Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг " Дөрөвдүгээр сарын 2-нд Япон, БНСУ-аас монгол иргэдээ авчрах бэлтгэл хангагдаж байна. Сөүлээс ирэх 251, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан. Японы Засгийн газар ойрын хугацаанд гадаадын иргэдийг нэвтрүүлэхтэй холбоотой шинэ журам гаргахаа мэдэгдсэн тул Сөүл, Токио руу үйлдэх нислэгт өөрчлөлт орох магадлалтай.Өнөөдөртөө багтаад Токиогийн нислэг хэзээ хийгдэх талаар мэдээлнэ. Харин Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд анхааруулах зүйл байна.Зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суудаг, гурван сараас дээш визтэй иргэдийг тусгай нислэгт явуулна. Тус улс богино хугацааны визтэй иргэдийг хүлээн авахгүй, хил дээр хүндрэл үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Дор хаяж гурван сар буцаж ирэхгүй гэсэн нотолгоог нь МИАТ компани авч байгаа. Мөн БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжсэн гэдгийг сануулья" гэв.