БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын газраас анхан болон дунд шатны сургуулийн хаврын улирлын цахим хичээл 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлнэ хэмээн мэдэгдэв. ӨМӨЗО-ы дунд сургуулийн сурагчдын хичээл 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан бүх дунд сургууль халдваргүйжүүлэлт, ариутгал, агааржуулалтыг тогтмол хийж, ажиглалтын өрөөнүүд бэлтгэсэн аж.
Шанхай хотын томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүд шат дараатайгаар хэвийн үйл ажиллагаандаа орсон бол жижиг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд хэсэгчлэн ажиллаж эхлээд байна. Ухань хотын метроны 6 чиглэлийг 3 дугаар сарын 28-ны өдрөөс нээсэн бөгөөд зорчигчид QR кодоо уншуулан халуунаа шалгуулан үйлчлүүлж байна.
Хятадын Ардын банк “Covid-19”-ийн дэгдэлттэй холбоотойгоор эдийн засагт учирч буй хохирлын хэмжээг бага байлгах үүднээс макро эдийн засагт тавих хяналтаа сайжруулна хэмээн мэдэгдээд байна. Тус банкны хэвлэлийн төлөөлөгч халдварыг дотооддоо хяналтдаа авч, үйлдвэрлэлийг сэргээж байгаа боловч эдийн засагт ирж буй дарамт болон дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал нь тус улсад томоохон сорилт болохоор байна хэмээн мэдэгджээ.
Үндэсний эмийн хяналтын удирдлагын газраас "Covid-19" вирусний халдварыг оношлох 22 оношлуурт улсаас батламж өгч, зөвшөөрөл олгосон бөгөөд албан ёсоор бүртгэгдээгүй оношлуурын хариу худлаа гарах, ажиллахгүй байх зэрэг зөрчил илэрсэн тул хуурамч оношлуурын хууль бус борлуулалтыг хянах талаар орон нутгийн холбогдох байгууллагад чиглэл өгсөн талаар БНХАУ-ын Төв телевиз мэдээллээ.
Хятадын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн эмч Лю Жиньшин Хятадын төв телевизэд ярилцлага өгөх үеэрээ “шинж тэмдэггүй “Covid-19”-ийн халдвар нь дэлхийн цар тахалд ямар нөлөө үзүүлж байгаа нь тодорхойгүй бөгөөд бидэнд одоогоор энэ талын баримт мэдээлэл бага байна” гэжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян шинж тэмдэггүй “Covid-19”-ийн халдварыг хянахад онцгой анхаарах хэрэгтэй хэмээн онцолжээ.