ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр үдэш коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан ард түмэндээ хандан үг хэлжээ. Түүний зарлигаар ирэх долоо хоногийг улс даяар ажлын бус өдрөөр зарлаж байна. Энэ өдрүүдэд цалин болон бусад хангамжийг хэвээр хадгалж зөвхөн эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, банк, нийтийн тээвэр, төрийн алба ажиллах юм.
Мөн дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулах Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалтыг хойшлуулж байна.
Ирэх зургаан сарын хугацаанд иргэдийн зээл төлөлтөд уян хатан хандана. Ялангуяа орон сууцны зээлтэй ч хямралын хугацаанд орлого тасалдаж хүнд байдал орсноо бичгээр нотолсон тохиолдолд зээлийг түр царцаах аж. Ажилгүйдлийн тэтгэмж одоогоор тус улсад 8000 рубль байгааг 12 мянга болгон нэмэгдүүлж байна.
Хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор дараагийн гурван сард, жирэмсний дөрвөн сартайгаас эхлэн гурван нас хүртэлх хүүхэдтэй өрхөд хүүхдийн тоогоор сар бүр таван мянган рублийн тэтгэмж олгоно. Харин гурваас долоо хүртэлх насны хүүхэдтэй өрхөд олгох тэтгэмжийг долоодугаар сараас олгохоор зохицуулжээ.
Тэрчлэн Ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчид болон тэдний гэр бүлд тавдугаар сараас өмнө 50-75 мянган рубль олгох болжээ.
Онцгой нөхцөл байдлын үед ард иргэдийг эмч мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдын заавар зөвөлгөөг ягштал дагаж, эрүүл мэнддээ анхааран аль болох гэрээсээ гарахыг байхыг тэрээр уриаллаа.