“Үндэстний ТОЙМ” сэтгүүл он гарснаас хойш дугаар бүртээ ирэх УИХ-ын сонгуулийн тухай асуудлуудыг хөндөн бичиж буй билээ. Үүнийг бичигч үүнээс өмнө “Хулгана жилийн улс төрийн өнгө”, “Тэг рүү тэмүүлэх хүч” нийтлэлүүдийг нийтэлсний үргэлжлэл болгон бичиж байна. Улс төрийн намууд, эрх баригчид долоо хоног бүр шинэ, цочир бэлэг барьсаар буй тул бичих сэдэв ч мундахгүй аж.
Эзнээ сольсон нь...
Жорж Оруэл хэмээх ёжтой сэтгүүлчийн бичсэн “Амьтны ферм” бичил туужийг уншаад дуусах бүрт гонсойгоод явчихдаг юм. Хүн төрөлхтний түгээмэл байдал, засаглахуйн мөн чанарыг маш товчхон атлаа, хурц хорон егөөдсөн зохиол. Фермдээ бяцхан хувьсгал хийж, эзнээ хөөж явуулсан амьтад бүр ч долоон дор амьдралтай учирч буй тухай зохиол. Жинхэнэ өөрийн эрхээр амьдрах нь гэж баярласан амьтад нэг л мэдэхэд өөрсдөөс нь дээд заяатай гахай хэмээгч төрөлтөн байдгийг олж мэднэ. Хүмүүстэй нийлсэн гахай нар ёстой гахай шиг архидаж байгааг амьтад хүлцэнгүй гэгч нь харж байгаагаар зохиол төгсдөг. Тодорхойгүй юм шиг хэрнээ тов тодорхой төгсгөл. Хүн эзнээ гахай эзнээр сольсон амьтны фермийн дараагийн шинэ өглөөг төсөөлөх хэзээд гунигтай санагддаг юм.
19 гэгээн бодол
Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн намууд ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хураалгав. 15 нам, дөрвөн эвслийн 19 мөрийн хөтөлбөр өгсөн байна. Хураалгасан мөрийн хөтөлбөрүүдийг аудиторууд хянан үзээд сонгуульд оролцох виз олгох хуультай... Үндэсний аудиторын орлогч О.Тэнгис “Нам, эвслийн амлалт эдийн засгийн үндэслэлгүй, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцэхгүй байвал буцаана. Харин эдийн засгийг өөрсдийн хөтөлбөрийн хүрээнд өсгөөд, дөрвөн жил хэрэгжүүлэх хөтөлбөртөө ДНБ-ий өсөлтийг биелэгдэх байдлаар хийгээд, хөтөлбөрт байгаа арга хэмжээнүүд нь хэрэгжихээр нийт компаниудын ашиг орлого, эдийн засаг сайжраад, мөнгөний бодлого зохистой яваад эдийн засагтаа тал талаасаа зөв нөлөөлөхөөр байвал мөрийн хөтөлбөрийг амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй. Үндэсний аудитын газар үүнийг нарийн тогтоохын тулд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч нарыг ажиллуулж байгаа” хэмээн мэдэгдэв.
Хууль ёсоор элдэв популист амлалт өгөх хориотой учраас энэ удаа намууд улаан цайм мөнгө амалсангүй. Гэхдээ сурсан юмыг сураар боож яаж чадах билээ. Мөнгөний амлалтаа арай өөр хэлбэрт хувирган, мөрийн хөтөлбөрийнхөө өрөмнөөс ард түмэндээ харуулж эхлэв. Харуулсан болохоор амсуулаагүй эдгээр өрөмнөөс шүүрдвэл,
МОНГОЛ АРДЫН НАМ
Нийгмийн даатгал төлдөг бол орон сууцтай болгоно!
Банкны зээлийн хүүг багасгана!
Энэтхэг рүү нүүрс экспортолно!

МАН мөрийн хөтөлбөртөө “Алсын хараа-2050”-н эхний дөрвөн жилийн зорилтуудыг тусгажээ. МАН-ын мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх аж. Түүнд банкны зээлийн хүүг багасгах, орон сууцжуулах хөтөлбөр тусгагдсан. Ингэхдээ Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орохоор боломжтой болгох аж. Мөн иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох, Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийх зэрэг асуудлуудыг тусгажээ. Мөрийн хөтөлбөртөө төмөр замын төслийг хэрэгжүүлэх, нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортлох, Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтыг багтаасан нь сонгууль болгоноор л ярьдаг асуудал.
Мөн эрх баригчид 2016 онд дэвшүүлсэн өөрийн хөтөлбөр нь 85.3 хувьтай хэрэгжсэнийг дурдахаа мартсангүй.
АРДЧИЛСАН НАМ
Дундаж цалин 3 сая!

Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө тусгасажээ. Тэд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгасан байна. Мөн иргэд, олон нийтийн саналыг тусгаснаараа бодит тооцоо судалгаанд үндэслэсэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр болсон гэдгээ дуулгаж байна.
Мөн цалин, дундаж орлогын хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орон сууц худалдан авах орлогыг бий болгож өгнө гэж тодотгов.
“ШИНЭ” ЭВСЭЛ
30 гэр бүлээр бүх хүний өрийг төлүүлнэ!
Баялгийн хувьсгал хийнэ.
200 мянган ажлын байр бий болгоно!!

Улс төрийн 11 нам, төрийн бус 109 байгууллага, 26 мэргэжлийн холбоо, эрдэмтэд, иргэд хамтарсан энэ эвсэл Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулсан нь тэртээ 100 жилийн өмнөх Чэн-И сайдыг санагдуулна.
Тэд хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, 181 хийдэл байгааг тооцож гаргажээ. Эвслийн мөрийн хөтөлбөрт банк, санхүүгийн салбар дахь монополь тогтолцоог задлан, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, улмаар өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 3 сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх, стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх зэрэг зорилт тусгажээ. Улс даяарын өрийг төлөх 30 гэр бүлийн нэрийг гэхдээ одоогоор зарлаагүй байна.
Мөн экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, 200 мянган ажлын байр бий болгох ажээ.
“ТА БИДНИЙ ЭВСЭЛ”
МАНАН-г устгана, нар мандуулна!
Цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэнэ!
Өрх бүр орон сууцтай болгоно!

МАХН болон ИЗНН, МУНН-ын эвслийн мөрийн хөтөлбөрт сүүлийн 30 жилд төр засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтжээ. Тэд “Монголын гурван баялаг” гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлжээ. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой. Ийм гурван нандин холбоог бид мөрийн хөтөлбөртөө тусгасан гэв.
ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ
Хүндээ хөрөнгө оруулъя!
Технологийг түрүүлж эзэмшье!

Харин улс төрийн нам болгоноос ухаантай, боловсролтой, моралтай, ЗӨВ ХҮН болгоныг цуглуулсан хэмээн сурталчилж буй (Монголчууд өөрийгөө магтдаг хүнийг зөв хүн гэж ойлгож ирсэн эсэх нь жич асуудал) Хөдөлмөрийн үндэсний нам, Социал демократ нам, Зүй ёсны намууд нэгдэн “Зөв хүн электорат” эвслийн мөрийн хөтөлбөр” хүндээ хөрөнгө оруулъя, технологийг түрүүлж эзэмшье, байгальд ойр Монголоороо байя, баялагаа баялаг болгодог эдийн засаг, цэвэр төр гэсэн үндсэн таван бүлгээс бүрдэж байна. “Зөв хүн Электорат” эвслийн мөрийн хөтөлбөрийн гол санаа нь нийтээр орлоготой, мэдлэгтэй, гадаад хэлтэй, ажилтай болох түлхүүрийг нээсэн бодлогыг тодорхойлсон. Монголчууд технологийг бусдаас түрүүлж сураад, нийтээр хэрэглэж чадвал хулгайгаас ч сална, гурван сая монгол 300 сая болох боломж тэнд байна” хэмээцгээв.
ХАРИН БУСАД НАМУУД ОДООГООР МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОХЬ ШИМЭЭ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭЭГҮЙ БАЙНА.

