МСҮТ-үүдэд суралцах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгджээ

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдад энэ жилээс эхлээд сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн. Үүнээс өмнө 100 мянган төгрөгийн тэтгэлэг олголдог байлаа. Энэхүү тэтгэлэгийг Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж буй 45 хүртэл насны суралцагчид ч гээд бүх суралцагчид олгож юм байна. Гэхдээ сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагадаа 75-аас дээш хувийн ирцтэй байх ёстой.

Ийнхүү Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгох тэтгэмжийг нэмсэнтэй холбоотойгоор энд суралцах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүд ирэх хичээлийн жилд авах элсэлтийн тоогоо нэмжээ. Ялангуяа, Улаанбаатар хот болон Улаанбаатар хотын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоо нэмэгдэнэ гэж тооцсон байна. Тухайлбал, Төв аймгийн Баянчандманьны МСҮТ 15 мэргэжлээр 260, Зуунмодын МСҮТ 13 мэргэжлээр 245, Заамарын МСҮТ 15 мэргэжлээр 285, Эрдэнэ сумын МСҮТ 12 мэргэжлээр 250 хүүхэд элсүүлэхээр хяналтын тоогоо батлуулжээ. Мөн гурван МСҮТ шинээр зургаан анги нээхээр шийдвэрлэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)