зүйлийг ихээр бэлтгэжээ. Ийнхүү хөгшин зөнөг болсон мянган өрхийн дарга байх холбогдолтой учраас дайчлагдах цэргийн тоонд орно. Хуа Хоу өөртөөн өөрөө өгүүлрүүн: Аяа, насанд хүрсэн хүүтэй болоосой. Чингэвэл намайг орлоод цэрэгт явах юм сан хэмээжээ.

Хуа Хоугийн ийм үгнээс хойш түүхэнд алдарт нэрийг тэмдэглүүлсэн хосгүй эрэлхэг эмэгтэй баатар Мау Лан гэдэг гарчээ. Үзэгдэл бүрийн доторх товч байдал нь:

Нэгдүгээр үзэгдэл нь: Хува Ланы бие гэрээсээ ангижирч, цэрэгт мордсон нь

Мау Ланы эцэг цэрэгжлийн сургууль хийсэн учраас гэрийн дотор зэр зэвсгийн зүйлээр дутуугүй болой. Мау Лан нь багаас эхлэн бичиг эрдэмд сонирхолтой бөгөөд цэргийн зүйлд дуртай тул зүү оёдлын зүйлийг хэрэгсдэггүй байжээ. Нэг өдөр түүний эцгийг цэрэгт аваачихаар албан түшмэл хүрч ирэхэд Мау Лан далд газар эрэгтэй хүн мэт чимэглэж, эцгийн хэрэглэж байсан хуяг дуулгаар хуяглаж, танхимын өмнө гарч өгүүлрүүн: Би бол Хуа Хоугийн ахмад хөвгүүн, нэр Мау Лан. Хүсэх нь эцгээ орлон цэрэгт мордсугай хэмээнэ. Энэ үед Хуа Хоуг шахаж зөвшөөрүүлэв. Албан түшмэл үзвэл Мау Лан үнэхээр нэг баатар хүний шинжийг илрүүлнэ. Энэхүү залуу баатар түүний санаанд тохирч, сайн сайн хэмээж, тэр даруйдаа Мау Ланы ойр хавийн айл гацаанд зарлаж, хамт хөдлөн цэрэгт морджээ.

Хоёрдугаар үзэгдэл: Байлдааны талбар дээр хааныгаа аварч гарсан нь

Мау Лан цэрэгт орсноос хойш Кэ Пи На-гийн цэргийг мордуулж, Живан улсын хааныг байлдав. Энэ үед Кэ Пи На хаан нь Мау Ланыг үзвээс овор байдал сүрлэг цогтой болох учраас Мау Ланыг даруй өөрийн цэргийн ар ангийн толгойлогч тушаалтан болгожээ. Кэ Пи На-гийн цэрэг нь Еэ Ган хэмээх газар хүрч ирвээс Ша улсын ван Диу Жияан Диу13-гийн эмэгтэй хүүхэд ба их жанжин Фан Жүвэн лүгээ учралдаж, хэдэн үг ярилцаад тэднийг Тан улсад тусалж, Живан улсыг байлдахаар явааг мэджээ. Диу Жияан Диу нь Тан улсын хан лугаа эсэргүүцэн дайсан болох учир хоёр талаас хутгалдан, харилцан нэгэн зэрэг алалдан байлдаж, Кэ Пи На хааны цэрэг алагдаж, түгшүүртэй үед хүрч, Кэ Пи На хаан бачимдаж байх үед завшаанаар түүний хойноос нь Мау Ланы цэрэг хүрч иржээ. Үүнд Мау Лан нь их цэргийнхээ өмнө гарч, байлдааны талбарт өөрийн захирсан цэргийн хамтаар орж, Кэ Пи На-гийн биеийг авран гаргаж, Фан Жүвэнийг цохиж, ухруулав. Гэвч Мау Лан гагцхүү байлдахыг санаж, бас цэргийг дагалдуулж, урагш давшиж, байлдааны талбарт орж, сэхээгүй байлдан алалдаж байгаад харин хажуунаасаа дайсны цэрэг ирэхийг сэргийлсэнгүйгээс болж дайсны талаас гэнэт олон тооны эмэгтэй цэрэг ирж, Мау Ланыг мориноос унагаж, Диу Сияанг Нинг14-д барьж өгөв.

Гуравдугаар хөшиг: Нэгдэхийн тул их журмын ёсоор ах дүү болсон нь

Мау Лан нэгэнт олзлогдсондоо сэтгэлийн дотор уур төрж, хорсож байжээ. Гэтэл дайсны цэргийн майхны гол дунд нь нэг эмэгтэй баатар сууж байхыг Мау Лан үзээд түүний сэтгэлийн дотор санамсаргүй адил чанартай харилцан хайрлалцах нэгэн зүйлийн санаа гарч, нэгэнт цээж дүүрэн бадарч байсан уур нь агшин зуур арилж, эергүү найрамдах элэгсэг сэтгэлт гоё баатар хүмүүн болон хувирав.

