Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийг барьц алдуулж буй коронавирусийн халдвараас манай улс амжилттай урьдчилан сэргийлж байна. Дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдсэнгүй. Бүртгэгдсэн бүх тохиолдол нь гадаадаас тээвэрлэгдэж ирсэн нь тогтоогдсон. Мөн анх халдвар бүртгэгдсэнээс хойш 20 хонож байгаа ч нас барсан тохиолдол гараагүй нь сайшаалтай. Энэ бүх эерэг үр дагавар нь Засгийн газар, Улсын онцгой комисс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ эртнээс сайн зохион байгуулсантай холбоотой. Төр засгийн зүгээс түргэн шуурхайн шийдвэр гаргаж, удирдлагаар ханган ажиллаж байгаа ч түүнийг нь хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид тэднээс ч илүү гавьяатай. Эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнуудын энэ цагийн эгэл баатруудаар тодорч, ард иргэдийнхээ талархлыг хүлээж байна. Тэдний төлөөлөл болсон баатруудыг онцоллоо.

Коронавирус илэрсэн иргэд болон сэжигтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж байна. Үүнтэй холбоотойгоор тус төвд хөл хорио тогтоож цагдаагийн албан хаагчид 24 цагийн турш хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй. Цагдаагийн албан хаагчид зөвхөн энд бус олон газар коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа. Хот хоорондын замын хөдөлгөөнийг хаахад улс орон даяар олон цагдаа гадаа гандаж, хөдөө хөхөрсөн. Хасах 20-30 хэмийн хүйтэнд зам сахиж хононо гэдэг амаргүй. Ийнхүү унтах нойр, амрах цагаа хугаслан байж үүрэг гүйцэтгэж буй цагдаа нарын нэг нь ЦЕГ-ын Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл хамгаалалтын цагдаа, ахлагч Б.Чинбат. Тэрээр ХӨСҮТ-ийн гадаа үүрэг гүйцэтгэж байгаа юм. Цагдаа цагийн найз бус мөнхийн хамгаалагч гэдгийг түүний ярианаас ойлгоно гэж найдаж байна.

Цагдаагийн албан хаагчид ямар ч нөхцөлд ажиллахад бэлэн байдаг учраас энэ аюулт өвчний эсрэг хамгаалалтад гарахад сэтгэл зүйн хувьд бэлэн байсан. Гэхдээ гэр бүлтэй, гурван хүүхдийн аав хүний хувьд дэлхий нийтийг хамарсан энэ өвчнөөс айж эмээх мэдрэмж төрөлгүй яахав. Энд ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхэнтэй манай Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн удирдлагууд, эмч нар уулзаж заавар зөвлөгөө өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Ар гэрийнхэн маань миний ажлыг мэддэг, ойлгодог учраас энэ халдвартай бүсэд ажиллана гэдгийг ойлгож хүлээж авсан.

Манай улс харьцангуй гайгүй байгаа ч бид яг халдварын голомт болсон хэсэгт ажиллаж байна. Ингэлээ гээд ард иргэдээ айдаст автуулж болохгүй учраас хувь хүнийхээ дотоод айдсыг огт ил гаргадаггүй. Бид өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас хойш ХӨСҮТ-д 14 хоногоор ээлжлэн ажиллаж байна. Нэг ээлжид 15 хүн ажиллаж байна. 14 хоногийн хугацаанд энэ 15 хүн гэртээ харихгүй, эндээ байрлана гэсэн үг. ЦЕГ- аас бидэнд зориулж тусгайлан тоноглосон машин тавьж өгсөн. Хээрийн штабын зориулалтаар ашигладаг, дотроо ор, гал тогоо, амралтын өрөөтэй машин байдаг юм. Гэхдээ энд үүрэг гүйцэтгэж байгаа бүх албан хаагч ороод амрах боломжгүй. Тиймээс тодорхой хуваарийн дагуу машиндаа ороод унтаж амардаг. Бидний хамгаалах хувцас хэрэглэл, хоол хүнсний хангамж ямар ч асуудалгүй сайн байгаа. Энэ аюулт өвчний ард гарсан цагт ажил мэргэжлээрээ бахархах хүмүүсийн нэг нь цагдаагийн албан хаагчид. Тиймээс ард иргэдийнхээ төлөө энэ аюулт өвчний эсрэг ажиллаж байгаагаараа бахархаж байна. Бидний үүрэг бол хорио цээрийн дэглэм тогтоосон ХӨСҮТ-ийн гадна 24 цагийн турш байрлаж дотогш нь хүн нэвтрүүлэхгүй байх. Онцын шаардлагатай болон эмнэлгийн ажилчдын биеийн байцаалтыг шалгаад нэвтрүүлж байгаа. Анх эмнэлэгт байгаа хүнээ эргэх гээд ирж байгаа зарим хүн энэ хэчнээн аюултай өвчин болохыг ойлгохгүй байсан. Харин одоо иргэд маань тодорхой ойлголттой болсон нь анзаарагдаж байна. Цагдаагийн албан хаагчид, эмнэлгийн байгууллагын ажилчдын тавьж байгаа шаардлагыг ойлгож хүлээж авдаг болсон нь сайшаалтай. Дэлхийн хэмжээнд тарсан энэ цар тахлаас урьдчилан сэргийлэх боломж манай ард иргэдийн өөрсдийнх нь гарт байна. Мэргэжлийн байгууллагуудаас тавьж байгаа шаардлагыг сайтар мөрдөхөд л болно. Энэ бүх шаардлага, зөвлөмж чинь тодорхой судалгааны үндэслэлтэй юм шүү дээ. Бид ард иргэдээ хамгаалах үүрэгтэй ч иргэд маань бас иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй.