Үнэнийг шийтгэх ёсгүй

Нэг өдөр би хашаандаа тоглож байлаа. Тэгэхэд би тав, зургаан настай байсан. Аав маань манайх руу ирж яваа хүнийг хараад намайг дуудаж:

- Тэр хүнтэй аав нь уулзмааргүй байна. Цаг үрээд, намайг ёстой залхааж өгдөг юм. Ажилтай байна гэсэн ч тоохгүй. Гадуур гарах гэсэн юм гэвэл хамт явангаа хөөрөлдье гэнэ. Үнэн хэрэгтээ хөөрөлдөөн байхгүй, ганц хүний л эцэс төгсгөлгүй чалчаа байдаг. Аав нь гэртээ шалавхан оръё. Чи наанаа тоглоод байж бай. Намайг асуувал гадуур яваа гээд хэлчихээрэй гэв.

Аав надад “Худлаа ярьж болохгүй” гэж байнга сургамжилдаг мөртлөө ийм авир гаргаж байгаад нь би их цочирдсон. Урилгагүй зочин над дээр ирж:

- Аав чинь байна уу? гэж асуулаа.

- Уул нь дотор байгаа. Гэхдээ өөрийгөө гадуур яваа гэж хэлээрэй гэсэн. 

Аав миний үгийг гэр дотроосоо сонсжээ. Нөгөө хүн намайг дагуулан гэрт ороход хүний өмнө аав юу ч хэлж чадсангүй. Хоёр, гурван цаг болоод нөгөө хүнийг явсны дараа аав тэр хүнд биш, надад уурлав. 

- Би чамд намайг гадуур яваа гэж хэлээрэй гэсэн биз дээ? 

- Би яг тэгж хэлсэн: “Уул нь дотор байгаа. Гэхдээ өөрийгөө гадуур яваа гэж хэлээрэй гэсэн.” Та надад ямар ч тохиолдолд үнэнийг хэлж бай гэж сургадаг. Одоо намайг шийтгэвэл ч шийтгэ. Гэхдээ үнэнийг шийтгэвэл үнэн сөнөнө гэдгийг санаарай. Үнэнийг зөвхөн шагнах учиртай. Надад хэрвээ шагнал хүртээвэл би цаашдаа юунаас ч айхгүй үнэнийг ярьсаар байх болно... гэхэд минь аав над руу ширтэж байснаа:

- Чи ч сэргэлэн толгой юм аа гэв.

- Та угаасаа мэднэ шүү дээ. Сая үнэнийг хэлсний төлөө шагналаа авъя гэхэд аав миний гарыг жаал зугаа бэлгээр цайлгаад өнгөрч билээ.

Та миний зүрхийг хулгайлчихлаа

Зэн багшийн өрөөнд нэгэн хулгайч нэвтэрчээ. Багш түүнд саад болсонгүй, харин ч эрэлд нь тусалж, хэрэгтэй зүйлсийг санал болгов. Өөрийг нь дээрэмдэж байхад тусалж байдаг ийм хачин хүнтэй таарсандаа хулгайч гайхжээ. Ажлаа гүйцээгээд гарах гэхэд нь багш түүнийг дуудаж:

- Чи ядаж баярлалаа гэж хэлчихээд гараач гэхэд хулгайч эр зугтахын түүс болж ёс үзүүлээд талийв. 

Мань хулгайч төд удалгүй цагдаад баригджээ. Зэн багшийг гэрчээр дуудахад,

- Энэ хүн хулгай хийгээгүй ээ. Эд юмсыг би өөрөө түүнд бэлэглэсэн, харин тэр талархаад гарсан шүү дээ гэж хэлсэн тул хулгайч суллагдлаа. Тэрээр багшийг даган явахад,

- Чи хаачих гээв? Надаас дахиад юм авах гэж байгаа бол хэдэн өдрийн чөлөө өг гэж багш хэлэв. 

- Би таныг үргэлж дагана. Та л өөрөө миний зүрхийг хулгайлчихлаа гэж нөгөө залуу өчжээ. 

Чин итгэлтэй хүнийг хэн ч мэхэлж чадахгүй. Ямар ч тохиолдолд түүний зүрхнээс хайрын булаг ундарсаар байна. Итгэл бол хамгийн эрхэм чанар. Итгэлээр дүүрсэн үедээ л хүн гэгээн болдог.

- Ошо “Дусалд ууссан далай” 

(АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал -19)