Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор бараг дэлхий даяар олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа билээ. Үнэхээр ч эрүүл мэндийн салбар, онцгой байдлын алба, цэрэг цагдаа, хүчний байгууллагаас бусад салбарын ажил тодорхой хэмжээнд тасалдаад байна. Тэр дундаа спорт, урлагийн салбар бараг тэг зогсолт хийж буй. Үйл ажиллагаа нь олон нийтийг заавал хамрах учиртай байдаг салбаруудад өнгөрсөн хоёр сарын хугацаанд юу болов, ямар, ямар том үйл явдлууд хойшлогдож, цуцлагдсан талаарх мэдээллийг хүргэе.

Спорт

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн нэг жилээр хойшилсон нь одоогоор спортын салбарын хамгийн том алдагдал болоод байна. Энэ жил ЕХХ-ны түүхт ой тул тивийн аварга найман улсын 12 хотод зохион байгуулахаар төлөвлөсөн нь ийнхүү бүтэхгүй болсон. Үүнийг дагаад санхүүгийн асар том боломж үгүй болсон байна. 2016 онд Франц улс тивийн АШТ-ийг зохиогоод 1.3 тэрбум еврогийн ашиг болж байсан. Тивийн АШТ хугацаандаа зохион байгуулагдсан бол хүлээж авах улсуудын үйлчилгээний салбар коронавирусийн хорио цээрээс болж алдсан мөнгөө бага ч гэсэн нөхөх боломжтой байсан юм.

Хамгийн том нь ЕАШТ болохоос биш дэлхий даяар хөлбөмбөгийн тэмцээн уралдаанууд бараг бүгд зогсоод буй. Европын “топ 5” гэгддэг Итали, Испани, Англи, Герман, Францын АШТ зогссон. Үргэлжүүлэх үү, шууд зогсоох уу гэдэг дээр улс бүрт хуваагдмал байр суурь гарч буй. Английн хувьд ирэх сарын 30-ныг хүртэл зогсоосон ч хөлбөмбөгчид нь улирлыг дуусгахад буруудахгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Харин авааргын хувь заяа тодорхойгүй, тэргүүлэгчдийн өрсөлдөөн ширүүн байгаа Испани лигээ зун үргэлжлүүлэхээр ЕХХ-той тохиролцсон гэнэ. Италийн Спортын сайд Винченцо Спадафор хөлбөмбөгийн тэмцээнүүдийг тавдугаар сараас үргэлжлүүлж дуусгах боломж гарна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн нь тус тивийн бүх улсуудын байр суурь гэж ойлгоход болох мэт.

Европын хөлбөмбөгийн холбоо “Аваргуудын лиг”, Европа лиг гэсэн хоёр гол тэмцээнээс гадна 21 хүртэлх насны ЕАШТ-ий урьчилсан шатны тоглолтуудыг мөн зогсоогоод байна.

Өмнөд Америкт ирэх зургаа, долдугаар сард Аргентин, Чилид болох байсан Америкийн цом тэмцээнийг цуцалжээ.

Африк тивийн хувьд 2021 онд болох Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээнийхээ сонгон шалгаруулалтыг зогсоогоод байна.

Ази тивд хэд, хэдэн улс АШТ-ээ зогсоосон бол тивийн хөлбөмбөгийн холбоо “Аваргуудын лиг”-ийн тэмцээнийг зогсоосон. ДАШТ-ий сорилгын тоглолтууд цуцлагдаад явж байна.

Авто уралдааны “Формула 1” ангиллын ДАШТ-ий нэг ч гараа болоогүй хэвээр. Австралид болох байсан гараа нисэгчээс коронавирусийн халдвар илэрсэн учир хойшлогдсон бол Европт болох байсан гурван гараа (Недерланд, Испани, Монако) мөн цуцлагдаад байна.

Хойд Америкийн байдал ч Европтой ижил, сагсанбөмбөг, хоккейн тэргүүлэх лигүүд зогссон, Канадад болох ёстой байсан Уран гулгалтын ДАШТ, цанын Дэлхийн цомын гараанууд явагдаагүй.

Коронавирусийн халдварын нөлөө зургадугаар сар хүртэл арилахгүй гэдгийг харуулах үйл явцууд энэ салбарт мөн өрнөж байна. Тухайлбал, мэргэжлийн боксын IBF, WBO, WBA, IBO холбооны аварга Энтони Жошуа Болгарын Кубрат Пулевтай зургадугаар сарын 20-нд тулалдах байснаа цуцалсан байна.