Арьсаа гуужуулсан популизм
Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс харахад нэг л зүйл тодорхой байгаа нь популист биш арга замаар популизм хийхийг дор бүрнээ хичээсэн нь харагдана. Үүний анхны шинж тэмдэг нь иргэдийн бүтээмжийг үнэлэхээр тэмүүлж буй байдал. Гэвч тэрхүү тэмүүлэл нь бас мөрөөдлийн жагсаалт хэвээрээ. Эгэл монголчуудтайгаа л гэгээн цайлган адил цайлган сэтгэлтэй улстөрчид хүсэж зорьж явдаг сайхан бодлоо ард түмэнтэйгээ хуваалцахад буруу юу байхав. Харамсалтай нь төрийн бодлого гэдэг гэгээн бодол гэхээсээ илүү бодит байдалд суурилж байж амжилт олдог нь үнэн. Үгүй бол нэг л өдөр социализмд орно гэж итгэж явсан өмнөх далан жилээс юуны ялгаа.
Буруу ярьж зөв ойлгохуй...
Монголчууд буруу ярьж зөв ойлгодгийн жишээ 30 жилийн сонгуулийн түүхээс илт анзаарагдана. Амьдралаас хол, агаарын амлалт байх тусмаа саналыг илтэд татдагт амташсан бүхэл бүтэн каст бий болсон нь үүний өнгөн тал нь. Харин үр дүн нь өнгөн дээрээ бараг хоёр дахин өссөн юм шиг хэрнээ долларын ханштай харьцуулвал нэг цент ч өсөөгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ юм. Хөдөлмөр эрхлэгч монгол хүн сарын хөлсөндөө дор хаяж 100 ногоон авах ёстой. Хөдөлмөрийн үнэлэмжийн энэ итгэлцүүр сүүлийн 10 жил огт өсөөгүй байгаа.
Харин монголчууд дунджаар 1 сая 242 мянган төгрөгийн цалин авдагийг бид оны эхэнд статистикчдийнхээ ачаар мэдэж авсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь 80 хувь давж биелж байхад иймэрхүү цалин авалгүй ч яахав. Харин ирэх дөрвөн жилд энэ цалин маань 3 эсвэл бүр тав дахин өсөх боломж байна гэж улстөрчид хэллээ.
Хоёр сая илүү сонгогчдын 60 орчим хувь нь санал өгнө гээд тооцвол 1.2 сая гаруй хүн болно. Тэдний тэн хагас нь болох 600 мянган хүний саналыг яг энэ хуурмаг амлалтаараа татах зорилго л улс төрийн намуудад байна. Татсаар ч ирсэн, татах ч болно гэдэгтээ тэд итгэн, тавлаж суугаа. Яг ингээд бодохоор л “Амьтны ферм”- ийн төгсгөл санаанд ордог юм. Амьтад хүмүүстэй цуг найрлах гахайнуудыг гайхшран харж буй тэр шөнийн зураглал...
Гунигтай төгсгөл
Амьтад Наполеон хэмээх гахайнаас үхтлээ айна. Тэр гахай хувьсгал удирдан хийсэн Цасан бөмбөг хэмээх гахайг нэг л өдөр хөөж явуулаад, хамаг эрхийг гартаа авсан гахай. Мань гахай найман нохойн гөлөг нүдээ нээх цагаас нь тэжээснийхээ үр шимийг үзэж яваа гахай. Тэр найман гөлөг нь нас биед хүрэх үедээ Наполеоны дохио зангаагаар хэнийг ч тасдаж мэдэхээр хүмүүжсэн ноход болсон юм. Ноход эхлээд гол өрсөлдөгчийг нь хөөж өгнө. Дараа нь фермийн амьтдын үйл хөдлөл бүрийг цагдаж, Наполеоны өөдөөс сөрж хуцаж, мөөрөх, янцгаах ямар ч амьтангүй болгож өгнө. Тэгээд Наполеоны бүл гахайнууд өөрсдийгөө фермийн жинхэнэ эзнээр тунхаглаж, хөөж явуулсан хүмүүстэйгээ наргиж эхэлнэ. Суут Жорж Оруэл туужийн төгсгөлөө тун энгийн хийсэн:
“Одоо гахайнуудын царай яачихаад байгааг асуултгүй болжээ. Гадаа байсан амьтад гахай руу харсанаа хүн рүү, хүн рүу харсанаа гахай руу, мөн дахин гахай руу харсанаа хүн рүү харах боловч юу нь яачихаад байгааг хэлэх боломж аль хэдийнэ үгүй болжээ”.
Гайхширсан амьтад маргааш өглөөг хэрхэн угтсаныг бодохоор үргэлж гунигтай санагддаг. Тодорхойгүй, тодорхой зүйл ганц байгаа нь улам тарчиг амьдрал, улам хэрцгий удирдагч тэднийг сэрээх нь ойлгомжтой. Хоржоонтой нь тэд энэ амьдралыг сонгож, бүр тэмцсэн байдаг.