Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан CoViD-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 206 улсад CoViD-19-ын халдвар бүртгэгдээд байна. Олон улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол их бүртгэгдэж байна. CoVid-19 халдварын тархалт АНУ, Итали, Иран, Франц, ХБНГУ-д идэвхтэй тархаж байна.

Өвчлөлийн хурдыг гурван сард 100 мянган хүн гэж тооцож байсан бол сүүлийн 6-7 хоногт 100 мянган хүнээр нэмэгдэж байна. Мөн сүүлийн долоо хоногт бага насны хүүхэд халдварын улмаас нас барах тохиолдол ихэссэн.АНУ-д 6 долоо хоногтой нярай нас барсан тохиолдол бүртгэгдлээ.

БНСУ-д өвчлөл буураагүй, 20-27 насны залуусын дунд тархалт их байгаа.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарсан ч тусгаарлалтад хяналтад байгаа.

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт сэжигтэй 2 тохиолдол бүртгэгдсэн. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан эмэгтэй Турк улсад аялсан өгүүлэмжтэй. Мөн Дарханд ОХУ-аас ирсэн оюутанд сэжигтэй тохиолдол илэрсэн.

Одоогоор 2170 хүн тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа” гэв.