1075 хүн тусгаарлах байрнаас гарчээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 1075 хүн тусгаарлах байрнаас гарсан. Одоогоор 616 иргэн гэрээр хяналтад байна. Шуурхай штабаас нэр хаяг, байрлах хаягуудыг сум, хорооны ажилтнуудад шилжүүлсэн. Олон нийтийн хүч хөдөлмөрөөр хяналтыг хийж байгаа.

Тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах байруудыг бэлтгэж байна. Хүрэлцээ, хангамж тун хүнд байна. Томоохон зочид буудлуудын удирдлагатай уулзсан. Гэхдээ тодорхой асуудлууд дээр тохиролцож чадаагүй тул зарим нь татгалзсан. Ойрын хугацаанд тусгай үүргийн хоёр онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлах байрыг тодорхой нэрлэх боломжгүй байна" гэлээ.

Мөн орон нутгаас Улаанбаатарт ирж тусгаарлагдсан хүмүүст Шуурхай штабаас хувийн машинаар гэр лүүгээ буцахыг зөвлөж, тусгаарлалтаас гарах хоногоо тооцон, хувийн зохион байгуулалтаа хийх хэрэгтэйг санууллаа.