Хөл хорионы үед унших шинэ детектив зохиолууд
Шерлок Холмсын адал явдал, Агата Кристи хатагтайн уран сэтгэмж, Жеймс Хедли Чейзийн улигт зохиолуудаар та адал явдалт, детектив зохиолыг төсөөлдөг байж магадгүй. Тэгвэл эндүүрч байна. Сүүлийн хэдэн жилийн туршид уран зохиолын салбарт мөрдлөгийн түүх тэргүүлэгч жанрын нэг болсон. Хөл хорионы дэглэм ороод буй дэлхий ертөнц ямар ном уншиж байгааг танилцуулья.
1. "A Nearly Normal Family", Маттиас Эдвардссон
Матиас Эдвардсоны уг зохиол эхэндээ жирийн л гэр бүлийн түүх мэт санагдана. Халамжит эцэг-санваартан, чинээлэг ээж-хуульч, найрсаг нийтэч тэдний цорын ганц охин. Ийнхүү тэд Стелла охиноо аллагын хэрэгт буруутгагдах хүртэл 19 жил амар тайван амьдарч байв. Мөрдөн байцаалт эхэлж, цагдаа нар аллагын гэрчийг хайж эхэлнэ. Аажмаар, гэмт үйлдлийн бүх зураг тодорхой болно. Энгийн тайван гэр бүлийн цаана охины гунигт амьдрал нуугдах ажээ. Стелла ээжийн хайрыг огт мэддэггүй байв. Тэр охиныхоо хамгийн сайн найз Аминыг илүү их хайрладаг байлаа. Цаашлаад Стелла аллагын хохирогч болсон эртэй яаж танилцсанаа хэрхэн тайлбарлах бол ?
2. "The Disappearance of Stephanie Mailer", Жоэль Диккер
1994 он. Нью Йоркийн ойролцоох нэгэн жижиг хотод дөрвөн хүн амиа алджээ. Залуу мөрдөгч Жесси Розенберг, Дерек Скотт нар мөрдөн байцаалт явуулах боловч гэмт хэрэг үйлдсэн этгээд эмгэнэлтэйгээр амиа алдсан тул хэрэг хаагдав.
2014 он. Хорин жилийн өмнө гарсан хэргийн мөрөөр сэтгүүлч Стефани Мэйлер орлоо. Эргэлзээ, таамаг бүрийг мухарлаж, хэргийн үнэн мөнийг олох учиртайг Розенберг, Скотт нар ойлгоно.
3. "Killing Eve", Люк Женингс
Эва Поластри бол Их Британийн тагнуулч . Ихэнх тусгай агентуудаас ялгаатай нь Ева хөлөөрөө шилэн цонх хагалж, шөнийн цагаар латекс костюмтай тэнгэр баганадсан байшингийн дээврээр гүйдэггүй. Тэр бас арван хэл мэдэхгүй. Ева профессор нөхрөө ажлын бүсгүйчүүлтэй нь харддаг жирийн л нэг эмэгтэй. Түүнд нэг л давуу тал байсан нь санаандгүй тохиолоор алуурчин эмэгтэйтэй танилцсан байдаг. Залуу, үзэсгэлэнтэй ч хэрцгий Вилланелле бүсгүй Евад сэтгэл татагдана ...
Энэ түүхээр HBO ижил нэрт цуврал бүтээж Сандра О, Жоди Комер нар гол дүрд нь тоглоод буй. Гэхдээ дөнгөж хоёр улирал гарсан тул та номноос цааш үргэлжлэх илүү адармаатай түүхийг олж унших болно.
4. "The Chestnut Man", Сорен Свейструп
Тайван, амгалан Копенгаген хотноо алдартай улс төрч эмэгтэйн охин гэнэт алга болжээ. Охиныг удаан хугацааны туршид хайгаад олоогүй ч энэ явдалд хэн буруутайг олж тогтооно. Нэгэн эр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч ял эдэлсэн тул охиныг нас барсан тооцов ... Жилийн дараа өөр нэг цуст гэмт хэрэг үйлдэгдэв. Хэргийн газар дээрээс олдсон туулайн бөөр модоор хийсэн эр хүний дүрсэн дээрээс өнөөх охины хурууны хээг олно.
Энэ ном хожим нэр алдарт хүрээд буй Данийн зохиолч Сорен Свейструпын анхны ном.
5. "Rhythm section", Марк Бернелл
Стефани гэр бүлийнхээ хамт онгоцоор нисэх учиртай байв. Санамсаргүй тохиолоор Стефани гэртээ үлдэж харин гэр бүл нь онгоцны ослоор өөд болно. Хувь заяаны аймшигтай цохилтыг даван туулах гэж шаналахдаа бүсгүй аажмаар осол санамсаргүй зүйл биш гэдгийг олж мэднэ. Одоо түүнд шинэ зорилго бий. Энэ бол өшөө авалт.
Энэ түүхээр найруулагч Рид Морано ижил нэртэй кино бүтээж Блэйк Ливли гол дүрд нь тогложээ. Вирусийн тархалтаас шалтгаалж киноны албан ёсны нээлт хойшилсон тул попкорн худалдаж авахаасаа өмнө номоо уншаарай.