ОУОХ энэ долоо хоногт шийдвэрээ гаргаж "Токио-2020" зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах боллоо.

Урлаг, соёл

Спортоос гадна хамгийн их хохирол амсаж байгаа салбар бол соёл урлаг. Коронавирусээс болж театр, музейнүүд хаалгаа бариад байгаа. Мөн хүмүүсийн хүсч, хүлээж байсан тоглолтууд цуцлагдаж байна.

БНСУ-ын алдарт хамтлаг BTS ирэх сарын 11-нээс дэлхий тойрон тоглолт хийх байсан ч улс нь өвчний голомт болсон тул цуцалжээ.

Британийн рэппер Stormzy, АНУ-ын рок хамтлаг “Green Day” Азид хийх аялан тоглолтоо хойшлуулсан байна.

АНУ-д болдог “Coachella”, “Stage­coach”, “South By Southwest” зэрэг хөгжмийн фестивалиуд бүгд цуцлагдсан. Пол Маккартни, Тэйлор Свифт, Кендрик Ламар нарын супер одууд оролцоно хэмээн зар тараагаад байсан Английн “Glastonbury” хөгжмийн наадам мөн цуцлагджээ.

Африкийн урлагийн хамгийн том үйл явдлын нэг, ӨАБНУ-д болдог “Afrika­burn”, Европын хөгжмийн фестиваль “Евровишн 2020” бас хугацаандаа явагдаж чадахгүйд хүрсэн. “Форбс” сэтгүүлийн тооцоолсноор, хөгжмийн урлагийн салбар одоогийн байдлаар таван тэрбум ам.долларын алдагдалд ороод байгаа ажээ. Үүн дээр кино урлагийн салбарыг нэмбэл алдагдал бүр ч ихсэх нь тодорхой. Хойд Америкт, ер нь Хойд Америк гэлтгүй дэлхийн улсуудад шинэ киног тодорхой хугацаанд театруудаар гаргаад прокатад шилжүүлдэг. Одоо кино театрууд хаагдсан, орлого ашиг маш муу байгаа учраас хүлээлт үүсгэсэн бүтээлүүд нээлтээ хойшлуулж байна. Жеймс Бондын ээлжит адал явдлыг өгүүлэх “Үхэх цаг биш”, “Чимээгүй газар 2”, “Мулан” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар нээлтээ хойшлуулжээ.

Хурал цуглаан, баяр ёслол

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор баяр ёслолыг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлдэг жишиг тогтоод байна. Тэр бүү хэл шашны баярууд ч энэ жишгийг дагах байдал үүсч магадгүй болжээ. Жишээ нь католик шашинтнуудын зорьж очдог Гэгээн Петрийн талбайд цуглахыг Итали улс хатуу хориглосон бол Саудын Араб дахь Меккад лалын мөргөлчид энэ жил цуглахгүй байж магадгүй байна. Меккад өнгөрсөн жил гэхэд хоёр сая сүсэгтэн ирж байсан тул энэ жил энэ хэмжээний хүн цуглавал вирусийн дэгдэлт туйлдаа хүрэх эрсдэлтэй юм. Гэхдээ Саудын Арабын эрх баригчид энэ талаар тодорхой шийд гаргаагүй л байна.

Меккад болдог цуглаан хэзээ ч цуцлагдаж байгаагүй бөгөөд дэлхий даяар 100 сая хүн нас барсан испани ханиад дэгдсэн 1919 онд ч болж л байв.

Саудын Араб Хадж хэмээх энэ үйл явдлаас 12 тэрбум ам.долларын ашиг олдог гэнэ.

Шашны том баяруудаас гадна дэлхий даяар олон улсын хурал цуглаанууд цуцлагдсаар буй.

Испанийн Барселонад болохдоо 14 000 ажлын байр бий болгодог Mobile World Congress хэмээх том хурал цуцлагдсан. Хамгийн сүүлд, энэ сарын 13-нд Нью- Йоркод коронавирустэй тэмцэх асуудлаар болох байсан олон улсын хурал коронавирусийн дэгдэлтээс сэргийлж тогтоосон хорио цээрийн дэглэмээс болж цуцлагджээ.