Сонгуулийн зардал, мөрийн хөтөлбөрт аудит хийхээ болино

УИХ-ын Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө гуравдугаар сарын 27-нд өргөн барьсан. Аудит бол төрийн өөрийнх нь хамгийн том хяналт. Төрийн аудитын байгууллага эрх баригчдын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Үндэсний аудитын газрын дарга буюу Монгол Улсын ерөнхий аудиторын үйл ажиллагаанд ҮАБЗ-ийн дарга, УИХ-аас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих үүрэг даалгавар өгөхийг хориглодог. Үүнээс төрийн аудит нь ямар том эрх мэдэлтэй, хараат бус байгууллага болох нь харагдана. Энэ ч утгаараа Үндэсний аудитын газрын даргыг УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилох бөгөөд нэг удаа улираан томилж болох зохицуулалттай явж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд Засгийн газар солигдох бүрд Үндэсний аудитын газрын дарга солигддог бичигдээгүй хууль үйлчилж байна. Товчхондоо үйл ажиллагаа хянуулах ёстой төр засаг нь эсрэгээрээ даргыг нь хянаж өөртөө ашигтайгаар ажиллуулдаг болсон гэсэн үг. Харин УИХ өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт оруулсан юм. Үүний дагуу Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Мөн анх 2003 онд баталсан уг хуульд өнгөрсөн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулах явцад анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан нь шинэчлэн найруулах шалтгаан болжээ. Эдгээр шалтгаанаар Төрийн аудитын тухай хуульд хэрхэн “аудит хийж” байгааг танилцуулъя.

Ганцхан ерөнхий аудитор л бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллажээ

Төрийн аудитын дээд байгууллага Үндэсний аудитын газрын томилгоо зургаан жилийн хугацаатай байдаг ч энэхүү томилгоонд улс төрийн зорилгоор хандах болсон гэдгийг дээр дурдсан. Төрийн аудитын тухай хуулийг 2003 онд батлагдсанаас хойш нэг л ерөнхий аудитор 6 жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллажээ. Бусад нь бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, нэг ерөнхий аудиторын ажилласан бүрэн эрхийн хугацааны дундаж 2.6 жил байна. УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дараа ерөнхий аудиторыг бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлж байсан бөгөөд энэ тохиолдол нь 2016 оны сонгуулийн дараа ч мөн адил давтагдсан юм. Ерөнхий аудиторыг улс төрийн зорилгоор хугацаанаас нь өмнө ийнхүү огцруулах, чөлөөлөх асуудал гаргахгүй байх зохицуулалтыг Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.

Мөн ерөнхий аудиторыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хориглох юм байна.

Аудитын байгууллага юунд аудит хийхээ өөрөө сонгодог болно

Үндэсний аудитын газраас жил бүр аудит хийх сэдвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос эцэслэн баталдаг. Гэхдээ Үндэсний аудитын газрын боловсруулсан сэдвийн нэрийг өөрчлөх, нэмэх, хасах талаар одоогийн хуульд нарийвчлан зохицуулалт байхгүй. Үүний улмаас  Төсвийн байнгын хороо хүний болон санхүүгийн нөөц, хугацааг бодитой төлөвлөж, тооцолгүйгээр шинээр сэдэв нэмэх, аудитын сэдвийн хамрах хүрээг өргөтгөх, багасгах тохиолдол гардаг байна. Ингэснээр төрийн аудитын байгууллага өөрөө аудит хийх сэдвээ судалж, эрсдэл, чанараа тооцоолж, үр ашигтайгаар аудит хийх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж төсөв, санхүү, хүний нөөцийн хувьд хүндрэл үүсгэдэг аж. Тиймээс Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн аудитын байгууллага аудит хийх сэдвээ өөрөө чөлөөтэй сонгох эрхтэй байхаар зохицуулжээ.

ҮАГ хамгийн сүүлийн удаа нам, эвслийн мөрийн хөтөлбөрт аудит хийж байгаа юу?

Төрийн аудитын байгууллага бүх шатны сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардалд болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийдэг. Үүний дагуу яг одоо Үндэсний аудитын газар 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж байгаа. Гэвч энэхүү зохицуулалт нь Төрийн аудитын тухай хуулийг анх баталсан хуулийн үзэл баримтлал, зорилготой нийцээгүй, төрийн аудитын байгууллагыг улс төрийн шинжтэй харилцаа, маргаанд татан оруулах эрсдэл бий болгож, төрийн аудитын байгууллагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна гэж үзжээ. Тиймээс Төрийн аудитын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардал, мөрийн хөтөлбөрт аудит хийх зохицуулалтыг хасжээ. УИХ хэрэв энэ хэвээр нь баталбал Үндэсний аудитын газар хамгийн сүүлийн удаа нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж байгаа болж таарах нь.

Аудитор нь шалгуулагч этгээдийн агуулах, өрөө, сейфийг битүүмжлэх эрхтэй

Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг нэмэгдүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд нэлээд хэдэн янзаар тусгажээ. Тухайлбал, аудитын байгууллагын албан хаагч шалгагдагч этгээдийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэх, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг болон бусад эд зүйлстэй үнэ төлбөргүй танилцах, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн санд нэвтрэх, цахим мэдээлэл, баримт бичигтэй танилцах, уг мэдээлэл, баримт бичгийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах, тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж хариулт авах, шаардлагатай тохиолдолд мэдээлэл, баримт бичгийг хамгаалах зорилгоор агуулах, өрөө, сейфийг түр хугацаагаар битүүмжлэх эрхтэй болох аж. Энэ мэт зохицуулалт бүхий Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аудитын байгууллагын үйл ажиллагаа үр дүнтэй, хараат бус, бие даасан, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгаа хангагдана гэж үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)