13 мянган тээвэрчин ажилгүй болох эрсдэл үүссэн гэв

"Эрдэнэс-Тавантолгой"-гоос нүүрс тээвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжийн 13 мянган жолооч ажилгүй болох эрсдэл үүссэн талаар тээвэрчид мэдээлэл хийлээ. Учир нь, Тавантолгойгоос Чойрын чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг зогсоосон байна.

Энэ чиглэлийн 14 километрт өргөн зурвастай зам татаж, жолооч нар эмх замбараагүй тээвэр хийж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл уг мэдээлэл худал болохыг тээвэрчдийн төлөөлөл хэлсэн юм. Замын ихэнх хэсэг нь сайжруулсан шороон замтай бөгөөд тухайн жолооч 100 метрээс илүү зайнд үндсэн замаас гарах эрхгүй байдаг аж. Мөн тээвэрчдийн маршрутыг GPS төхөөрөмжөөр хянадаг байна. Үүнээс гадна тухайн замаар сошиалаар цацаад байгаа шиг хулгайн тээвэр явдаггүй гэдгийг хэлэв. Тавантолгойн тээвэрчид жишиг тээвэр тогтоох үүднээс замын хуудас, ачааны дагалдах бичигтэй явдаг бөгөөд тээврийн бүх товчоодод бүртгүүлж, хуудсаа бөглүүлдэг байна.

Мэдээллийн үеэр тээвэрчдийн төлөөлөл салбарын сайдын тушаалын дагуу гаргасан улсын чанартай авто замтай болох маршрутаар нүүрс тээвэрлэлт хийснийг хэлж байлаа. Харин улс төрийн сонирхлын үүднээс Тавантолгойгоос Чойр чиглэлийн нүүрс тээврийг зогсоож, тээвэрчдийг ийнхүү ажилгүй болгосон гэв.

Улмаар тээвэрчдийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж буйгаа мэдээллээ. Тус шаардлагад “13 мянга гаруй тээвэрчин ажил, цалин хөлсгүй болох эрсдэл үүслээ. Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжүүд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сум руу Зам, тээврийн хөгжлийн яамнаас баталсан трассын дагуу  нүүрс тээвэрлэлт хийж, төмөр замаар экспортоо нөхөх ажлаа эхлүүлсэн. Энэ шийдвэр нь онцгой дэглэм, хямралын үед шинэ гарц болов. Харамсалтай нь сонгуульд нэр дэвших хүсэлтэй улстөрчдийн сонирхол нөлөөлж, энэ ажлыг гацаалаа. Ингэснээр нүүрсний экспортыг зогсоож, 13 мянган жолооч, түүний ар гэрийн 40 мянган хүнийг амьдралын баталгаагүй, ажил цалин хөлсгүй болголоо. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.