Нүүрсний худалдаа, экспортыг хэвийн гольдрилд оруулахын төлөө бололцоотой арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзахдаа хүслээ.
Шинэ төрлийн вирусын тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд санал нэгдэв.
Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн тулд цаашид илүү нягт уялдаатай хамтран ажиллах шаардлагатай гэж тэд ярилцав.
Сонирхуулахад, I улиралд Монгол Улс 3.1 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь 2019 оны мөн үеэс 59.8 хувиар буурсан байна. Мөнгөн дүнгээр 39 хувиар буурч, 250.6 сая ам.доллар боллоо. Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт сэргэж, Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Хангийн боомтоор нүүрс экспортолж байна. Хэдий тийм боловч хэмжээний хувьд ердийн үеэс бага байна.