Түүхий нүүрс түлсэн 115 зөрчил илрүүлжээ

Нийслэлийн холбогдох албаныхан түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Хотын даргын захирамжийн дагуу төр захиргааны байгууллагууд өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Харин өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссантай холбогдуулан өчигдөр нийслэлийн шуурхай штабуудыг буулгасан талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлэв. Тэрээр “Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Өнгөрсөн хугацаанд 976 өрхийн 25559 иргэнээс угаарын хийн дуудлага мэдээлэл авч эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ болон сэрэмжлүүлгийг хүргэсэн. Сайжруулсан шахмал түлшнээс 31 дээжийг авч шинжлүүлсэн. Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар хөдөлгөөнт хяналт шалгалтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-наас 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 2358 алба хаагчид, 660 автомашинтай 110 хоног ажилласан. Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас туулах чадвар сайтай 28 авто машинаар ердийн машин явах боломжгүй өндөрлөг цэгүүдээр амьдарч буй айл өрхүүдэд 49.6 тонн сайжруулсан түлшийг иргэдэд  хүргэсэн” гэв.

 Мөн энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлсэн талаар мэдээлэв. Ингэхдээ 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу 26 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. 

Түүнчлэн энэ өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцрын агууламж 60 орчим хувиар буурсныг холбогдох албаныхан хэлэв.