Гаалийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “Монгол Улсын гадаад худалдааны 2020 оны нэгдүгээр улирлын мэдээгээр нийт 1 тэрбум 139.6 сая ам.долларын экспорт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 34.4 хувиар буураад байна. Учир нь дэлхий дахинаа COVID-19 халдварын тархалтын улмаас хорио цээр тогтоож, автомашинаар эрдэс бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой юм. Энэ долоо хоногоос нүүрс болон зэсийн баяжмалыг автомашинаар экспортлох үйл ажиллагаа эхлүүлээд байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор өдөрт 30 орчим машин, Шивээхүрэн боомтоор 30-40 машин нүүрс экспортолж байна. Энэ оны эхний гурван сард нүүрс 3 сая 104 мянган тонныг импортолж, өмнөх оныхоос 59.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Цаашид хилээр нүүрсний экспорт нэмэгдэх хандлагатай байгаа. Зэсийн баяжмалын хувьд 306 мянган тонныг экспортолсон бөгөөд өмнөх оныхоос 15 хувиар бууралттай гарсан.

Харин импортын хувьд нэгдүгээр улирлын байдлаар 1 тэрбум 211.1 сая ам.долларын импорт хийсэн. Энэ тоо нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 11.2 хувиар буурсан. Гол импортын бууруултыг эзэлж байгаа бүтээгдэхүүнд машины тоног төхөөрөмж, эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа бол зарим нэг хүнсний бүтээгдэхүүний импорт бага зэргээр буурчээ. Харин гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импорт харьцангуй тогтвортой байна. Мөн суудлын авто машины импорт 26 хувиар, дизель бинзений импорт бага зэргийн хувиар бууралттай гарсан” гэв.

Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар “Энэ оны эхний гурван сард нийтдээ 210 удаагийн зөрчлийг илрүүлсэн. Дээрх зөрчлүүдэд 271.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Зонхилон гарч буй зөрчил гэвэл, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа эд зүйл болох түүх соёлын дурсгал, алт, мөнгө, валютын зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна.

Жишээлбэл, гуравдугаар сарын 3-ны өдөр Канад улсын иргэн хилээр буюу “Буянт-Ухаа” боомтоор гарах үедээ 31.3 грамм 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт байж болзошгүй шар өнгийн металийг нэвтрүүлэхийг завдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна" гэлээ.