Диу Сияан Нинг Мау Ланыг үзвээс төрсөн нь нэг илэрхий баатар хүнийг мэдэж, түүний оврыг үзэж, дотроос хайрлалын санаа төрөгдөж, бас эцэг ван Диу Жияанг Диу-гийн байлдан дайчлахаар үргэлжийн явдал мэт болгож, бас өөрийн гарсан эх бие өнгөрч, одоогийн хойт эх нь хэрхэн намайг сайнаар үзнэ хэмээн энд хүртэл сэтгээд даруй Диу Сияанг Нинг-ийн сэтгэл санамсаргүй инээн уярч эхлэв. Диу Сияанг Нинг тэр даруй сэтгэлийг тогтоож, нөхөр болгохоор өөрөө шийдэж, урагш явж, Мау Ланы дэргэд хүрч, ураг хайрлалын явдлыг дурдан гаргаж ярилцсанд Мау Лан сая ямар учраас хүүхэн хүн бөгөөд эрэгтэй хүнээр чимэглэж, эцгээ орлон цэрэгт мордсон явдлыг эхнээс адагт хүртэл тодорхойлон хэлсэнд Диу Сияанг Нинг эдгээр зүйлийг сонсоод үнэхээр их биширч, дараа Мау Лан лугаа журмын эгч охин дүү барилдаж, майхан дотор оруулаад хамт Хятад улсын нэгдэх ба харилцан тулалдан алалцах явдлыг зогсоож, байлдааныг устгахаар бодолхийлэв.

Их удсангүй Диу Сияанг Нинг-ийн эцэг ван Диу Сияанг Диу-д зарлиг буулгаж, их цэргийг улстаа буцаав. Энэ нь сая Мау Ланыг нутагт буцаан хариулах нөхцөлийг бий болгожээ. Диу Сияанг Нинг нь Мау Ланаас ангижран салахад тун ч дургүй, эгч дүү хоёрын хайрлалтай байв. Гэвч түүний эцгээс нэгэн зарлиг тушаал ирсэн тул аргагүй ангижран, тус тусын улстаа буцацгаав.

Дөрөвдүгээр үзэгдэл: Эмэгтэй баатрын түүхэнд алдарт нэр үлдсэн нь

Хуа Мау Лан Диу Сияанг Нинг лугаа нулимс унаган эмгэнэж салсны дараа шууд улстаа буцаж ирээд Кэ Пи На ханд илтгэл өргөж, байлдааны өнгөрсөн байдлыг тодорхойлон ярьсанд Кэ Пи На хэнхдэг дүүрэн баярлаж, даруй ордон харшид Мау Ланы гавьяаг магтан хөгжүүлж, их хурим бэлтгэн хуримлаж, Хуа Мау Ланыг эмэгтэй баатар цолоор шагнаж, шаштир бичигт тэмдэглэсэн бөгөөд бас түүний эцэг Хуа Хоу-г ноён өргөмжилж, түүний эх Юүвэ-г өргөмжлөөд бас шар алт арван жингийн хэмжээгээр, мөн торго зуун бүхлийг тус тус шагнаж, хуримлан төгссөний даруй тэрэг сүйхээр Мау Ланыг нутаг гэрт нь хүргэв. Мау Лан эцгээ орлон цэрэгт мордсоноос бүхэл арван хоёр жил болов. Ингээд жүжиг төгсмүй.

Мау Ланы дууг Ц. Дамдинсүрэнгээс орчуулсан нь:

Эрэлхэг Думдад улс эртний сайхан түүхтэй

Найралт Азийн Хятад наран сарны гэрэлтэй

Ажилч баялаг ардууд ашдын гэгээн соёлтой

Даяар улс хямарч дайн дэгдсэнийг харамсалтай

 

Үхэх амьдрахыг хамтатгаж, үүрд бүгдээр нэгдэлтэй

Эрэгтэй эмэгтэй нийтээр энх жаргах хүсэлтэй

Мөнх алдар мандуулахад мөн найрамдал хэрэгтэй

Дэлхий дахин амаржиж, дэлгэр цаг ирээсэй дээ

 

Голлож тоглох хүмүүс нь:

Нэг. Мау Ланд: Жин Иүи Сияан, Жин Лий Нан нар

Хоёр. Мау Ланы эцэгт: Ханг Тинг Лий, Үиү Гува нар.

Гурав. Мау Ланы ээжид: Бадарчин, Жоу Бүнг Ювэ нар.

Дөрөв. Диу Сияанг Нинг-д: Найзханд, Воу Мэй нар.

Тав. Хаанд: Лий Сүи Жа, Ёоу Лий Цай нар.

Зургаа. Ерөнхий найруулагч: Ванг Ший

Долоо. Найруулагч: Ёоу Лий Цай, Вонг Рунг, Соу Жанг нар.

Найм. Зурагчин: Жиу Дэ Жү

Ес. Тайзны засагч: Хан Бүн Ди

Арав. Хөгжмийн найруулагч: Вонг Рунг, Хун Жоу Ринг, Дарьсүрэн нар.

Арван нэг. Дирижер: Бадарчин, Жинг Сий Тунг нар.


Талархал

Хувийн цуглуулгын минь баримтыг үнэ цэнтэй, сонирхолтой эд хэмээн зөвлөгөө өгч, энэхүү нийтлэлийг бичихэд хүргэсэн түүхч анд Чунтын Болдбаатар, зураг сэлт, архивын материал болон төсөрхөн бичсэн номынхоо агуулгаас хуваалцсан зохиолч Ц. Түмэнбаяр нарт талархлаа илэрхийлье.

Мягмарын Саруул-Эрдэнэ.

 

[1]Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлөөс энэ талаар анхааран ажиллаж, шийюаньзын жүжчигдийг бичиг үсгийн дугуулайнд хамруулах, Төв Театраас жүжгийг нь үзэж зөвлөгөө өгөх, ур чадварыг нь үнэлж тусгай үнэмлэх олгох, бэлтгэл сургуулилтыг нь тогтмолжуулах зэргээр дэмжин ажилладаг байжээ.

[2] Энд мөн БНМАУ-ын ой хэмээсэн нь анхны Үндсэн хууль баталсан 1924 оноос 25 жилийг тоолж буй мэт боловч брошюрын хавтас дээр “Хувьсгалын 25 жилийн ой” хэмээсэн нь зөв бололтой.

[3] Бээжингийн дуурийн алдарт жүжигчин Мэй Ланфангийн (1894-1961) тухайд өгүүлж байна. Тэрбээр эрэгтэй боловч Муланы дүрд амжилттай тоглосноосоо хойш ихэвчлэн эмэгтэй дайчны дүр бүтээх болсон аж. 1917 онд Мэй Ланфанг тахимдуу Муланаас илүүтэй эх оронч Муланы дүрийг гаргаж, Хятад даяар алдаршуулсан ажээ.

[4] Энэ бол социализмын үзэл санааны оруулбар гэдэг нь тодорхой. 

[5] Хятад ажилчны төв клубт эмэгтэй жүжигдчийнх нь тоо эрэгтэйчүүдийхээсээ хавьгүй олон байжээ.

[6] Ши гүн ши: Манж Чингийн үед үүссэн, модон багтай тоглодог дуулалт жүжиг

[7] Хятад ажилчны төв клуб “Учиртай гурван толгой” дуурийг энэхүү жан жиай аргаар тоглон туршсан нь амжилтад хүрснийг урлаг судлаачид шүүмждээ бичжээ.

[8] Мү оу хэмээх модон хүүхэлдэйн жүжиг.

[9] Хуучир хөгжмийг хэлж буй бололтой. 

[10] Энэ нь шанз болно

[11] Монгол орчуулгад “Үгүй бол, үүний оронд” хэмээн аль нэгийг нь сонгох холбоосыг хэрэглэсэн бол орос орчуулгад өмнө дурдсан хөгжмүүд хүрэлцэхгүй бол (если нехватит) гитарыг нэмж хэрэглэнэ гэжээ.

[12] Энэхүү Кэ Пи На нь Сүй Тангийн дуулал дахь Чү Рэнхүгийн эмхэтгэлд гарч буй Хэшана хаан мөн.

[13] Сүй Тангийн дуулал дахь Чү Рэнхүгийн эмхэтгэлд гарч буй Доу Жиандэ мөн.

[14] Сүй Тангийн дуулал дахь Чү Рэнхүгийн эмхэтгэлд гарч буй Доу Шианнинг мөн.

Facebook


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Saruul uneheer mundag erdemten shuu. ERUUL ENKH erdmiin ajild tani amjilt husie!

    0 0 Хариу бичих
  2. Судалгааны маш дажгүй ажил болжээ, сонирхдоггүй ч гэсэн эхний өгүүлбэрээс авахуулаад дуустал нь уншлаа. Гайхалтай

    0 0 Хариу бичих
  3. Мулан бол яах аргагүй нүүдэлчдийн домог юм байна.гэхдээ одоо хятадын баатарлаг эмэгтэй болж хүүхэд багачуудад ойлгогдож үлдэх нь дээ.Монгол эмэгтэйчүүд тэр цаг үeд морь унаж, нум сум хэрэглэдэг байсан нь гарцаагүй.Хятад эмэгтэй морь унаж,нум сум хэрэглэж өснө гэж байхгүй.Дэлхийн түүх судлаач нар Муланыг монголоос гаралтайг батлаж байна.

    0 0 Хариу бичих